Халх голын домогт дайчин “Сэлэнгийн шонхор” хэмээх Дагвадоржийн Шагдар

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой нижгэр болох шинжтэй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинаас эхлээд гадны зочид төлөөлөгчид ирэхээ мэдэгдээд байна. Энэ түүхэн ойтой давхцуулан Халхын голын ялалтад гавьяа байгуулж байсан Дагвадоржийн Шагдарын тухай дурсахыг хүслээ. Тэрээр хуучнаар Богд хаант Монгол Улсын Эрдэнэ вангийн хошуу, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Түшиг-Цагааннуур сумын нэгдүгээр багийн нутаг “Баруун булаг” хэмээх газар 1917 онд малчин ард Далантайн Дагвадоржийн есдүгээр хүү болон мэндэлсэн гэдэг. 1933 онд “Цагаан эрэг”-ийн дамжлага баазад ачаа зөөгчөөр ажиллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдаж, Улаанбаатар хотноо Дотоод явдлын яамны “Одонт тэмдэгт” тусгай морин хорооны харуулын суманд алба хааж эхэлсэн байдаг.

1939 оны дөрөвдүгээр сарын эхээр Халх голын 24 дүгээр отрядад шилжин ирж мөн сарын сүүлээр Халх голын байлдаанд хүч нэмэгдүүлэн илгээсэн 14 байлдагчийн эгнээнд орсон юм. Ингэж л дайны тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэж, эх орноо хамгаалах нэр төртэй албанд зүтгэсэн байна. Түүнийг Халх голд очоод цэргийн агтчин Өвөрхангай аймгийн уугуул Яринпэлийн Доржид сайн морь унахыг хүсэж буйгаа хэлж, цэгээн дэлтэй цавьдар хүрэн морийг унамаар байна гэжээ. Булгидаг ч гэсэн булгиулж байгаад номхруулан морьтойгоо тэргүүн фронтод бага дарга Банзрагчийн удирдлага дор дайны халуун цэгт үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Энэ үед Японы түрэмгийлэгчид Хайлаастайн голын хойд талын өндөр улаан манханд үүрлэж байжээ.  Домогт дайчин Д.Шагдар өөрийн дурсамждаа “...Халх голын шумуул хатгаж дийлэхээ больсон, тос дааварласан хүрэн бор залуугаас “Япон хаана байна” гэж асуухад “Тэр байна” гэж дуранд харуулж билээ. Ингээд окопоо ухаж өөрийгөө далдлан зөвхөн бууны ам гаргахад л саадгүй болгож, япон цэргүүдийг зааж өгсөн хүн манай тасгийн дарга Жамбаа баатар байсан юм. Очсон өдрөө л анхны тулалдаанд морин атакаар орж билээ. Тэгэхэд цэгээн дэлтэй хүрэн маань булгиж сандаргаж байсан ч дайралтдаа амжилттай орж ирсэн билээ. Тэр дайралтад миний эмээлийн урд бүүрэг хугарсан байсныг цулбуурынхаа сурнаас зүсэн хүлж байтал Архангайн Цогтын хүрэн морь шарх авснаас болж гэнэт үхэж байгааг харсан минь дайны анхны харамсал байсан юм.

1939 оны тавдугаар сарын эхэнд Хайлаастайн гол шавартай учир давшилтаа зогсоож малын их эмч Дамбийням бид хоёрыг тэр толгой дээр постод үлдээж анги маань өөр газар байрлахаар явсан юм. Маргааш нь халааны байлдагчид постоо хүлээлгэн өгөөд хооллохоор явах үед японы хэд хэдэн нисэх онгоц манай байрыг чиглэн ирж удалгүй бөмбөгдөж эхэллээ. Дамбийням бид хоёр бургасанд бүгж байгаад гарч ангийн байрлалд ирэхэд устай торхноос уясан тэмээ, хоёр морь бөмбөгдөлтөнд нэрвэгдэж үхсэн, зургаан гэр бут ниргэгдсэн байлаа. Япончууд энд 53 ширхэг бөмбөг хаясан ул мөр үлдсэн байсан юм. Манай заставын 14 байлдагчид окопонд байсан учир осолдоогүй байлаа. Ингээд манайхан агтаа тууж, халуун тогоогоо чирсээр Халх голын зүүн талд шилжин нүүлээ. Манай заставыг ардын цэргийн нэг сумантай нэгтгэж японы давуу хүчийг ар тал иртэл хориглон барих тушаал өгч тэр даалгаврыг бид нэр төртэй биелүүлсэн юм.

