Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг, NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн супер од, "Лос-Анжелес Лэйкерс" багийн домогт тоглогч Коби Брайант таалал төгсөж, спортын түүхэнд хүнд гарз тохиолоо. (2020.01.27)
“Хар мамба” хочит Коби Брайант 2019 оны наймдугаар сарын 23-нд 41 нас хүрсэн юм.
Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгчдийн эгнээнд зүй ёсоор бичигдэх түүний амжилтыг тоочиход сонины нүүр ч багадах буй за. Олимпын хошой аварга, NBA лигийн таван удаагийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010), 2008 оны “Шилдэг тоглогч”, NBA-гийн финалын цувралын “Шилдэг тоглогч (2009 - 2010), “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогч болсон гээд сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм билээ.
Түүний амжилтад хүрсэн амьдралынх нь дүрмийг мянга мянган шүтэн бишрэгчдэд нь эргэн сануулж байна.
Хачирхалтай сонсогдож болох юм. Гэхдээ миний сэтгэл зүйн багш бол Майкл Жордан.18 настай байхад минь тэр утасдаж, бид хоёр цаг хэртэй ярьж билээ.
Сагсан бөмбөгт урт шорт өмсдөг болсон нь харамсалтай. Бурхан надад маш сайхан хөл хайрласан. Хүмүүс хөлийг минь хармаар байгаа.
Бага байхдаа би юунаас ч айдаггүй байлаа. Харанхуй өрөө, өндөр газар, зуудаг нохойноос би айж байгаагүй. Өөртөө дэндүү итгэлтэй байсан тул бүхнийг сөрж явдаг байлаа. Намайг зогсоодог ганц зүйл бол эмээ. Эмээ хуучин шаахайгаа бариад гараад ирэх үед хамаг чадлаараа зугтдаг байсан.
Надад нэгэн нууц зэвсэг бий. Би тоглолтын өмнө усанд орж, одеколон түрхдэг. Ингэдэг сагсчин бараг байхгүй.
Ихэнх тоглогч шийдвэрлэх үед алдахаас айдаг. Харин би чухал шидэлт шидэхээс айдаггүй. Урьд өмнөх бүх алдаагаа мартсан байдаг.
Тоглож эхлэхдээ би сагсан бөмбөгөөс өөр юм боддоггүй байлаа. Цагариганд бөмбөг шидэж байгаа хөвгүүний толгойд “Сагсан бөмбөгийн ачаар дэлхий тойрч үзнэ, Азид шампуны рекламанд тоглохсон” гэсэн бодол орж ирэхгүй шүү дээ.
Би сагсан бөмбөгт хэтэрхий их хайртай. Бөмбөг бол миний биеийн нэг хэсэг. Би хоёр настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн.
Аав минь Италид тоглож байх үеэс би хөлбөмбөгийн “Милан” багийг шүтдэг болсон. Матерацци надад “Интер”-ийн өмсгөл бэлэглэж, урвуулах гэж оролдсон ч би багтаа үнэнч үлдсэн.
Плей-офф эхлэх гэж байхад бүгд л "Коби аль эрт 31 нас хүрсэн” гэж ярьж байлаа. Харин одоо харахад би аль эрт биш дөнгөж 31 настай гэдэг нь харагдаж байгаа биз.
Нэг хэсэг би торгуулийн шидэлт оруулж чадахаа больсон байлаа. Шугамын өмнө шидэх гээд зогсож байхад Шанхай хотын төвд орчуулагчгүй хаягдсан мэт мэдрэмж төрж байсан.
Хэнтэй ч тоглосон надад ялгаа байхгүй. Харь гарагийнхантай ч үзэлцэхэд бэлэн байна.
Барак Обама солгой гартай, холоос гайгүй шиддэг. Ер нь Ерөнхийлөгч хүний хувьд сайн тоглодог гэж хэлж болно. Гэхдээ хэн ч түүн дээр алдаа гаргах гэж зориглодоггүй болохоор тэр торгуулийн шидэлт огт шиддэггүй. Энэ бол түүний тоглолтын хамгийн том сул тал.
