УВС: Олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулав. Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов.

Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм. Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415,6х15 метрээс 415,6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны гуравдугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм. Мөн сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top