ОЛОН ӨНГӨ: Нэг ангийнхан

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Арван жилийн ангийнхны хамгийн сайхан нь олон ч зүйлийг анх удаа хамтдаа хийж үздэг. Анх хамтдаа уншиж сурахаас эхлээд л... Оюутан болоод тарцгаасан хойноо манай ангийнхан бас л хамтдаа хатуу юм амсаж сурцгаасан байдаг юм аа. Хөвгүүд маань охидоосоо түрүүлэн гэрлэцгээж, нэг хэсэг ангийн охид гэдэг эхнэрүүдийн “дайсан” шахуу болсон үе бий ч бид нийлдэг хэвээрээ л үлдсэн. Ангийнхны уулзалт гэхээр охидын нэр сонсоод уурладаг байсан бэрүүд одоо бол ангийн “охид”-той найзууд болж, уулзалтын дундуур утсаар яриад нөхрөө захидаг болсон байна лээ. Нөхөрлөлийнхөө төлөө бид ийм л олон жил хөдөлмөрлөж дээ.

Сүүлд уулзахад би хоёр цаг хүлээлгэж, хорин удаа утасдуулж очлоо. Захиалгатай өрөөний үүдэнд ирээд чагнатал чимээ гардаггүй. Хаалга нээгээд хартал дугуй ширээний голд ус, ундаагаа жирийтэл өрчихсөн, байрнаас нь ганцыг ч хөдөлгөөгүй, хуралд ирцгээсэн аятай шивэгнэх нь холгүй чухал царайлчихсан сууцгааж байдаг юм. “Ангийн даргыг ирэхээр эхэлнэ” гээд намайг хүлээцэн байдгийг нь мэддэг мөртлөө би дандаа хоцорч очиж, тэр бүрт тэднийхээ хүндлэл, хүмүүжлийг шагширна... Уулзалтын төгсгөлд тооцоог нэг, хоёр хүн хийдгийг мэдсээр хэрнээ бүгд түрийвч, цүнхээ уудалж сандралдана. Тэгснээ хувь, хувиа дансаар заавал явуулна гэж өнөөхөө сандаргах нь ч хүмүүжил юм даа...

Амьдралын жаргал, зовлонд үргэлж ойр байж, бие биесийнхээ аж амьдралыг алсаас ажин ах, эгч шиг нь санаа тавьцгаадаг бид нэгнээ муулж, муудалцаж үзээгүй байх юм. Яриа халсан үед санаа нийлэхгүй сэдэв рүү орвол бүгд команд авсан шиг гэнэт дуугаа хураагаад нэг хором чимээгүй болсноо “за, барьцгаая” гээд л өнгөрцгөөдөг юм. Багын явдлаа ярихаараа уйдашгүй, бас дуусашгүй.

Одоо харин нэг л сонин зүйл байх болов. Ойн уулзалт хийх гэхээр ойр ойрхон уулздаг хүмүүст утгагүй ч юм шиг болчихсонд л учир нь байна. Хичээлийн шинэ жил дөхөөд хүүхэд бүрийн сэтгэл сургууль руугаа яарах энэ өдрүүдэд яагаад ч юм бэ сайхан найзуудаа сэтгэл догдлон дурсмаар санагдчихлаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuka(139.5.217.239) 2019 оны 09 сарын 02

Ger bulees iliu garah naiz nuhud 10 jiliinhen oyutnii angiinhan gej baidaggui yum daa niilleed baahan l idej uuna yamar ch utgagui arhidalt l boldog odoo ochihgui bolson amar baina

1  |  0
Top