Тэгэхэд Талын манхан, Өндөр улаан, Өлгүүрт манхан, Бойтогт манхан, Хулт уул, Номинхан бүрд овоо зэрэг газарт дайсны хүчийг барьж дөрөвдүгээр сараас  тавдугаар сарын 10 хүртэл хориглон байлдсан юм. Энэ хүнд үед Зөвлөлт, Монголын армийн ангиуд Халх голд анх орж ирэхэд үлгэрийн мэт санагдуулж байсан билээ. Хөх тэнгэрээр битүү онгоц нүргэлээд, газар дээгүүр хуягт танк, явган, морин цэрэг говийн их зэрэглээ мэт дайвалзаад үнэхээр сүртэй байлаа. Хоёр улсын хүчин Хамар даваа, Баянцагааны нуруунд хориглох байраа авч дайсан руу гал нээсэн тэр түүхэн үйл явдлыг нүдээр үзсэн минь  үнэхээр бахдалтай.

Шинэ хүчин ирсний дараа ус нутгийг сайн мэддэг манай заставыг тагнуулын ангид гаргаж, манай анги Хуягт манханд хориглож байсан юм. Дархан ууланд байлдаж байсан үед өмнөөс гэнэт найман япон гарч ирлээ. Долоон японыг буудаж унагаалаа. Манай штабын дарга Цэдэндамба “Тэдний зэвсгийг нь ол ир” гэж үүрэг өгөн Гаасүрэн, Гомбосүрэн хоёрыг явуулав. Гэтэл үхсэн болж унасан япон цэрэг Гаасүрэнг маань буудаж алсан юм. Буудсан японыг Гомбосүрэн буудаж хороосон. Штабаас Жамбаа /баатар/ бид хоёрыг Гаасүрэнгийн шарилыг авчир гэж явууллаа. Дархан уулын өврийн шар тал Хутагт манханы араас амь үрэгдсэн нөхрөө бид хоёр дайны галын дундаас штабтаа авчирч чадлаа.

Нэг өдөр Н.Жамбаагийн хамт тагнуул хийж Хутагт манханы хойд оройд байтал Дархан уулын өвөрт дайсны эмээл хазаартай найман морь харагдлаа. “Хоёулаа энэ морьдыг авъя” гэж хэлэлцээд нуугдан очиж морьдыг анги руугаа хөөж явтал баруун талаас дайсан харагдсанд хонхор руу орж хориглолоо. Тэр дайсан 200 метр орчим ирээд гэнэт өөдөөс ухасхийн дайрахад бид хоёр амьдаар барья гээд морийг нь буудсанд өнөөх чинь өвсөн дундуур гүйж орлоо. Өвс сүлжин 800 орчим метр явсны дараа би ахлагчдаа морио бариулж байгаад буудахад унав. Гэтэл найман морь авсан газрын цаанаас дайснууд гал нээв. Бид хоёр дайсантай буудалцаж байтал ахлагч надад холбоо барих тушаал өгч, би амжиж хэл хүргэн Хутагт манханы ард хүрэх үүрэг хүлээн үүргээ биелүүлсэн юм.

Ангид хэл хүргэсний дараа хөнгөн пулъёмотын научик Шилэг, Намжилдорж, Цогт, Гомбо нарын 12 байлдагчийн хамт дайсныг тосч явтал дайсны 20 гаруй цэрэг морьгүй болсон хүмүүсээ сундлаад өөдөөс гарч ирсэн тул халз тулалдаанд орлоо. Бид дайсны 12 хүнийг устгаж, 10 морь хамт үрэгдэв. Үлдсэн япон Дархан уулын мод руу орж бүгэв. Бид дайсны зэвсэг, эмээл, хазаар зэргийг авч ангидаа буцаж Жамбаа бид хоёр түрүүчийн алагдсан японы зэвсэг, найман морио авахаар хэсэг нарстай толгой дээр гартал өврийн замаар луус хөллөсөн япон цэрэг явааг харж түүн рүү дайрч буулган аваад гарыг нь хүлж, луусны жолоог нь гарт нь углаад анги руугаа явууллаа. Ингээд алагдсан япон дээр очиход офицер байсан юм. Тэр япон бууныхаа замагийг задалж хаяад, том цүнхээ өөрөөсөө хол чулуудаж амжсан байв. Ингээд бид хоёр түүний цүнх, зэвсгийг найман морины хамт аваад ангидаа ирсэн. Бид хоёрын олзолсон луус тэргэнд их бууны сум ачсан байлаа.

