БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адьяасүрэн, Монголын Хөргөлт,халаалт, агааржуулалтын холбооны ерөнхийлөгч Ц.Өсөхжаргал, Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн нартай ярилцлаа.
-БОАЖЯ-наас энэ долоо хоногт хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулна. Яг ямар зорилго, зорилттой арга хэмжээ болох гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Ц.Адьяасүрэн: -2019 оны наймдугаар сарын 26-29-ний хооронд БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хоёр томоохон үйл явдлыг Монголд зохион байгуулах гэж байна. Энэ бол Олон улсын хэмжээний арга хэмжээ. Нэгдүгээрт, Озоны давхаргад нөлөөтэй гидрофторт төрлийн нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулахтай холбоотойгоор олон улсын хэмжээний хуралдаан зохион байгуулна. Энэ хуралдаанд Азийн бүсийн 11 орны 34 төлөөлөгч оролцох юм.
Хоёрдугаарт, Монголдоо бид анх удаа озоны давхаргад нөлөө багатай орчин үеийн шилдэг технологийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байгаа. Үзэсгэлэнгийн талаар манай ажилтнууд жич ярина. Эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж, сүүлийн хэдэн сар манай яам, алба хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Үзэсгэлэнд хамгийн гол нь дотоодод манай импортлогч компаниудын оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд, хэрэгслүүдийг тавих учраас ард иргэд худалдан авагчдад үзүүштэй, аж амьдралд нь ашиг тустай сонголт хийх боломж олгож байна.
-“Озон-уур амьсгалд ээлтэй технологи” үзэсгэлэн хаана, хэдэн өдөр үргэлжлэх вэ?
Д.Дуламсүрэн: -2019 оны наймдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн Улаанбаатар хотын “Холидэй Инн” зочид буудалд болно. Үзэсгэлэн байгаль орчин, озон-уур амьсгалд ээлтэй хөргөлт, агааржуулалтын дэлхийн дэвшилт шинэт ехнологи, шилдэг шийдлийг танилцуулах юм. Үзэсгэлэнд үндэсний шилдэг компаниуд, сургалт судалгааны байгууллагууд озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг дэмжих, олон нийтэд түгээх, мөн энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологийг Монгол Улсын бодлого боловсруулагчид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчдөд танилцуулах зорилготой. Мөн хөргөлт, агааржуулалт, халаалтын салбар дахь одоогийн чиг хандлага, ирээдүйд Монголын зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ. Энэхүү үзэсгэлэн манай улс Монреалийн протоколыг хэрэгжүүлсэн 20 жилийн хугацаанд анх удаа зохион байгуулж буйгаараа түүхэн чухал үйл явдал юм.
Үзэсгэлэнгийн үеэр дугуй ширээний ярилцлагыг багтаасан. Тэнд НҮБ-ын болон Япон, Хятад зэрэг орны экспертүүд дэлхийн озон-уур амьсгалд ээлтэй технологийн талаар чиг хандлагын илтгэлүүдийг танилцуулна.
-Хэдэн аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна бэ?
Д.Дуламсүрэн: -Өнөөдрийн байдлаар ийм үзэсгэлэн Монголоос гадна долоон оронд зохион байгуулагдсан. Ийм үзэсгэлэн гаргахад олон улсын байгууллагаас тусгай шалгуур тавьдаг бөгөөд озон-уур амьсгалд ээлтэй хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, бодис технологийг танилцуулах зорилготой. БОАЖЯ-наас озон задалдаг болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж орлуулах бодистой холбоотой тусгай зөвшөөрөл олгодог. Тэрхүү тусгай зөвшөөрөлд үндэслэн бид аж ахуйн нэгжүүдэд үзэсгэлэнд оролцохыг урьсан. Тэдгээр 12 аж ахуй нэгж, хөргөлт, агааржуулалтын чиглэлээр сургалт явуулж байгаа инженер, техникийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиуд, сургалтын төвүүд оролцож байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын үнэлгээний төв гээд нийт 17 байгууллага оролцоно.
-Манай улсад хөргөлт, агаар сэлгэлтэд байгаль орчинд ээлтэй ямар технологи нэвтэрч, нэвтрүүлж байгаа вэ?
