ОЛОН ӨНГӨ: Олны урсгалд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Их хотын зуны ажин түжин амьдрал хөл хөдөлгөөнөөр солигдож намар намраар олны урсгал Улаанбаатарыг зорьдог гэхэд хилсдэхгүй. Шинэхэн оюутан болохоор ирсэн шижигнэсэн залуус, хуучны архаг оюутнууд, эсвэл ажил хөдөлмөр хийж тав арван төгрөг олохоор гэр орноо орхин гарсан зүг зүгийн олон хүмүүс.

Сайнтай, муутай нь нийлж сав дүүрдэг орчлонд тэр олны дунд алсын гэгээн мөрөөдөл тээсээр ирсэн нь олон уу гэхээс амар хялбарыг хайсан нь цөөхөн л байх. Гэвч жилийн жилд л олон цугларах үеэр гардаг таагүй мэдээнүүд ихэсдэг.

Архидан согтууралт, дээрэм тонуул, хулгай, осол гэмтэл гээд л. Энэ бүхний цаана олон аав ээжүүд цалингаас цалингийн хооронд өөрөөсөө харамлан хурааж хурааж, охиныхоо, хүүгийнхээ сайн сайхны төлөө хадгалсан хэдэн төгрөгөө итгэл тээн өгч явуулдаг нь дамжиггүй. Зарим нь тэр мөнгийг дэмий зүйлд үрж, зарим нь хичээл номдоо зориулж, зарим нь урт гартнуудад алдчихаад усан нүдлэх нь энүүхэнд.

Улс амьтны урсгал дагасан урт гартнууд таны, миний өвөр түрий рүү өлөлзөн, дэл сул юм “туучих” гээд л хаа сайгүй сүүдэр мэт сүүтэгнэн байгаа энэ үед хүн бүхэн сонор сэрэмжтэй байхыг зөвлөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top