Үүний дараа ээлжит тагнуулын үүрэг биелүүлэхээр байлдагч Цогтын хамт зургаадугаар сарын нэг өдөр Хутагт манханы өндөрлөгт очсон юм. Гэтэл хуучин улбаагаар Хулт уул чиглэн дайсны нэг машин цэрэг явааг харлаа. Тэгэхээр нь нөхрөө ангид хэл хүргэ гэж явуулаад түүний хоёр гранатыг авч дөрвөн гранаттай дайсныг устгахаар тосон хүлээв. Манайхан тэднийг бас харж машины жолоочийг нь устган 33 дайсны 31-ийг амьдаар олзолж байсан юм.

Тэр машин дотроос хоёр япон цэрэг зугтаасныг тосон буудаж шархтуулаад амьдаар баривчиллаа. Нэг нь явахааргүй шартай байсан тул устгаад нөгөөг нь ангидаа хүргэж өгсөн юм. Маргааш нь дайсны нэг дивиз, танк, хуягтаар дэмжүүлэн манай анги руу дайрсан. Манай анги ухарч Хар үзүүрийн манхан гэдэг газар  байраа сольж хориглов. Энэ үед Халх гол үерлэсэн учир хүнс хоол татах боломжгүй болж дөрөв хоног өлөн байж байлдаанаа үргэлжлүүлж билээ. Тав дахь өдөр заставын дарга П.Чогдон /баатар/ намайг дуудаж “Халх голын баруун талд гарч хоол хүнс залгуулах арга хэмжээ ав” гэж үүрэг өглөө. Ингээд Халх голыг яаж гатлах тухай бодож байтал ах Бадарчийнхаа “Усанд сэлэх морь юуны өмнө хагсарсан байх ёстой. Цатгалан морь хэвтэх, гэдрэгээ савах аюултай байдаг. Мөн урд олмондоо олс, дээс орлуулж болохгүй учир нь ус үзэхээрээ живдэг юм. Тиймд сур л байх шаардлагатай шүү. Усанд орохдоо шаалган талаас нь орох хэрэгтэй. Хариу талаас нь орж болохгүй” гэснийг санаж Халх голын үерийг зүсэн хар морьтойгоо баруун талд нь мэнд гарч чадсан. Намайг гол гатлан гарч ирэхэд отръядын дарга Бат-Очир хуурай хэрэглэл, сум зэргийг авч ирэн хүлээж байлаа. Би боорцогноос 2-3-ийг идээд таван кг орчим боорцог дэрний уутанд хийж үүрээд Халх голыг туулан ангидаа ирсэн. Түүнээс хойш өдөрт 2-3 удаа Халх голын үерийг туулан гарч хоол хүнс, сум, хуурай хэрэгсэл зөөж 12 өдөр дараалан ажилласан юм. Намайг Халх голыг туулан ангидаа хол хүнс, сум зэвсэг зөөсөн 12 өдрийн дөрвөн өдөр нь хүйтэн салхитай, зургаан өдөр нь дулаахан байж билээ. Би Халх голын үерийг 50 гаруй удаа сөрөн гаталж хүнс, хоол, буу сумаар нөхдөө хангаж байсандаа одоо ч бахархаж явдаг.

Манайхан намайг “Сэлэнгийн усчин Шагдар” гэж бахархан нэрлэж байсан нь  нөхөддөө тус хүргэсний сэтгэлийн хариу байхдаа гэж боддог юм. Миний бие Хамар даваанд байсан арын жанжин штабт 12 удаа мэдээ хүргэж билээ. Шөнөөөр ч гэсэн мэдээ хүргэх явдал ч гарч байв. Есдүгээр сарын 12-нд Эрс улаанд байрлаж байсан Зөвлөлтийн хүч нэмсэн ангийн хамт японы 2000 цэрэгтэй ангийг бүслэж тэр тулалдаанд армийн нэг ангийн хамт хоёр өдөр, нэг шөнө тулалдаж, Зөвлөлтийн талаас 80 гаруй танк, 70 гаруй хуягт бидний хамт атакад орж бут цохисон юм.