Ц.Өсөхжаргал: -Манай улсад, манай улс гэлтгүй дэлхий нийтээрээ шинэ технологи руу шилжиж байна. Хөргөлтийн технологи нь байгаль орчин, тэр тусмаа озоны давхаргад хор хөнөөлтэй гэдэг нь тогтоодсоноос хойш тасралтгүй шинэчлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2010 оноос хойш R290, R 34 зэрэг бодис гарснаас хойш өнөөдөр байгалийн гаралтай эдгээр бодис нь Монгол оронд туршигдаад явж байна. Энэ нь ард түмэнд төдийлөн сайн хэрэглэгдээгүй байгаа учраас өнөөдөр тэдгээрийг сурталчлах, таны эдийн засаг болон байгаль орчинд ямар сайн нөлөөтөй вэ гэдгийг тодорхойлох нь чухал байгаа юм.
-Хүмүүс хэдийгээр харьцангуй хямд үнэтэйг худалдаж авах нь түлхүү ч байгаль орчинд ээлтэйг илүүтэй сонирхох болсон. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, байгаль орчинд ээлтэй технологи гэх мэт зүйлсийг арай илүү үнэтэй байсан ч гэсэн худалдаж авах, ахуйн хэрэглээндээ хэрэглэх нь нэмэгдсэн. Гэхдээ хаанаас баталгаатай, ээлтэйг нь худалдаж авахыг мэддэггүй. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
Ц.Адъяасүрэн: -Ер нь хүмүүс озоны давхарга биднээс хол байгаа гэж ярьдаг. Гэтэл озоны давхаргыг хамгаалахын учир холбогдол нь юу вэ? Нарнаас ирж байгаа хэт ягаан туяа нь озоны давхаргыг өөртөө шүүж авдаг юм. Өөрөөр хэлбэл, тодорхой бага хэмжээтэй хэсгийг наашаа Дэлхийн гадарга руу нэвтрүүлээд, бусдыг нь өөртөө шингээж авдаг. Озон гэдэг бол хүчилтөрөгчийн гурван атомт хийнээс бүрдэнэ. Озоны давхарга гэдэг бол энэ гурван атомт хийнээс бүрдсэн агаар мандал дахь хийн давхарга юм.
Тэгвэл энэ давхарга яагаад болохоо больчихов. Хүн төрөлхтөн 1928 онд хөргөлтөд хэрэглэдэг анхны бодисыг нээсэн түүхтэй. Ингээд хэрэглэсээр 1970 он хүрсэн. Гэвч аливаа зүйлд сайн, муу хоёр тал бий. Муу тал нь давамгайлаад ирэхээр энэ бодисонд агуулагдаж байгаа хлор, фтор гэх химийн элементүүд озоны хийтэй урвалд ороод, тэдгээрийг задлаад озоны давхарга нимгэрч, үгүй болж эхэлсэн хэрэг. Ингээд озоны давхарга нимгэрэх тусам нарны хэт ягаан туяа дэлхийд шууд бууна гэсэн үг.
-Ингэснээр ямар сөрөг нөлөөллүүд бий болсон бэ?
Ц.Адъяасүрэн: -Озоны давхрга нимгэрсэнээр дэлхийн экосистем, хүн амьтанд гурван төрлийн муу нөлөөг үзүүлдэг. Нэгдүгээрт, хүний дархлаа сулрах, хоёрдугаарт арьсны өвчин тусаж байгаа. Гуравдугаарт, сүүлийн үед хүмүүсийн нүдний болор цайх болсон. Энэ болгоны нөлөөллийн эцсийн дүн нь хэт ягаан туяа юм гэж эрдэмтэд тогтоосон юм. Иймд озоны давхаргыг хамгаалах асуудалд хүн төрөлхтөн санал нэгдээд, хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр озоны давхаргыг цоолоод байгаа буюу яриад байгаа тэр химийн бодисуудын хэрэглээг өөрчлөх асуудал хамгийн чухал болоод байна. Хлор болон фторт нүүрстөрөгчийн хийн хэрэглээг 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс дэлхий нийтээр зогсоосон. Одоо үндсэндээ ашиглах, үйлдвэрлэхийг 99 хувиар зогсоогоод байна.Тэгэхдээ амьдралыг зогсоохгүйн тулд өөр төрлийн хөргөх химийн бодис хэрэглэж байгаа. Гэтэл тэр нь дахиад Дэлхийн дулааралд нөлөөтэй бодис болоод байгаа юм.
Д.Дуламсүрэн: -Озон задлах чадвар буюу тэр нөлөөллийн хэмждэг нэгж нь тэг буюу озон задлах чадваргүй, уур амьсгалд нөлөөгүй буюу дэлхийн дулааралд нөлөөлөх чадваргүй, эсвэл хамгийн бага гэсэн шаардлагыг тавьж байгаа. Ер нь озон-уур амьсгалд ээлтэй технологи, бодис гэж юуг хэлээд байна вэ гэдэг дээр товчхон тайлбар өгөх ёстой байх.Озон-уур амьсгалд ээлтэй технологи гэдэг бол озон задлагч чадвар тэг, уур амьсгалд нөлөөлөх чадвар хамгийн бага хөргөлтийн бодисыг “Озон-уур амьсгалд ээлтэй технологи буюу эрчим хүчинд хэмнэлттэй” гэж олон улсын байгууллагаас тодорхойлсон.
Ц.Адъяасүрэн: -Зөвшөөрөлгүй хөргөлт, агааржуулалтын үйл ажиллагаа явуулах хувь хүмүүс олон болсон. Манайхан мэдэхгүй, чадахгүй ажил руу шууд орчихдог, бас тэгээд хуурамч бодис оруулж ирдэг бүлэг ч бий. Тиймээс БОАЖЯ, Озоны үндэсний алба засвар үйлчилгээ хийдэг газруудад МСҮТ-тэй хамтраад үнэлгээ хийж, тэдгээрт мэргэшлийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, энэ жил 30 гаруй хүнд гэрчилгээ олгоод байна. Энэ ажлыг Ц.Өсөхжаргал дарга удирдан зохион байгуулж байгаа. Хамгийн гол нь энэ үзэсгэлэнгээр иргэд хуурамч биш, жинхэнэ, сайн чанартайг нь олж аваасай, таньж мэдээсэй гэж хүсэж байна.
Ц.Өсөхжаргал: -Хөргөлт бол нарийн зохион байгуулалттай тоноглол. Хөргөлтөд ордог бодис маш нарийн бүтэцтэй болж байгаатай холбогдуулан дэлхий нийт анхаарлаа түлхүү хандуулж байна. Ирээдүйн хөргөлтийн чиг хандлага асар өндөр хөгжсөнийг үзэсгэлэнгээс хараасай гэж хүсч байна. Байгаль орчинд хортой хуучин бодисоор цэнэглэдэг байсан бол одоо хоргүй бодисоор цэнэглэдэг боллоо. Гэтэл хажуугаар нь аюултай буюу шатах, дэлбэрэх зэрэг аюултай бодисууд гараад ирсэн. Ийм бодистой ажиллахад манай хөргөлтийн инженер, техникийн ажилчид бэлэн үү гэсэн асуудал гарч ирнэ. Үүнд бид гол анхаарлаа хандуулж тэднийг сургаж дадлагажуулж байгаа.
Ц.Адъяасүрэн: -Нэмж хэлэхэд манай БОАЖЯ, НҮБ-тай хамтран үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ тавьж буй аж ахуйн нэгж компанийн хувьд нэлээн өндөр шалгуур тавин ажиллаж байгаа. Тиймээс дэлхийн дулааралд нөлөөтэй хуучирсан бодис, техник тавиулахгүй, хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байх зэрэг хатуу шаардлага тавьсан. Тийм учраас энэ үзэсгэлэн ирээдүйгээ харсан, цаад утгаараа хүний эрүүл мэндийг хамгаалсан,иргэдийн хэтэвчинд нь хэмнэлттэй байх технологийн шаардлага хангасан үзэсгэлэн юм.
Азийн улс орнууд бид харилцан туршлагаа солилцох, бие биеэсээ суралцах зорилготой дөрвөн өдөр хуралдаан болох юм. Цаашид Монголын байгаль орчныг хамгаалах, дэлхий гарагийн байгаль орчныг хамгаалахад ач тустай хурлыг манай БОАЖЯ дэмжиж, санаачилж байгааг хэлэх нь зүйтэй.
-Дэлхийн бусад орон энэ асуудлаа хэрхэн шийдэж байна вэ. Мэдээж 100 хувь шийдчихсэн улс гэж байхгүй болов уу. Хамгийн гол нь, ард түмний хэрэглээ байсаар байгаа цагт байгаль орчинд ээлгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисыг зах зээлээс шахах, хориглох ямар шийдэл, арга байна вэ?
-Ц.Өсөхжаргал: -Хамгийн ойрын жишээ гэвэл АНУ-д болдог том том үзэсгэлэнгүүдийг дурдаж болно. Бид сонирхогчийн зүгээс оролцдог. Чиглэлийг нь хараад байхад ихэвчлэн хөргөх бодис Глобал тал руугаа чиглэсэн байдаг. Том үйлдвэрлэгч орон учраас технологио шинэчлэх сайжруулах тал дээр асар их хугацаа зарцуулдаг нь харагддаг. Харин манайх шиг орон технологийн шинэчлэлд шилжихэд амархан.
Ц.Адъяасүрэн: -Энэ жилийн улс орнуудын хамгийн гол асуудал нэгдүгээрт, үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгох юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй бодисыг оруулж ирдэг хууль зүйн орчныг бүрдүүлэх, хянадаг шалгадаг байгууллагуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, сайжруулах. Энэ талаар Монгол Улс нэлээд ажил хийсэн, амжилттай ч явж байгаа. Хоёрдугаарт, хөргөлт, агааржуулалтын инженер, техникийн ажилтан хүмүүсийг чадавхижуулах нь хамгийн чухал. Тэднийг мэргэшүүлэхийн тулд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч үнэлгээ хийж, гэрчилгээжүүлэх ажлыг тодорхой хэмжээгээр зохион байгуулж байна. Гуравдугаарт, импортолж байгаа бодис, тоног төхөөрөмжид хил гааль дээр хяналт тавьдаг хүмүүсийг өндөр мэдлэг, чадвартай болгох хэрэгтэй байдаг.
-Хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай бодисууд технологид нэвтрээд эхэлсэн талаар ярилаа. Үүнийг дэлхийн улс орнууд хэрхэн шийдэж байна вэ?
Д.Дуламсүрэн: -Бодис импортлоход хил гааль дээр хяналт тавих, гаалийн байцаагчийг чадавхижуулах хууль зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах ажлууд хийж байгаа. Өнөөдөр байгаль орчинд ээлтэй ч хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай бодисууд болон технологи нэвтрээд эхэллээ. Үүнийг дэлхийн улс орнууд яаж шийдэж байгаа вэ гэвэл инженер техникийн ажилчид өндөр чадвартай, аюулгүй ажилгааны дүрэм бүрэн баримталдаг, хэрэглэгчид өөрсдөө тэр тал дээр мэдлэгтэй, зөвхөн баталгаатай гэрчилгээтэй компанид хандах ёстойг маш сайн ухамсарлахад гол анхаарлаа хандуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр хөргөлт, агааржуулалтын техник, технологийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв, бодлогын чиг хандлагыг хэлэлцэх болно. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Япон улс, БНХАУ-ын экспертүүдээс озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй хөргөлт, агааржуулалтын шинэ, шилдэг технологийн мэдээллийг нэг дор авах боломжтой.
Барилга байгууламж, уул уурхай, эрчим хүчний хэмнэлттэй техник, технологи, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, сүлжээ дэлгүүр, мах сүү боловсруулалт, төмс, хүнсий ногоо, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэгчдийг энэхүү үзэсгэлэнд ирэхийг урьж байна.
Энэхүү үзэсгэлэн салбарын эрдэмтэн судлаачид гэхээсээ илүү иргэд рүү чиглэжээ гэж ойлгож байна. Мэдээж байгаль орчинд ээлтэй озоны давхрагыг хамгаалсан, дэлхийн дулаарлын эсрэг энэ технологийг илүү сонирхох байх гэж бодож байна. Та бүхэнд амжилт хүсье ээ.
Тэмдэглэсэн: Ж.Золчимэг
Сэтгэгдэл ( 0 )