Монгол, Японы хамтарсан хурлаар гадаад харилцааны хэтийн төлөвийг тодорхойлов

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

1993 онд байгуулагдсан “Соёл эрдэм” их сургууль Япон Улсын “Оберин” их сургуультай хамтарч долоо дахь удаагаа Япон, Монголын хамтарсан  “Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2019.08.20/ зохион байгууллаа. Тус сургууль нь Японд суралцах, дадлага хийх, хэл соёл суралцахаас гадна хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Өнөөдрийн хуралд олон жилийн туршлагатай эрдэмтэн мэргэд оролцож олон улсын харилцаанд ач холбогдлоо өгөх дүгнэлт санаанууд гаргаж байв. Эдүгээ “Соёл эрдэм” их сургууль 26 жил үйл ажиллагаа явуулахдаа 1000 гаруй оюутан төгсгөжээ.  Япон Улсын өндөр технологийг эх орондоо нэвтрүүлэх, оюутан солилцох, оюутнуудыг Японд цалинтай дадлага хийлгэх, ажилд зуучлах  гэх мэт олон давуу талтайгаараа ялгардаг тус сургууль  жилд 30-аад оюутан Япон руу явуулдаг. Японы “Сейжо” Их сургууль, “Нийгата” Аж үйлдвэрийн дээд сургууль, “Дэнна” Академи, “Ёокохама” мэргэжлийн сургууль зэрэг 20 шахам их дээд сургуультай гэрээтэй ажилладаг “Соёл эрдэм” сургууль нь Япон Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай сургууль билээ.

 

“Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар Япон улсаас 20 гаруй доктор, профессорууд ирж, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, гадаад харилцаа зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, "Соёл эрдэм" дээд их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Макихара Соичи Монгол, Японы хамтарсан хурлаар гадаад харилцааны хэтийн төлөвийг өргөжин тэлж байна гэж тодорхойлсныг онцлон дурдав. Японы Эм зүйн  их сургуулийн дэд захирал, профессор Цүзүки Минорү “Манай сургууль Монголын анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх тал дээр дэмжиж, хамтарч ажиллах зорилготой. Эрдэмтэд шинжлэх ухаан, соёл урлаг, түүх шашин гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний хурал болж байна. Монголд байгалийн ашигт малтмалын салбар хөгжихийн хэрээр унаган байгалиа хэрхэн хамгаалах тал дээр анхаарах шаардлага тулгарч байна” гэсэн бол “Чюоггакүин” их сургуулийн Нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал Сато Хироши “Агаарын бохирдолтой зэрэгцээд түүхий нүүрсэнд мөнгөн ус агуулагдаж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар илтгэл тавина. Мөн бичил уурхайд үүрлэж байгаа нинжа нар гар аргаар алт олборлохдоо мөнгөн усыг хэрэглэж байгаа нь удмын санд нөлөөлөх аюул нүүрлэж байна. Энэ талаар асуудал хөндөнө” гэлээ. Эрдэмтэд “Монголын өнөөгийн боловсролыг дэлхийн тэргүүний хөгжилтэй улс орнуудын боловсролтой харьцуулсан судалгааны зарим дүгнэлт”, “Их гүрний өрнө, дорнын хооронд дахь урлаг соёлын өөрчлөлт” зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top