Америкийн Нэгдсэн Улсын Аризонагын их сургуульд төгөлдөр хуур тоглоочоор докторын зэрэг хамгаалахын хажуугаар Entrepreneurship давхар мэргэжлээр суралцдаг сэргэлэн бүсгүйг Э.Мөнхшүр гэдэг. Тэрбээр АНУ-д нийт 24 тоглолтод өөрийн төгөлдөр хуурын номероор оролцож, Флорида, Мичиган, Чикаго, Луизана, Аризона зэрэг олон газарт “Монголын төгөлдөр хуурч” хэмээн цоллуулж, Монголынхоо төрийн далбааг мандуулж яваа хөгжимчин бүсгүй сэтгэлдээ маш том мөрөөдөл тээн алхана. Түүний мөрөөдөл хийгээд хөгжмийн ертөнцөөр нь хамтдаа аялсу.
-“Төгөлдөр хуурч болсон маань аав ээжийн сонголт байсан” гэж нэгэн ярилцлагадаа та хэлсэн байсан. Таны хүүхэд насны мөрөөдөл юу байв. Одоо тэр мөрөөдлийнхөө энд хүрч байна уу?
-Төгөлдөр хуурыг дөрвөн настайгаасаа тоглож эхэлсэн. Тэр үед Т.Цолмон багштай Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурын хичээл ордог байсан. Хөгжим, Бүжгийн коллежид зургаан настайдаа хоёрдугаар анги руу үсэрч орж, 16 настайдаа дүүргэсэн бол Соёл Урлагийн их сургуулийг 19 настайдаа төгссөн. Хүүхэд байхад мэргэжлийн хичээл дээр онц авбал аав маань эклер юм уу, хүүхэлдэйгээр шагнадаг байлаа. Бага насандаа дизайнер болно гэж мөрөөддөг байсан болоод ч тэр үү аавынхаа авч өгсөн хүүхэлдэйнд хувцас хийж өгдөг байлаа. Тэр мөрөөдөл маань одоо ч хэвээрээ, би залуу байгаа юм чинь өөрийн гэсэн загварын брэндтэй болно гэж боддог.
-Аав ээж нь охиноо багаас нь урлагийн хүн болгохоор бэлтгэсэн урлагт хайртай, мэдрэмжтэй хүмүүс ажээ. Урлагтай хэр ойр хүмүүс вэ?
-Манай удамд хөгжмийн хүн байхгүй. Урлагийн биш хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлд өссөн хэр нь өөрөө маш их мэрийлттэй хүүхэд байжээ. Хөгжмөө тоглоод, оройтоод ирэхээр ойлгохгүй үе одоо ч гардаг.
-Яг тэр л цаг үед хөгжим гэдэг зүйлд шунан дурлах болсон мэдрэмж нь юу байсан бол?
-Бие дааж, өөрийн гэсэн үзэл бодолтой болж төлөвших үед Ц.Энхтөр багш маань бэлэн хоол ам руу хийдэггүй байсан болохоор маш их эрэл хайгуул хийдэг болсон. Эрлийн үзүүрт тэр бүхэн дотор маань байж гэдгийг мэдэрсэн. Хүн гэдэг тэр чигтээ нээж баршгүй агуу ертөнц юм байна. Жүжигчнээр яривал дотортой байх гэдэг шиг задгай сэтгэдэг, уран сэтгэмжтэй байхыг Ц.Энхтөр багшийнхаа сургуулилтаас олж авсан.
-Багшийн хувьд өөрөө тэр сонголтыг хийх, бие даах чадварыг өгсөн зан араншин гадаадад суралцах шийдвэр гаргахад нь нөлөөлсөн үү?
