ОЛОН ӨНГӨ: Хөдөлмөрийн амт

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Би багадаа их адтай хүүхэд байж билээ. Хаана л шинэ содон юм байна тэр зүг руу дуу аялаад алхчихдаг. 10 дугаар ангиа төгсдөг жилийн хавар би 16 нас хүрсэн. Иргэний үнэмлэхээ захиалаад, хурууныхаа хээг дараад  чухам өөрийгөө том хүн болсон мэтээр төсөөлөөд л. Гэхдээ одоо бодоход тийм ч  том хүн болоогүй л байсан юм билээ л дээ.

“Ажил хийж үзэх юмсан. Айлын хүүхдүүд ажил хийгээд халаасандаа мөнгөтэй явж харагдах юм. Би хэдий болтол аав ээж хоёроосоо мөнгө авах билээ. Өөрийнхөө хэрэглээний мөнгийг ядаж олчихвол сайхан даа” гээд л есөн шидийн бодол толгойд эргэлддэг болов.  Аав, ээж хоёрт ажил хийх тухайгаа хэлтэл зөвшөөрдөггүй байлаа. “Чи чадах юм уу? Түүний  оронд дүүгээ хараад гэртээ байж бай гээд” миний гуйлтыг биелүүлдэггүй байлаа. Харин эцэст нь би аавтай хуйвалдаж, ээжийг ятгаж чадсан юм.

Багаасаа нийлсэн найзыгаа  дагуулаад ажил хайж эхэллээ шүү. Их ч амархан олдсон доо. Хамтдаа нэг газарт аяга угаагчаар ажилд орлоо. Анхны цалингаа авах тэр мөчид хэмжээлшгүй их баярлаж, гэртээ талх сүү аваад очиж байж билээ. Тэр үеийн тэр сэтгэл хөдлөл юутай ч зүйрлэшгүй. Тэр жилээс хойш би зуны амралт бүрээрээ ажил хайж хийх болсон. Хэрвээ хүсэх л юм бол ажил олох амархан юм билээ. Ингээд бодохоор ажил олдохгүй байна, мөнгө хэрэгтэй байна гээд зовлон тоочоод байдаг хүмүүсийг ойлгохын аргагүй юм.  Эсвэл тэд  хөдөлмөрийн амтыг ямар байдгийг мэддэггүй болохоороо ажил хайж, хийхийг хүсдэггүй юм болов уу?!

Ө.Энхжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top