2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан их, дээд сургуулиудын элсэлт болон төлбөрийн тухай мэдээлэл, чанарын түвшний тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалангаас тодрууллаа.
-2019-2020 оны хичээлийн жилийн хувьд их, дээд сургуулиудын төлбөр дунджаар хэдэн хувь нэмэгдсэн байна вэ?
-Дээд боловсролын төлбөрийг тогтоох эрх нь хуулиараа удирдах зөвлөлүүдэд нь байдаг. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг инфляцын төвшнөөс илүү нэмэхгүй байх талаар сайд чиглэл өгсөн. Үүний дагуу сургуулиудын төлбөр дээд тал нь арван хувь орчим л нэмэгдсэн харагдаж байна. Төлбөрөө нэмээгүй сургуулиуд байгаа. Ерөнхийдөө нэг кредитийн төлбөр 51.500-120.800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гучин кредит нэг жилд үзнэ гэж бодвол 1.650.000-3.000.620 төгрөгийн хооронд хэлбэлзэх төлөвтэй харагдаж байна. Зарим оюутнууд 30 кредитээс илүү ч үздэг, зарим нь дутуу ч үзэх тохиолдол байдаг. Тэгэхээр үүнээсээ шалтгаалаад төлбөрийн байдал өөрчлөгддөг.
-Хувийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийн талаарх мэдээлэл байгаа юу?
-Хувийн өмчийн их, дээд сургуулиудын хувьд бид тэгж их чиглэл өгөөд байж чаддаггүй. Төр ямар нэг байдлаар өмчийн харилцаа байдаггүй болохоор. Гэхдээ томоохон их, дээд сургуулиуд байдлыг ерөнхийдөө дагах маягтай байдаг.
-Аль сургуулийн төлбөр хамгийн их нэмэгдсэн бэ?
- Ерөнхийдөө жигдхэн 10 орчим хувиар нэмэгдсэн байна.
-Яамнаас их, дээд сургуулиудын чанарын тал дээр анхаарал хэр хандуулж ажиллаж байна вэ?
-Үүн дээр бид их анхаарал тавьж ажиллаж байна. Чанарын шинэ тогтолцоонд шилжиж байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр төрийн болон хувийн өмчийн сургуулиудын тавьж байгаа дүнг чанарын ижил түвшинд байна уу гэдгийг баталгаажуулах хэцүү байгаа. Тэгэхээр бид дотоод чанарын баталгаажилтад шилжих асуудлыг хоёр жилийн өмнөөс ярьсан. Сургуулиудад дотоод чанарын баталгаажилт хариуцсан нэгж юм уу, хариуцсан мэргэжилтэнтэй байх чиглэл рүү явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өмнө нь сургуулиуд өөрсдөө төгсөлтөө хийгээд хөтөлбөрөө сайн байна уу, үгүй юу гэдгийг магадлан итгэмжлэхээр магадлуулдаг байсан. Харин эцсийн дүн гарсан хойно биш, явцын дүнг чанартай байлгах тал дээр байнгын хяналт шинжилгээ хийж, зөвлөмж өгөх нэгж ажиллаж байна гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд ижил чиглэлийн сургалтын хөтөлбөрөөр сургуулиудын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Тухайлах юм бол анагаахын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх сургуулийн хоёр, гуравдугаар курсийн оюутнуудын дунд нэгдсэн шалгалт аваад сургуулиуд хэр байгааг тогтоосон.
-Дүн нь хэрхэн гарсан бол?
-Сургуулиудын хувьд ялгаатай дүн гарсан. Төрийн болон хувийн өмчийн, хот болон орон нутгийн сургуулиудын хувьд ялгаа ажиглагдсан. Тэгэхээр тэгш хамруулан сургана, ялгаварлахгүй байх гэдэг дээр бид анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт бид чанарын баталгаажилтын мэргэжилтэнтэй болж байна, хоёрдугаарт хөндлөнгийн үнэлгээнүүд хийж байна. Үнэлгээ хийхээс өмнө бид бүх хөтөлбөрийг нь татаж аваад харьцуулалт хийсэн. Бүх байх ёстой хичээлүүд орсон байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлгээ хийсэн. Дараа нь бид 80 гаруй сургуулийн бүх хөтөлбөрт шинжилгээ хийсэн. Энэ нь явцын хяналт тавьж эхэлсэн гэсэн үг. Үүнээс гадна сургуулиудын тусгай зөвшөөрөл, шаардлага хангаж байгаа эсэх дээр хоёр жилийн үнэлгээ хийгээд арваад сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна.
- Энэ жилийн хувьд их, дээд сургуульд хэчнээн оюутан элсэн суралцах төлөвтэй байна вэ?