-Төгөлдөр хуурын ангийн 16 төгсөгчөөс би ганцаараа СУИС руу орж байлаа. Тухайн үедээ гаргасан онцгой шийдвэр л дээ. Америк явах шалтгаан маань чөлөөт цагаараа үргэлж хөгжимт драм, мюзыкль үздэг байсантай холбоотой. Хөгжмийн энэ төрлөө, өндөр түвшинд хийж байгаа тэр газарт л очихыг хүссэн. Хүмүүсийн ойлголтоор Холливудын киногоор Америк орныг төсөөлдөг. Гэвч маш их өрсөлдөөнтэй, хөдөлмөрч, дайчин байхыг шаарддаг. Мөрөөдлийнхөө төлөө хичээж байна даа. Чикаго хотын ДэПаул урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Флоридад хоёр мюзыклын удирдаачаар ажилласан. Жүжигчдэд дуу, хөгжим зааж бэлдэнэ гэдэг миний нөгөө хүссэн зүйл маань байхгүй юу.
-Анхны бие даасан тоглолтын тухайд 2009, 2010 онуудад эх орондоо тоглож байжээ. Тэр тоглолт дээрээ ямар ямар зохиолуудыг тоглож байв?
-Анхныхаа тоглолтыг 2009 онд Т.Цолмон багшийнхаа удирдлага дор Дуурь, Бүжгийн эрдмийн театрт тоглож байсан. Бетховены “Сарны сонат”-ыг бүтнээр нь тоглосон. Эхний хэсэг нь удаан хэмнэлтэй бол төгсгөлийн хэсэг нь маш хурдтай, анхаарал шаарддаг техник ур чадвар шаардсан бүтээл л дээ. Шуманы “Новолетэн”, Рахманнавын “Концертны этьюд” болон “Скарлати” гээд 18 дугаар зууны сүүл үеийн Моцартоос өмнөх зохиолуудыг ч тоглосон. Намайг Хөгжим, Бүжгийн коллежийг төгсгөсөн Ш.Ариунаа багш тоглолтыг маань үзээд “Энэ хүүхэд маш их өсөлт гаргасан байна” гэж дүгнэсэн нь урам хайрлаж байлаа. Сүүлийн 10 жилд тасралтгүй жил бүр бие даасан тоглолт хийсэн.
-Америкт хийж байгаа тоглолтуудынх нь онцлог юу вэ? Үзэгчид хэр үздэг вэ?
-Бид чинь гадаадын оюутнууд болохоор их сургуулийн концертын танхим, эсвэл сүмд тоглолт хийх боломж олддог. Гадаадад буй монголчууд маань бие биеэ дэмжээд тоглолтыг маань ирж үздэг. Гаднынхан болон мэргэжил нэгт Америкчууд Монголчуудаасаа илүү их үздэг. Сүүлд Флоридад хийсэн тоглолтын тасалбарууд маань зарагдаж дуусаад, танхим дүүрэн нижигнэсэн алга ташилттай дурсамжтай үдшийг гаднын сонсогчид маань өгсөн. Мексикт бас уригдаж тоглоод мөн танхим дүүрч, хүмүүс нь гадаа дугаарлаж хаалганы цаанаас сонсож байсан. Тоглолтын тухайд ур чадвар илүү их шаардсан, хүнд зохиолуудаар тоглож байна. Орос болон Франц зохиолууд нь миний ур чадварыг харуулахад дөхөм байдаг. Төгөлдөр хуурч мэргэжил бол насны ажил шүү дээ. 80 гартлаа яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй. Одоо зайлсхийдэг хөгжмийн зохиолоо тоглох ч юм билүү.
-Гадаадад суралцахад хэр хүндрэлтэй тулгарч байсан бэ? Бэрхшээлийн цаана бэлэг гэдэг. Эргээд харахад ололт амжилт дүүрэн байжээ?
