Хов живний ХАР ЗАХ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Цахим сүлжээнд хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдах байдал хэрээс хэтэрч зориудаар нийгмийн бухимдлыг төрүүлэх захиалгат бичээчид ч бий болсон. Нийгмийн бухимдал хүрээгээ тэлэх бүрт үзэн ядах, хэн нэгнийг цээрлэх, цовдлох давалгаа өрнөсөөр байна. Зориудаар хэн нэгнийг “булшлах” кампанит ажил нь ихэвчлэн улс төрийн хүрээг хамардаг байсан бол өнөөдөр зөвхөн түүгээр хязгаарлагдахаа больсон юм. Сошлын буянаар олон жил уулзаагүй найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах боломж бүрдсэн ч сөргөөр ашиглагчдын тоо хэрээс хэтэрлээ. Ямар ч баримтгүйгээр “Тэр тэгжээ” хэмээн пост оруулахад л бөөнөөрөө нийлж байгаад “будаа” болгодог.

Байнга хүнд атаархдаг, үргэлж бусдыг буруутгадаг сошл-чдыг та олноор харсан байх. Харвардын эрдэмтэд сошл орчин хүнийг хар тамхи мэт донтуулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Олон улсад үүнийг сэтгэцийн эмгэг хэмээн тодорхойлох болжээ. 

Тэгвэл манай улсад фэйсбүүк, твиттерийн хэрэглээ өндөр байдаг. Үүнийг ашиглан нийгэмд сөрөг үр дагавар бүхий иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зүйлс ихээхэн дэлгэрсэн. Сошл солиорлын дээд цэг нь фэйсбүүк болчихоод байна. Харгис, садар самуун бичлэгээс эхлээд байж болох “нүгэл” бүхнийг тэндээс харж болохоор. Ямар ч шүүлтүүргүйгээр хүмүүст хүрдэг нь хамгийн аюул юм. Цаашлаад таалагдахгүй хүнээ зураг хөрөгтэй нь тавьж байгаад дэлхий нийтээр цацаж байгаа юм. Үүнээс гадна буруу зүйлд уриалан дуудагч, дөгөөгчид ч сошл орчинд хүчээ авч байгаа. Тухайлбал, өөрийгөө “Эзэн Чингис хаан” гэж нэрлэсэн галзуу, солиотой нь ч мэдэгдэхгүй товарищ “Би хар тамхичин байсан” гээд хээв нэг лайв хийгээд сууж байна. Мөн тэр нөхөр фэйсбүүк хуудсаараа шууд лайв хийхдээ “Хэнээс юунаас айгаад чичрээд байгаа юм бэ. Хэлэх үг байгаа бол ирээд уулзаж яриач. Хэлэлцэж чадахгүй бол нэг нь хорвоод үлдээд нөгөө нь хорвоог орхиод явъя. Би алуурчин. Би өөрийн гараар хүн алахгүй л дээ” хэмээн гартаа хутга эргүүлээд сууж байх юм. Ийм солиотнуудын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөрчлийн хуулиараа хариуцлага хүлээлгэхгүй бол ямар ч хууль цаазгүй мэт аяглагчид цөөн хэсэг бүлэг хүмүүсээр хэмжигдэж байсан бол сүрэг сүргээрээ бий болох нь. Зарим нь гадны иргэдийн бичиг баримтыг дур мэдэн хураан авч хуульгүй оронд хууль тогтоож байгаа мэт аяглаж байх. Буруу зөвийг нь шалгахаар дуудсан цагдаагийнханд “Тэмцэгч биднийг шалгах эрх ямар ч төрийн хүчний байгууллагад байхгүй” хэмээн дөвшигчнөж байна шүү дээ. Сошлын энэ мэт түрэмгий урсгал ялангуяа үзэл бодол нь төлөвших гэж яваа залуу үеийнхэнд тунчиг хор хохиролтойгоор сэтгэл зүйд нөлөөлөх боллоо. Хар тамхины хэрэглээ, сурталчилгаа цахим орчинд хамгийн их газар авч залуу үед аюулын харанга дэлдээд эхэллээ.

Тухайлбал, С.Баярцогтыг цаазал хэмээн шууд ял оноодог ийм л цаг үед сошл орчныг хязгаарлахгүй бол шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэсэн сошлоор цаазын ял оноодог болох нь. Хууль журмаас гадуур ямар ч баримт нотолгоогүй хүнийг гутаан доромжилж, гүтгэж болох наад захын хэмжүүр нь цахим орчин. Хэн нэгнийг буруутган дайрахад түүнийг даган хөөрцөглөх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр дэлгэцний цаанаас бусдыг харлуулан гутаах, дэвслэн хашхичих хүмүүс... Монголчуудын түгээмэл хэрэглэдэг фэйсбүүк группүүдээс шинэ мэдээлэл, сайн  сайхан үгс, кино, зар, хоббигоо олсон хүмүүс байлгүй л яахав. Фэйсбүүкээр танилцан гэр бүл болж аз жаргалтай амьдарч яваа хүмүүс ч бий. Харамсалтай нь сайн сайхан бүгдээс илүү хэрүүл оволзож байдаг хов живны хар зах болтлоо сошл хэрэглээ буруу тийшээ эргэжээ. Сошл орчин дахь зөв хэрэглээг идэвхжүүлэх гэсэн залуусын давалгаа гардаг ч хангалттай үр дүнд хүрсэнгүй. Сошлын салшгүй нэг хэсэг болох фэйсбүүкийг улстөрчид өөрт ашигтайгаар хэрэглэдэг. Ялангуяа улс төрийн сонгуулийн өмнө нөгөө намаас нэр дэвшигчээ, улс төрийн өөр нэг хүчнээ нухчин дарах хамгийн том зэвсэг болгодог. Ирэх жилийн сонгууль ямар хар бараан болохыг таашгүй.

