Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг, Чулуут голын гүүрээс урдхантаа цэнхэрлэн харагдах нэгэн хаваржаа бол Монголын 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн унасан газар Толгойн гууны хаваржаа юм. Ч.Мягмарсүрэн нь “Тэнгэрийн цэнхэр морьд”, “Бодь сэтгэл”, “Аргалын гал” зэрэг ном хэвлүүлж уран зохиолын түүхэнд өөрийн өнгө төрхийг тодорхойлсон “Сумын заан “Байрны хүүхэд” шүлгээрээ нэрд гарсан яруу найрагч билээ. "Жимсэнд явсан өдөр", “Бүсгүй ааль”, “Үнэний хорвоо”, “Намар оройн бороо” зэрэг ард түмний аялан дуулах дуртай дууны үгс түүнийх. Архангай аймгийн “Хан Тамир” утга зохиолын нэгдлээс зохион байгуулдаг “Хангайн цом-2019” яруу найргийн наадам өнгөрөгч сарын 28-нд Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болж, ийнхүү наадамд өнгөлсөн шандаст шигшмэл таван шүлгийг онцлон хүргэж байна.
Яруу найрагч Д.Цогбадрах (тэргүүн байр)
“Халамцуу үеийн таталбар”
Өвдгөө халцалж, шүд зуун сөрсөн
Өдөр шөнийн бор хоногт өнгө засах
Давсалж шарсан махны даруулга болмоор
Дарийн утаа үнэртсэн сайхан хүүхнүүд
Домбон сартай голоор морин тэрэг гатлах шиг
Дорнын мөнгөн харгиа нүднээс нь сонстох
Хойно урдаас бууны ам шиг шагайсан
Хонин нүдэн цэцэг мэт сайхан хүүхнүүд
Даанч би тэдэнтэй яриа хөөрөө нийлэхгүй
Дасаж хайрласан чамдаа л зорьдог болохоор
Дарга, цэрэггүй араас нь өнгөлзөх хүүхнүүдийн дэргэдүүр
Далдын хар малгайт шиг хоохолзож өнгөрнөм
Цахилгаан гүйдэл хүмүүсийн биеэр урссан
Цаг үеэ ч алдаа, новш гэж
Дээрээс хэн нэгэн өнгийн харах шиг
Дэлхийн бөмбөрцгөө нэг сайн өшиглөөд хаях юм сан.
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Э.Гантулга (дэд байр)
“Уулын намар”
Гоо үзэмжийг ачаалж цувах үхэр тэрэгнүүд
Гол гатлах хагалбар мөрөө чирсээр эргээс алсрахуй
Дэвтэж ханасан мөрний цөмөрч чахрах чимээг
Дэлхий өвсөндөө шингээж уулс руу хүргэмүй
Сэлмэн эвэртээ манан сэжилсэн бүдүүн шарууд
Сэтгэлийн цоргоор модчин эрсийн гунигийг асгахуй
Гуалин чирсээр намрыг уруудах өндрийн жимийг
Гуу жалгатай нь сэлт дайрсан шаргал тэнгэр мэдмүй
Цаснаас наана өвлийг ичээх аадрын үүлс
Цацагт сүүлээр уулын далыг намин шавхрахуй
Хамартаа дөртэй улаан гунуудын ахуй биеэс
Хад чулуу гоо үзэмжтэйгээр нуран урсмуй.
Яруу найрагч Т.Амар-Амгалан (гуравдугаар байр)
“Бага нас минь минийх биш байлаа”
Бага нас минь минийх биш байлаа
Баахан одны туяа ижий минь байлаа
Баян хүн, ядуу хүн аль аль нь би байлаа
Багад, жижиг биед том зүрхтэй явлаа
Баруун зүг ижийн минь сураг байлаа
Байгаа бүхэн минь хүлээлт байлаа
Бороо, харин урсдаг шат байлаа
Баахан гомдол, бороо даанч урууддаг шат байлаа
Тэнгэрт харин гэр орон минь
Тэмдэг төдий үзэгдэнэ
Сунан жирэлзэх зэрэглээ
Сувдан нулимсны цаана л
Тэнгэрийн тэртээх гэр орон минь харагдана
Зориг хүч минь харин минийх байлаа
Зожиг ганцаардмал зүрх минь ижийнх минь байлаа
Зовлон даанч багад таарч
Зогсоол дээрх хүлээлт бээрсэн ёлтгор гэрэл сэтгэл минь байлаа
Багад хүнээс том зүрхтэй явлаа
Бахдах юмгүй олон цоорхойтой явлаа
Бүрэг даруу гудамжны хүү
Бүүр эрт хүн мөрөөсөж явлаа
Бага нас минь
Хөгшин адууны нүд шиг
Хэтэрхий тунгалаг
Хэтэрхий гуниглуу явлаа
Хөвөх үүлс нүд рүү минь шургаад
Хөх хөх дусал унадаг
Бороотой өдрүүд байлаа
Хүүхэд нас минь!