-Анх Америкт очоод олон газраар явж их сургуулиудад шалгалт өгч байлаа. Тэр үеэ бодвол мөрөөдөл маань биеллээ олж л байна. Чикагогын ДэПаул сургуульд магистрын сургалт 2012-2014 онд хамгаалахдаа хоёр тоглолт хийсэн. Бах, Бетховен, Шостековичыг тоглосон бол Флороридад “Равэл” гээд францын хөгжмийн зохиолчийн концертыг оркестортэй тоглож байсан. Түүнээс гадна Линн симфони оркесторын концерт төрлөөр тэргүүн байр эзэлж, Америкийн авьяастнуудын концерт дэд байр эзэлж, Окала, Виллиам бюрд, болон Видэмэн тэмцээнүүдэд амжилттай эх орноо төлөөлөн оролцсон. Олон улсын Ребека пеннийс, Кийс тү дэ сити, Америкийн Флорида мужийн Бока ратон, Мичиган мужийн Флинт, Люисана мужийн Шревепорт тус тус хотуудад Монголын төрийн далбааг Мөнхшүрийн нэрээр мандуулсан байна.
-“147 piano” гээд төгөлдөр хуурчдын баримтат уран сайхны кинонд та тоглож байсан тэр талаараа дэлгэрүүлээд ярина уу?
-Чикаго хотод магистрт суралцаж байхдаа Даунтаунд очоод сургуулийнхаа нэг салбар кино урлагийн сургуульд нь ороод “Би төгөлдөр хуур тоглодог хүн байна , надтай кино хийх хүн байна уу” гэсэн. Ингэж энэ санаа минь биелсэн юм. 2016 онд “147 piano” арт кино маань тавигдсан. Төгөлдөр хуурчийг нэг газар нэгэн зэрэг тоглуулж, би өөрөө гоцлол тоглоочоор Шопены скюрцыг тоглосон. Энэ киног үзсэн хүмүүс кино найруулагчтай холбогдож Аризонагийн олон улсын кино фестивальд орох гэж байна. Энэ кино 25 дугаар суваг телевизээр миний орчуулгатай цацагдаж байсан.
Төгөлдөр хуур дээр зориулсан бүтээлүүд нь ардын дуу, уртын дуун дээр суурилсан байдаг юм байна. Б.Шарав гуайн хөгжмийн онол төгөлдөр хуур дээр хэрхэн бичив гэдгийг судлаад ирэхээр язгуур урлагтай, морин хууртай холбогдож байгаа юм.
-Олон төгөлдөр хуурчдын онцгой нэг нь болоод гоцлоод тоглож байхад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Киноны багтай ажиллаж байгаа нь сонирхолтой санагдсан. Камер нь хөдөлгөөнтэй. Нэг холдож, нэг ойртоод л. Тайзан дээр тоглох нэг өөр шүү дээ, камер нь нэг газраа зоочихдог. Ер нь төгөлдөр хуураа тоглоод сууж байхад үгээр илэрхийлшгүй сайхан мэдрэмж, цэнгэл баярыг амсдаг болохоор хаана ямар нөхцөлд тоглох нь чухал биш л дээ
-Төгөлдөр хуурыг хаан хуур гэдэг. Энэ хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж үзсэн үү?
-Төсөөлшгүй. Төгөлдөр хуур өөрөө төгс хөгжим болохоор хөгжимчнөө төгс байхыг шаарддаг. Төгс байхын тухайд насан туршдаа суралцах байх даа. Тиймээс л ханаж цадашгүйгээр шунан дурлуулдаг байх. Нөгөөтэйгүүр төгөлдөр хуур гэдэг бол сүргийн манлай гэдэг шиг оркестрын манлай нь юм. Хөгжим хөгжмийн хаан нь юм даа.
-Хөгжмийн зэмсэг болгон өөр, өөр дуугараад байдгийн учир нь юундаа байдаг юм бол?
-Би “Стейнвэй” төгөлдөр хуурын худалдагчаар ажиллаж байсан. Худалдан авагчдад төгөлдөр хуураа тоглож үзүүлдэг, худалдан борлуулдаг байлаа. “Стейнвэй” брэндийг гар хийцээр маш урт хугацаанд хийдэг учир маш үнэтэй. 70000 долларт дундаж төгөлдөр хуур авдаг бол шинэ загварын төгөлдөр хуурыг 120000 доллароор авна шүү дээ. Энэ хөгжмийг чинээлэг хүмүүс нь л авдаг. Утсыг цохиж байгаа эсгий материалтай, модон тулгууртай хамер гэж байдаг. Түүний хэлбэрээс хамаараад дуугаралт нь өөр байдаг бол дууны цар хүрээ нь хэмжээнээсээ шалтгаалдаг. Ямар модоор хийснээсээ хамаарч дуугаралтын өнгө нь өөр өөр байдаг. Төгөлдөр хуур хуучрахаараа сайн болдог гэдэг. Тэр бол ташаа ойлголт шүү.
-Хөгжмийн дуугаралт бүтцээсээ болоод өөр өөр дуугардаг юм байж. Гэхдээ тухайн хөгжимчний сэтгэлийн хөдөлгөөн дуугаралтад хэр нөлөөлдөг вэ?
-Төгөлдөр хуур болгон сүнстэй. Өөр өөр дуугардаг. Би зэмсгээр дамжуулж буй жүжигчин гэж өөрийгөө бодож тоглодог. Ярьж байгаа хэл маань хөгжим, зэмсэг маань төгөлдөр хуур. Тоглолт бүр өөрийн гэсэн өнгө аястай болдог. Энэ бол оюуны ажил учир ядарсан үед нэг өөр, сэтгэл санаа тавгүй үед нэг өөр, азтай, жаргалтай байх үед нэг өөр дуугардаг. Төгөлдөр хуурыг хэдэн сар жилээр бэлдээд байхад л тайзан дээр тэр өдрийн тэнгэр л мэддэг үе ч бас байна. Т.Цолмон багш маань намайг аль эрт 17 настай байхад минь л “Чи тайзан дээр боловсронгуй тоглодог” гэж хэлж байсан. Тайзан дээр урьд нь бэлтгэлийн үед тоглож байснаасаа илүү сайнаар тоглох үе их байдгийн жишээг хэлж байгаа юм.
-Та одоо Аризонад докторт сурч байгаа. Хэзээ төгсөх вэ?
-Докторын ажил маань гурван жил суралцаж, гурван тоглолтын ард гарсан. Сүүлийн тоглолт нь лекц тоглолт болно. Тэр нь дипломын ажлынхаа үндсэн гаргалгааг хэлэлцэж, танилцуулаад өөрөө тоглодог. Анх эхлүүлснээс гурван жил өнгөрсөн байна. Одоо бол жилийн дотор төгсөнө дөө гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Таныг “Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа гэж сонссон.
-Өнгөрсөн цагаан сараас хойш Б.Шарав агсантай утсаар холбогдож, өөрийгөө танилцуулаад таны бүтээл дээр судалгаа хийх талаар ярьж байлаа. Наадмаар ирээд “Интэрмед” эмнэлэгт хэвтэж байхад нь уулзсан. Түүний бүтээлийг судлахын тулд язгуур урлагаа судлах ёстой юм байна. Төгөлдөр хуур дээр зориулсан бүтээлүүд нь ардын дуу, уртын дуун дээр суурилсан байдаг юм байна. Б.Шарав гуайн хөгжмийн онол төгөлдөр хуур дээр хэрхэн бичив гэдгийг судлаад ирэхээр язгуур урлагтай, морин хууртай холбогдож байгаа юм. Уртын дуучин Ш.Чимэдцэеэ гуайтай уулзаж уртын дууны тухай ч ярилцсан шүү. Б.Шарав гуайн бүтээлээр дамжуулж, Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах зорилгоор судалгааны ажлаа эхлүүлсэн.
Сэтгэгдэл ( 2 )
yamar goe medremj ve baharhaj bn mundag2
Гүн юмаа. Язгуураа ухах нь. Талархаж байна.