Нэгэнт зах хязгааргүй хөврөх цахим орчныг хуулиар хязгаарлахгүй бол тэр бүх хүнээс зай барих боломжгүй. Өөрт ногдох ганц боломж нь өөрөө л цахим сүлжээг ашиглахгүй байх болчихоод байна. Биднийг багад хүнийг хүндлэх ёс суртахууныг заадаг байлаа. Орчин цагт сошл дахь ёс суртахууны хичээл заах хэрэгтэй болжээ. Гүжир үг гүнзгий уснаас хэцүү гэдэг. Гүтгэн доромжлуулсан хүмүүс тэр бүр жав жав хийгээд явдаггүй. Учир нь өөрөө тэднээс дутуугүй “заваан амьтан” болж харагдах тул тэгсхийгээд өнгөрдөг байх юм. Тухайн хүн гэм буруутай байж болно. Гэхдээ халдаж болохгүй улаан шугам гэж бий. Тэр нь мэдээж хүн бүрийн хамгийн үнэт зүйл болох гэр бүл. Ор хөнжил, унах унаа, идэх хоол, өмсөх хувцас ярьж байгаад дайралтууд эцэстээ гэр бүлийнхэн рүү нь эрээ цээргүй ордог. Гэр бүлийнх нь гэрэл зургийг тавьж байгаад бах таваа ханган муулагчид сүргээрээ орж ирээд “дур тавьдаг”. Цахим эрх чөлөө байж болох ч хүний эрх, эрх чөлөөнөөс давсан цахим эрх чөлөө гэж юу байхав. Фэйсбүүкт хэр хугацаа зарцуулдагаас хамааран сэтгэлийн гүн гүнзгий хямрал болон өөрийгөө голох хам шинжид өртдөг гэнэ. Энэ нь даамжирвал хэн нэгний амийг бүрэлгэх, амиа хорлох шалтгаан болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Нийгмийн шүдний өвчин болсон энэ асуудалтай дэлхийн олон орон өөр өөрийн аргаар тэмцэж байна. Тухайлбал, ОХУ фэйсбүүк компанийн ОХУ-ын хууль дүрмийг дагаж ажиллахгүй бол өөрийн улсад ашиглахыг хориглож, хаана гэдгээ мэдэгдсэн. ОХУ хуулиараа “Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд орос иргэдийн хувийн мэдээллийг зөвхөн тус улсад байрлах сервер дээр хадгална” гээд заагаад өгчихсөн. Уг хуулийн заалтыг дагаж ажиллаагүй гэсэн шалтгаанаар “Linkedln” цахим сүлжээнд ОХУ-аас нэвтрэх эрхийг хаасан байдаг. Тэгвэл БНХАУ 2009 онд Уйнгурын бослогын үеэр сошлыг хязгаарлаж, интернэтэд тавих хяналтаа эрчимжүүлэн фэйсбүүк, твиттерийг хааж байлаа. Ойрын жишээ гэвэл Пакистан улсад 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд тус улсын Сонгуулийн комисс сошл медиаг ашиглахыг хориглон, Пакистаны Сонгуулийн комиссын ажилтнууд, аймаг нутаг дэвсгэрийн албадыг фэйсбүүк, твиттер, Youtube ашиглахыг хориглосон гэх мэтээр бусад орнуудын жишээ үргэлжилнэ.

Буруу зүйлд уриалан дуудсан энэ бүхэнд цэг хатгах боломж нь хуульчлах явдал. Гэсэн ч манайхан хууль номонд захирагдах дургүй. Тиймээс дэлхий нийтийн хэрэглээг монгол хуульчилна гэж байхгүй гэж ирээд “бохир” ертөнцдөө үлдэхийн тулд бусдыг эрээ цээргүйгээр давшилдаг. Ёстой бодох юмгүй гөвнө гээч. “Би бол цахим орчин дахь араатан” хэмээн нэгэн хүн өөрийгөө тодорхойлжээ. Ажлын болон бусад шаардлагаар цахим орчинд өдрийн хэдэн цагийг өнгөрүүлдэг бид “араатан”-аас дутуугүй авиртай байдаг шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(64.119.26.235) 2019 оны 08 сарын 28

Bi law tiishee oroogvi 3 jil bolj bna. Minii baih gazar Ter bish

0  |  0
Top