1939 оны дайнд дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл манай застав 60 гаруй удаа тулалдаанд ороход миний бие 30 удаа байлдаанд оролцсон. Би холбоо барих, усчны үүрэг биелүүлэх, нөхдийнхөө хамт байлдах зэрэг үүрэг биелүүлсэн тэр дайнд шөнийн харанхуйд хүйтэн усны ширүүн давалгаа сөрөх, ялаа шумуултай тэмцэлдэн байлдах, исгэрэх сумны өөдөөс амь өрсөн урагшлах зэрэг нь тийм амар хялбар байгаагүйг ойлгох биз ээ. Миний бие команданд нь багтаж, дайны фронтод хамт байлдаж явсан БНМАУ-ын баатар П.Чогдон, Н.Жамбаа нарынхаа тухай дурсан хэлэх учиртай. Манай заставын даргаар Дашням гэдэг хүн ажиллаж байгаад дараа нь түүний туслах П.Чогдон маань заставын даргаар дэвшсэн юм. Чогдон дарга маань дунд зэргийн нуруутай, өргөн шанаа, бярлаг бие цогцос бүхий, сэргэлэн ухаан, хурц хараатай, шингэн хоолойтой, бядруун тослог бор хүн байж билээ. Бид Чогдон даргын команданд байлдахдаа нэг байлдагч, хоёр морины гарзтай байлдаанаа дуусгаж байв. П.Чогдон дарга маань надад олон удаа захидал бичсэн бөгөөд Халх голын 30 жилийн ойгоор бичсэн захидалдаа “...Хамт зовлон жаргал туулж явсан дүү минь” гэж бичсэн байж билээ. БНМАУ-ын баатар Н.Жамбаа маань Чогдон баатарт байдаг хүний сайн чанар бүхэн шингэсэн хүн байсан гэж боддог. Бид хоёр 1977 онд бие биенээ олж мэдэлцээд сайн нөхрийн харилцаатай явсан...” хэмээн бичиж үлдээсэн байна.

Халх голын домогт дайчин Д.Шаг­дар дайсны илүү хүчинд бүслэгдсэн хүнд үед гол хүчээ газар сэлгүүлэхээр явуулаад долуулаа үлдэж хориглон байлдан бүслэгдэж нөхдийн хамт дайсны ар тал руу морины хурдаар сум сөрөн гарч байсан алдартнуудын нэг. Халх голын дайныг ялалтаар дуусгахад үертэй Халх голыг өдөрт хэд хэдэн удаа морины хамт сэлэн гатлаж сум, хоол хүнсээр хангах чухал үүргийг нэр төртэй биелүүлж байсны хүчинд дайсны илүү хүчийг тогтоон барьж чадсаныг түүх харуулж үлдээжээ.

Халх голын дайны түүхэнд “Эрэлхэг долоо” гэж бичигдэн үлдсэн домогт долоон дайчны нэг Дагвадоржийн Шагдар байлдааны талбар дээр “Цусан гавьяаны одон”-гоор шагнагдаж байсан юм. Домогт дайчин Д.Шагдар энх цагийн бүтээн байгуултанд оролцож олон жил үхэр бордон улсын бэлтгэлд тушааж “Сэлэнгийн Шагдарын шар бордох арга” хэмээх туршлага хүртэл нэвтрүүлж байлаа. Түүний бордсон шар 1048 кг хүртэл татаж байсан баримт байдаг. Мөн олон жил хурдан морь уяж Сэлэнгэ аймгийн наадамд олон жил олон насны моьд айрагдуулсан алдарт уяач байв. Домогт дайчин Дагвадоржийн Шагдар төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумандаа амьдарч байгаад 2001 онд бурханы орноо одсон билээ. Дайнд гавьяа байгуулснаараа онгирдоггүй, чимээгүйхэн амьдарч явсан энэ баатарыг Халх голын ялалтын 55 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолоор шагнуулахаар Сэлэнгэ аймаг тодорхойлж байсан юм. 

Домогт дайчин Д.Шагдарын эх орныхоо төлөө байгуулсан гавьяаг Монголын төр үнэлж “Сүхбаатарын одон”, “Цусан гавьяаны одон”, Халх голын ойн медалууд, Зөвлөлт, Монголын “Бид ялав” медаль зэрэг олон шагналаар шагнаж байжээ. Дагвадоржийн Шагдарыг 2000 онд Сэлэнгэ аймгийн “Зууны манлай алдартан”-аар тодруулж батламж олгож байлаа. Түүний алдар гавьяаны тухай “Үнэн”, “Ардын эрх”, “81 дүгээр суваг, “Сүхбаатарын туг”,”Улаан од” зэрэг сонин, Монголын радиод бичигдэж үлдсэн юм. Мөн яруу найрагч, сэтгүүлч С.Базарсад 1994 онд “Магтагдах гавьяатан” гэдэг ном бичиж алдаршуулж байлаа.

