Инээмсэглэл их хүчтэй зэвсэг. Инээсэн нүүр рүү уурласан нударга далайдаггүй гэх үг бий. Нээрээ л тийм. Хүний амьдрал үргэлж дардан, дандаа аз жаргалтай байх нь ховор. Бид заримдаа гуниглаж, баярлаж, гутарч, бардамнаж, цөхрөх үе бий. Зарим хүн амьдралын багахан нугачаанд сөхрөөд унадаг бол зарим нь бэрхшээлийг инээмсэглээд туулна. Юу ч болж байсан тайван, инээмсэглэсээр явдаг хүмүүсийн ажил үйлс нь бүтэж, тэднээс гэрэл цацрах мэт сайхан мэдрэмж түгдэг.
Яарч яваа хэн нэгэн таныг шүргэж, автобусанд шахцалдсан хүмүүс хөл дээр гишгэж байна уу? Энэ бүхэнд ундууцаж, тааралдсан болгон руугаа бухимдаж, нүүрээ үрчийлгэн, хөмсгөө атируулсаар яваа бол та наснаасаа эрт хөгширнө. Яарсан нэгэн таныг шүргэсэн бол түрхэн зуурын бухимдлаа дарж, зүгээр л инээмсэглээд өнгөрч яагаад болохгүй гэж. Автобусанд шахцалдахдаа хөл дээр тань санаандгүй гишгэсэн нэгнийг мангар, тэнэг гэж дуудаж, хашхичлаа гээд өөрийгөө болон бусдыг бухимдуулахаас өөр ямар ч “ид шидгүй”.
Гунигтай, бодлогошрон яваа хэн нэгний өөдөөс жаахан хүүхэд чин сэтгэлээсээ инээхэд тэр хүн өөрийн эрхгүй өөдөөс нь инээмсэглэж байгаа харагддаг. Инээд нь тархинд аз жаргалтай байна гэсэн дохио өгдөг учир гуниг гутрал үгүй болж, царай нь гэрэлтэж байгаа харагддаг билээ.
Хааяа аливаа сөрөг зүйлийг хошин өнгө аясаар харж, инээд наргиа болгон хүлээж авахад тухайн асуудал хөнгөхөн зүйл шиг санагддаг. Өглөө бүр толинд харахдаа өөртөө амжилт хүсэн инээмсэглэж байхыг сэтгэл зүйч нар зөвлөдөг. Инээмсэглэл нь өөдрөг үзлийг төрүүлдэг. Хэн нэгэн, ямар нэгэн зүйлд дургүйг тань хүргэвэл зүгээр л инээмсэглээд өнгөрөөх хэрэгтэй аж. Энэ нь таныг амьдралд тохиолдох асуудлуудад шантрахгүй байж, аливааг зөв өнцгөөс харж, бэрхшээлийг даван туулахад маш тустай.
Сэтгэгдэл ( 0 )