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Жамбалдорж (дөрөвдүгээр байр)
“Агуйн гүнд нуусан бадаг”
Зэрлэг хүний үлдээсэн агуйд
Зээрийн арьс нөмрөөд сууж байхад
Дүнгэнэн дуугарах их нам гүмээс нь
Дүнчүүр маанийг сонсож болно
Ховлогны чулуу түүж ирээд
Хойд, урдахаа мэдэж болно
Салхин улин цуурайлах агуйн чимээ
Санаа бодол үймүүлсээр байдаг
Сансар гаргаас илгээсэн дохио
Сая сая жилээр нүд шиг бүлтийж байдаг
Зэргэлдээх ертөнц рүү цувсан тэмээд
Зэмлэл шиг чимээгүй байдаг
Зэрлэг хүний үлдээсэн агуйд
Зээрийн арьс нөмрөөд сууж болдог
Ууландаа мөргөөд амьдарч явахад
Уучилмаар өдрүүд олон ирдэг
Уртын дуу шиг уртуу салхийг
Уярмаар гоё уушгилж байдаг
Бурхны хөлтрөг шиг цагаан манан дунд
Будаа шиг олон морьд нисэлдэж байдаг
Буян нүглийг таньсан шувууд
Буцаж зүрхлэхгүй агуйд үлдсэн байдаг
Эртний хүний аялсан гунигт дуу
Эрин дамжин сонсогдсоор л байдаг
Тос даасан агуйн аман дотор
Торго дэвссэн мэт зөөлөн байдаг
Дэлхийн зүрхний цоорол шиг агуйн
Дэн гэрэл нь зүрх сэтгэл л байдаг
Тас бүргэд хоёр энүүхэнд эргэлдэж
Тахил өргөсөн янгирын эвэр л үлдсэн байдаг
Хүний үүсэл ханан дээр бичээтэй
Хүсэл сэрэл нь илхэнээрээ ч
Агуйн гүнээс олон нүд
Ажаад байх шиг нууцаараа
Огторгуйн догшин салхи
Одод хийсгэн хуйлруулж байх шиг
Түүдэг галын дэргэд олон хүн
Түжигнэлдсээр намжих шиг аниргүй
Дэлхийн нөгөө бөөрөнд хаялах
Далайн их шуугианыг дамжуулж байх шиг
Аварга загасны амьсгал дор
Ажиггүй суунам
Агуйн аман дээр суунам
Араа шүд шиг мөсөн унжлага ярзайна
Ай хөөрхий хүмүүн би жамын үүдэнд суунам
Аюулхай гэдэг бас нэгэн агуйдаа хайр тээнэм
Яруу найрагч Б.Хадбаатар (тавдугаар байр)
“Амьдрал бол миний ойлгосноор”
Амьдрал бол миний ойлгосноор
Зүүн тайгад амьдардаг цаатан охины мөрөөдөл юм
Зүтгүүрийн тэргэнд унтах нэгэн амьтны хувь заяа юм
Амьдрал бол миний ойлгосноор
Хорьдугаар зууны уран зураг шиг гэнэн найзын минь царай дээр
Хоёрхон дусал ойчин унах агшин юм
Хана хэрэм мэт хаанчлал тогтоосон
Хачин этгээд өвгөн зохиолчдын амны уншлага юм
Амьдрал бол миний ойлгосноор
Сургаал айлддаг шүлэгч багшийн минь
Сэтгэл хөдлөлийн аялгуу юм
Сүмийн оройг тэврэн унах
Өнчин тагтааны эрх чөлөө юм
Амьдрал бол миний ойлгосноор
Эмчийн үзлэгт орсон арван зургаатай охины сэтгэл зүй юм
Эмэгтэйлэг нүдээр харах нягтлан бодогчийн заль юм
Амьдрал бол миний ойлгосноор
Хөөрхөн дүү минь амтат зүүдэндээ санаа алдах
Бүлээн амьсгаа юм
Хөр цасан дунд яргуй нүдэлж, ямаа тургилах
Цаг зуурын төсөөлөл юм
Амьдрал бол миний ойлгосноор
Алган дотор минь хаврын цас
Хайлан орох гэрэлт бодлууд юм
Анхны хайраас минь захидал ирэх
Гэнэтийн явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )