ОЛОН ӨНГӨ: Ном

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Номон дотор зам бий гэж ярьдаг. Нээрээ л ном надад олон замыг зааж, туулуулж, чиглүүлж дээ. Номын хуудсыг нээх бүрд үнэртэх тэр үнэр, хуудас эргүүлэхэд шажигнах чимээ нь чихнээ хэчнээн тансаг гээч. Амьд байгааг минь, амьдрал үргэлжилж байгааг сануулах шиг...

Ном биднийг очиж үзээгүй газар, цоо шинэ ертөнцөөр аялуулж, уулзаж байгаагүй хүмүүстэй учруулж, ирээдүй, өнгөрсөн цаг руу аваачдаг. Аз жаргал, гуниг, хүмүүний амьдралын нарийн нандин бүхэнтэй учруулдаг.

Ном уншдаг хүнтэй гэрлээрэй гэх үг ч бий. Ном чухамдаа хүний сэтгэлийг нээж, басхүү биднийг хүмүүжүүлж, ухааруулж, хөглөж байдаг болохоор номын хуудас эргүүлдэг хүн юмны учир мэддэг, тэвчээр, хүлээцтэй, ухаалаг байдаг байх.

Ном уншихаар нойр хүрээд байх юм, ном унших зав алга гэж ярьдаг хүмүүсийг би гайхдаг. Та хэрвээ ингэж ярьдаг, боддог бол дотоод сэтгэл рүүгээ нэг өнгийгөөрэй. Зүгээр л хүсэхгүй, ном уншъя гэсэн сэтгэлгүй байгаа юм биш биз. Магадгүй хайнга, залхуугаасаа болж өдөрт өөртөө хэдэн минутын зав гаргаад ном уншчихаж чадахгүй байж болох. Та зүгээр л уншихыг хүссэн номоо аваад хуудсыг нь эргүүл. Амьдралыг олон талаас нь, магадгүй цоо шинээр хардаг болно. Хүнтэй зөв харьцдаг болно. Олон зүйлийг ухаарна, бас стресс тайлах шалгарсан аргуудын нэг бол ном унших. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.126.94.28) 2024 оны 10 сарын 23

Үнхээр сайхан байлаа

0  |  0
Нэргүй(202.126.94.28) 2024 оны 10 сарын 23

Гоё байлаа\n

0  |  0
Top