- Энэ жилийн хувьд элсэлт бага байна. Жил бүр 40 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгч 30 гаруй мянга орчим нь сургуульд элсэн ордог байсан. Өнгөрөгч хавар 16 мянган гаруй хүүхэд төгссөнөөс 14 мянга нь элсэлтийн шалгалт өгсөн. Сургуулиудын босго оноог давсан нь 10 гаруй мянга л байна. Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх талтай. Манай сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ голцуу суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байна гэсэн үг.
-Олон улсын сургалтын чанарт хүлээн зөвшөөрөгдөх тал дээр хэр байна вэ?
-Бид олон улсад сургалтын чанараа хүлээн зөвшөөрүүлэх тал дээр ажиллаж байна. Магадлан итгэмжлэлийн байгууллагыг Ази номхон далайн бүсийн байгууллага магадлан итгэмжилсэн. Тэгэхээр манай хөтөлбөрүүд Ази номхон далайн бүсэд хүчинтэй болж байгаа юм. Тэгэхээр бид олон улсын түвшинд хүрч байна гэсэн үг. Том түвшинд харах юм бол бид өнгөрсөн жил Юнескогийн дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын конвенцод нэгдсэн. Конвенц нь сая тавдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон. Үүнийг маш том алхам гэж бид харж байна.
-Төрийн сангийн зээлд хамрагдсан 13.000 оюутны зээлийг чөлөөлөх тухай асуудал яригдаж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
- Сургалтын төрийн сан гэж өмнө нь байсан. 2016 оноос боловсролын зээлийн сан гэж болсон. Сургалтын төрийн сан байхад зээл олгохдоо барьцаатайгаар зээл олгодог байсан. Дипломоо барьцаалдаг байсан бол сүүлд батлагдсанаар оюутны хөгжлийн зээл болж өөрчлөгдсөн байгаа. Ямар нэгэн барьцаагүй, зөвхөн сурлагын амжилтаар буюу 2.8-аас дээш голчтой суралцаж байгаа оюутнуудад өгнө гэдэг шалгуур тавьж байгаа. Дөрвөн жилийн турш зээлээ аваад зургаан жилийн дотор төлж дуусгах ёстой.
Өмнө нь диплом барьцаалдаг байсан үед оюутнуудад дипломын хуулбар өгдөг байсан. Төгсөгчид үүгээрээ ажилд ордог байсан. Сургалтын төрийн санд дипломоо мартчихсан явдаг ч хүмүүс бий. Энэхүү төрийн санд хадгалагдаж байгаа дипломын эздийн тухай асуудлыг яаж шийдэх тухайгаа Засгийн газарт танилцуулсан байгаа. Засгийн газар шаардлага хангасан буюу улс эх орондоо бүтээн байгуулалт хийсэн, нийгмийн даатгал төлсөн хүмүүс байвал чөлөөлье гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ одоо энэ зарчмын шийдлийн журмыг боловсруулсны дараа Их хурлаар батлуулж, ямар шалгуураар чөлөөлөх вэ гэдгээ тогтох болно.
-Их сургуулиудын хотхонтой холбоотой асуудал юу болж байна вэ?
-2010 онд Засгийн газрын тогтоол гараад хотхоноо хөгжүүлье гээд 2015 он гэхэд Багануурт байрлах Их сургуулийн хотхоны бүх техник, эдийн засгийн үндэслэл тооцоолол хийгдсэн. Гэхдээ санхүүжилтгүйн улмаас шийдэж чадахгүй л байна. 11.8 их наяд төгрөг гэдэг нь манай улсын дотоодын нэг жилийн төсвөөс өндөр гэсэн үг шүү дээ. Энэ жил бид үүн дээр Улаанбаатар хотын дагуул хотод арай бага бүтцээр шилжвэл яах вэ гэдэг судалгаа хийж байна. Шийдвэр, санхүүжилт шийдэгдвэл хотхоноо хөгжүүлэх ажил эхэлнэ дээ.
Сэтгэгдэл ( 8 )
Аамаржаргалан гэгч боловсролын яамыг гутааж байгаа зөнөг авгайг зайлуулаачээ.
Ehneesee dampuurakh ni zuv
Deed bolovsrol gedeg buruu orchuilga shuu.
Deed surguuli deed bolovsrol gedeg kastiin sistemee ustgaach. Diplom ajil hiihgui hun l ajillana gedgiig odoogiin kompaniud oilgoj ehleh heregtei.
Зүйтэй. Энэ бол маш том дэвшил. Эсрэгээрээ мэргэжлийн сургууль, МСҮТ-д элсэгчид нэмэгдэх ёстой. Тэгвэл сая эрүүл хандлага болно.
M.Enkhboldyn egchijh n huuhed ene huuhen ch hug devshih jum aa. CHADAL MUUTAJ L HUN DE: aHYNHAA NEREER L DEVSHEED YAVAAD BAIDAG
UKH DEED SURGUULIIN BAGSH NARAA SHALGAACHEE , TSAGIIN NEG baghs orj ireed l gardag stag bish shuu , hkaruytslaga , hkaritsaa , soel , medleg zaakh , surgakh arga baril eer bolson shuu