Би бүх хүнээр дэмжүүлэхийн тулд сагсан бөмбөг тоглодоггүй. Ялахын тулд тоглодог.
Намайг бүхнийг давж чадсан, ялагч гэж дурсаж байгаасай гэж хүсэж байна.
Ес алдаад дахин шидэхээ больсноос 30 дараалан алдаж шидсэн нь дээр.
“Лейкерс”-тэй гэрээ байгуулахад аав, ээж хоёр минь гарын үсэг зурсан. Харин би тэнэг юм шиг инээмсэглээд л сууж байлаа.
Эргэн тойрны бүх залуус даам тоглох дуртай. Харин би шатар тоглох гэж ирсэн.
Ялахын төлөө би юу ч хийхэд бэлэн. Сэлгээнд сууж, алчуур даллан, ус тарааж, шийдвэрлэх гоол оруулахад бэлэн.
Дуртай зүйлээ хийж байгаа болохоор би аз жаргалтай байдаг. Нэг удаа би унтлагын цагаа багасгаж, бэлтгэл хийх гэтэл багш нар болиулсан.
Жордантай юугаараа адилхан бэ гэж үү? Тэр халзан, харин би гоё үстэй. Тэр хөгшин, би залуу. Намайг Коби чигээр минь үлдээ л дээ.
Рекорд тогтоох нь нэр төрийн хэрэг. Гэхдээ би талбай дээр жинхэнэ тамирчдын эсрэг тоглож байгаа болохоор хуучны ямар нэг одыг оноогоор даван гарсан нь надад огт хамаа байхгүй.
Тоглолтын үеэр би бүх сумаа буудаж дуусгадаг. Өөр арга байхгүй. Харин дараа нь хэд оносон бэ гэдгээ тоолж болно.
Аав, ээж минь миний хамгийн үнэнч фэн. 40 оноо авсан ч, ялагдсан ч тэд надтай үргэлж хамт.
Тоглолтын үеэр заримдаа надад Play Stаtion тоглож байгаа мэт санагддаг. Өрсөлдөгчдийн стикер эвдэрч, хэдэн товч нь унасан мэт.
“Мэдисон Сквер Гарден”-д тоглох дуртай. Энэ цэнгэлдэх надад гладиаторууд тулалддаг байсан Колизей шиг санагддаг.
Хуучны тоглогчдоос хэнтэй хамт тоглохыг хүсдэг вэ гэж асуувал би Мэжик Жонсон, Билл Расселийг сонгоно.
Багадаа би хөлбөмбөгч болохыг хүсдэг байлаа. Нэг өдөр өөрийгөө Ван Бастен гэж төсөөлөөд, дараа нь Марадона, Бажо болдог байсан. Би Италид төрсөн болохоор хөлбөмбөг их үздэг байсан. Гэхдээ надад техникт илүү анхаардаг Англи, Испанийн хөлбөмбөг илүү таалагддаг.
Олимпын алдарт тамирчдын дунд ороод би өөрийгөө Хогвартст ирсэн Харри Поттер шиг л санаж байв.
Олимпын алтан медалиа би Бээжингээс Чикаго ортол хүзүүнээсээ салгаагүй. Олимпын аварга болно гэдэг НБА-д түрүүлэхээс илүү чухал.
Би хэд хэдэн гадаад хэл мэднэ. Шүүгчдээс уур хилэнгээ нуухад тус болдог юм. Ялангуяа францаар бүх үг сонсголонтой сайхан. Шүүгч нар дээр очоод “Тэнэг новшнууд аа, та нар яаж байна” гээд францаар хэлэхэд тэд ойлгохгүй, инээж байдаг.
Халз үзэлцэх юм бол би Леброныг хуурч чадна. ЛеБрон бол сайн дамжуулалт өгдөг, олон талтай тоглогч. Харин би хувийн ур чадвараар өрсөлдөгчдөө хууран гардаг.
Хэзээ ч дасгалжуулагч болохгүй. Маш их стресстэй ажил. Харин би хүүхдүүдтэй ажиллаж, мастер-класс хийх дуртай.
Сэтгэгдэл ( 11 )