Халх голын домогт дайчин, “Эрэлхэг долоо”-гийн нэг, байлдааны шуурган галын дундуур үерлэсэн Халх голыг 50 гаруй удаа сэлэн гарч сум, хоол хүнсээр хангаж байлдаанд ялах боломжийг нөхөддөө олгож чадсан Халх голын домогт усчин “Сэлэнгийн Шонхор” хэмээн алдаршсэн Дагвадоржийн Шагдарын баатарлаг үйлсийн хойч үедээ бахархал болгон үлдээх ёстой гэж бодож явдаг юм. Тэр жинхэнэ баатар хүн байжээ гэж санадаг. Халх голын улаан хоормог болсон их үерийг сэлэн гарч сум, хоол хүнсээр хангаж чадаагүй бол юу болох байсныг таашгүй. 12 хоног Халх голыг сэлэн гарч авчирсан хоол, сум хэрэгсэл ялалтанд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй билээ.

 

Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Товуугийн Доржсүрэн

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Атарболд(66.181.178.19) 2020 оны 09 сарын 03

Хосоо маань уулзахдаар хамгийн түрүзнд Алтанхундага багшйг асууж Аав нь Баатар бодох хүн гэж ярьдагсан билээ

2  |  0
Цэдэндорж Базарсүрэн(202.126.89.138) 2023 оны 08 сарын 02

Аавын минь найз агуу хүн байсандаа. Нэг хороонд амьларч байнга орж гарч явлаа. Хэдэн сайхан хөгшчүүл болцгоож даалуу тоглож сто грамм татацгааж ан гөрөө арилжаа наймаа ярьж удаан цагаар сууцгаадагсан. Одоогоор бол тун ч мундаг бизнесмэнүүд байсан юм байна. Энд бичвэл мөн ч урт нэрс цуврана байхаа. Ер нь л тэрхэн үедээ хурдан морь жороо морь анч ноход ан гөрөө арилжаа наймааг тэд удирдаж байсан гэхэд хилсдэхгүй байхаа. Тэр хавьдаа л сор өвгөчүүл байлаа даа. Хүүхэд насны дурсамж хэдэн сайхан найз эрчүүд нүдэнд бүгд дурсагдаад сайхан байна.

2  |  0
Чинзоригт Лхагвасүрэ(202.179.31.117) 2023 оны 08 сарын 02

Миний мэдэх үед л их хөнгөн,сэргэлэн хөгшин байсан да.Аюурзана ахайгийнд нутгийн хэдэн хөгшид нэг хоёр шил архи ууцгааж байгаад Шагдар(ахай)харьлаа гээд ухасхийтэл Батмөнх ах намайг хүргэж өг гээд би гартал,надаас түрүүлээд (Пүүлэн хүрэндээ)мордоод ухасхийсэн юм да.Орхон голын мөсөн дээгүүр морины хурдаар гарч билээ.Би гэрийнхээ уяан дээр бууж байхад нь очиход (өө Лхагваа хүү байсан юм уу)Аюурзаныг гэж бодоод дамшиглаж зугтаж байхгүй юу гээд инээж байсан юм да.

6  |  0
Dawaasvren Uuganbayr(66.181.161.52) 2020 оны 09 сарын 03

Hairtai uwuugiin mini tvvhiig saihan bichijee uwuu mini bidnii baharhalyum da

1  |  0
Сүмбэрэл(66.181.161.19) 2020 оны 09 сарын 03

Хайрт буурай минь

3  |  0
Сүмбэрэл(66.181.161.19) 2020 оны 09 сарын 03

Хайртай буурай минь. Бахархал минь

3  |  0
Зочин(112.72.11.104) 2020 оны 09 сарын 06

Манай ахмад дайчдын яриаг хэрэв үнэн гэж үзвэл 21 оны хувьсгал, 39 оны Халх голын тулалдаанд алсан олзолсон дайсны цэргүүдийн жинхэнэ статистикаас хэдэн арав дахин ихэсдэг гэсэн. Уг нь бодит байдал дээр Оросууд Япончуудаас хол илүү хохирол хүлээсэн гэнэ.

1  |  1
Baasanjav AmarErdene(66.181.161.38) 2023 оны 08 сарын 02

Uguugiin mini tuukhiig saikhan bichij oruuljee. Tanid bayarlalaa.

3  |  0
Galsan Badamtsetseg (202.126.89.199) 2023 оны 08 сарын 02

Hairtai uwuu mine.

2  |  0
USD BANK(197.210.226.124) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.227.167) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.227.125) 2024 оны 11 сарын 10

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

1  |  0
Sugar(66.181.161.42) 2024 оны 11 сарын 10

Бахархахд барамгүй миний өвөө

4  |  0
Galsan Bugaa(202.126.89.36) 2024 оны 11 сарын 10

Хайрт өвөө минь

5  |  0
12(66.181.169.66) 2024 оны 11 сарын 10

энэ сайхан хүний үгийг сонсож суусан бага нас минь үнэхээр сайхан байжээ.сайхан хүн байсан шүү.

4  |  0
Top