“Залуу явахад бидний алдаа ашигтай.
Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй.”
Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Йоханн Вольфганг фон Гёте 1749 оны наймдугаар сарын 28-нд Франкфурт хотноо хуульчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа гэрийн багшаар гадаад хэл, тоо бодлого, бодисын зүй, түмэн бодисын ухаан заалгаж, эцгийнхээ цуглуулсан номын санг ашиглан өндөр боловсрол олж авсан гэдэг. Сурч боловсрох насандаа Лейпциг, Страсбургийн их сургуулиудад хууль зүйн ухаан судлахын зэрэгцээ уран зохиол, анагаах ухаан, гүн ухаан, байгалийн ухааны чиглэлээр лекц сонсож, шинийг сурч мэдэх, орчлон ертөнцийн хамаг л нууцыг тайлж таних гэсэн эрмэлзэлтэй, сониуч хүүхэд байсан бөгөөд насан өндөр болсон хойноо ч энэ зангаа орхиогүй юм.
Түүнийг дэлхий дахинд анх алдаршуулсан гол уран бүтээл нь “Гец фон Берлихинген” /1771/ жүжиг. Яруу найраг, жүжиг, романы төрлөөр бичиж байсан Гётегийн зохиол бүтээлд нь феодалын хуучин ёсны эвдрэл, шинэ капиталист харилцааны бүрэлдэн тогтож буй үйл явцын нарийн төвөгтэй зөрчил олон талаар туссанаас гадна, өргөн газар орныг хамарч, олон анги давхаргын хүмүүсийг оролцуулсан, уянгын баатар нь идэвхтэй, сэтгэлийн хурц хөдөлгөөнтэй байдгаараа классицизмын үеийн зохиолуудаас ялгардаг. Түүний алдартай зохиол бүтээлүүдээс дурдвал “Прометей”, “Залуу Вертерийн сэтгэлийн шаналан”, “Эгмонт”, “Торквато Тассо”, “Вильгельм Мейстр”, “Ифигения Тавридад” зэрэг жүжиг, роман олныг нэрлэж болно. Мөн Гёте амьдралынхаа туршид 1600 орчим шог, хошин шүлэг бичсэнээс амьдралыг үгээр зурагласан, чихнээ яруу эгшиглэнтэй сонстох олон шүлэгт нь хожим Бетховен, Моцарт, Шуберт нар ая зохион олны дунд ихэд дэлгэрсэн юм.
“Сониуч биш хүн юу ч сурч мэдэхгүй.”
“Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. “
Түүний уран бүтээлийн оргил нь ардын домгоос сэдэвлэж, 60 жилийн турш бичсэн “Фауст” гүн ухааны жүжиг юм. Хожим зохиолч А.С.Пушкин энэ жүжгийг эртний Грекийн уран зохиолын алдарт бүтээл “Илиадын дуулал” зохиолтой адилтган үзсэн нь бий. Магадгүй монгол уншигчдын дунд хамгийн алдартай бүтээлээр түүний “Фауст” эмгэнэлт жүжгийг нэрлэж болно. Доктор Фаустын амьдралын таван үеийг таван бүлгээр харуулдаг эл эмгэнэлт жүжгийг хэн бүхэн уншаад шууд ойлгочихооргүй адармаатай бүтээл гэх нь бий. Зохиолд Фаустын тамын чөтгөртэй хийж байгаа гэрээ, там ба диваажингийн ялгааг хүлээн зөвшөөрөхийг хичээж буй болон өөрийн дотоод ертөнц, оюун санааныхаа зөрчилдөөнийг нээн илрүүлж буйг харуулахын зэрэгцээ зохиолчийн эрэл хайгуул хийж байсан романтизм, сонгодог зохиолын нийлмэл илрэлийг мөн үзүүлдэг. Фауст тэргүүтэй олон олон зохиол бүтээл өдгөөг хүртэл алдартай байдгийн шалтгаан нь түүний сор болсон авьяас билгийн тод илрэл биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )