Том аюул ба тогтвортой хөгжил

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

-Байгаль орчныг сүйдэлсэн, хуулийг мөрдөөгүй, хариуцлагагүй уурхай эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг цуцлаад эхэлсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг шийдэхгүй юм аа гэхэд сонгуулиар сайн, муу үнэлэлтийг өгөх хэмжээний үйл явдал болж байгаагийн учир юу гээч. Тэр уг нь хувьсгал хийгээгүй биз дээ?!-

Засгийн газар бүрт бодлого бий. Тэрхүү бодлого нь ихэнхдээ сайн бодлого байх магадлал нь илүү. Учир нь иргэдэд байгаагаас илүү гүнзгий мэдээлэл, өгөгдөлд үндэслэсэн төдийгүй нийт олонхийн сайн, сайхны төлөө зориулагдахаар бодогддог тул магадлалын хувьд та, бидний бодож байгаагаас илүү сайн байх учиртай. Гэвч яагаад тэр болгон сайн бодлого сайн үр дүнд хүрч төгсч чаддаггүй юм бол?! Мэдээж, өнөөх “хорин мянган хувьсагч” гэдэг маш олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Гэхдээ онолын хувьд бодлого бүрт нэг ижил мөн чанар байдаг нь бодлогын зөв, бурууг урьдчилан тогтоох боломжгүй гэж үздэг.

Мөн онолын хувьд бодлого бүрт байх ёстой зүйлсийн нэг нь алсын хараа бөгөөд үүнийгээ тодорхойлохдоо гадаад орчноос учирч болох аюулыг заавал тооцсон байх явдал. Гадаад орчноос учирч болох аюул гэдэгт эдийн засаг, нийгмийн хүчин зүйлс, маш хурдтай хувьсан өөрчлөгдөж буй буй технологийн өөрчлөлт гэх зэрэг хувьсагчууд бодлого, зорилгод маань ямар эрсдэл авчирч болохыг тооцоолно гэсэн үг. Бодлого зорилгодоо хүрэх явцад аюул болон харагдаж буй хол, ойрын ирээдүйд учирч мэдэх тэдгээр хүчин зүйлс дээрээ ажиллахыг нийгмийн хариуцлага гэж хэлдэг. Компани, байгууллагын бодлого, зорилго дээр энэхүү “нийгмийн хариуцлага” яригддаг бол улс орны бодлого дээр бүр том аюул дээрээ ажиллахыг  л хэлэх бөгөөд гэхдээ үүнийг “тогтвортой хөгжил” гэж нэрлэдэг байна.

Хувийн өмч, бизнес эрхлэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн сүүлийн гучин жилд Монгол Улс хууль эрхзүйн орчин, улс төрийн тогтолцогоо бүхэлд нь өөрчлөн шинэчилж, сонгууль бүрийн бүрэн эрхийн хугацаанд хэдэнтээ солигддог Засгийн газар бүр өөр өөрийн бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Бүх л бодлого, шийдвэр нь өөр, өөрийн “өв”-ийг үлдээсэн байх ч нийтлэг нэг зүйл нь учирч болох аюул дээрээ ажиллаж чадаагүй буюу “тогтвортой хөгжил” гэдэг зүйлийг орхигдуулж ирсэн алдаа байв уу.

Эдийн засгийн өгөгдөл нь угаасаа товчхон, цомхон буюу орлого олох, тодруулбал, гадаад зах зээлээс орлого олох цорын ганц арга зам нь байгалийн баялгаа зарах. Энэ нь ердөө зэс, тэгээд алт, сүүлийн үед нүүрс л байлаа. Нэг үгээр бол уул уурхайн орлогоо шүтсэн, ядаж л дагалдах, боловсруулах үйлдвэрлэлгүй эдийн засгийг буй болгожээ.

Байгалийн баялаг, уул уурхай шүтсэн эдийн засгийн бодлогод алсад нь ямар аюул эрсдэл учирч болохыг тооцоолж, түүн дээр угтан ажиллах тогтвортой хөгжлийн бодлогогүй явж байтал тэдгээр аюул нь юу юугүй нүүрэн дээр тулаад ирэв. Лицензийн наймаа, хяналтгүй уул уурхай, үүнийхээ орлогоор төрийн эрх мэдлийг худалдан авах, улстөрчдийг хувьчлан халааслах, хууль, журмаа захиалах гажуудал хойш тавих аргагүйгээр хоолой дээр тулаад ирсэн хэрэг.

Бүгд л үүнийг багагүй эртнээс ярьсаар ирсэн ч байх л ёстой зүйл шиг дасчихаад байсанд л учир нь бий. Гэлээ ч цааш нь үргэлжлүүлээд үр дагаврыг нь даагаад явах потенциаль бараг л дууссан гэдгийг бас л бүгд мэдэрч байгаа. Үнэндээ У.Хүрэлсүх үүнтэй тэмцээд сэлэм эргүүлээд байгаа нь популизм ч биш угаас үеэ өнгөрөөсөн тогтолцоо өөрийнхөө жамаар нурж буй үйл явц гэхэд болох байх.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгаль орчны сүйрэл, доройтол бүх улс орнуудын бодлогодоо тооцоолох учиртай том аюул нь болохыг НҮБ-аас зарлаж, үүн дээрээ угтан ажиллахыг нь ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ хэмээн тунхагласан юм. Харин бид ногоон бодлого руу зорьж буй дэлхийн бодлогоос сөрөөд уул уурхайн олборлолтод түшсэн хар бодлоготойгоо зууралдаж, түүнийхээ үр дагавар дээр өнөөдөр улстөрчид нь хэрэлдээд сууж буй хэрэг.

“Алт” хөтөлбөрөөс эхлэлтэй уул уурхайг хэт шүтсэн төрийн бодлого, түүнийхээ үр дагавар, эрсдэл дээр угтан ажиллаж чадаагүй монголчууд өдгөө уурхайд ухагдаж үлдсэн хар нүхээ тойрон улс төр хийж байна. Байгаль орчныг сүйдэлсэн, хуулийг мөрдөөгүй, хариуцлагагүй уурхай эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг цуцлаад, цавчаад эхэлсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг шийдэхгүй юм аа гэхэд сонгуулиар сайн, муу үнэлэлтийг өгөх хэмжээний үйл явдал болж байгаагийн учир юу гээч. Тэр уг нь хувьсгал хийгээгүй биз дээ?! Зүгээр л алсын аюул эрсдэл дээр ажилладаг, тогтвортой хөгжлийн бодлоготой төр ажлаа хийж байсан бол ийм дээрээ тулахгүй байж болох л байсан зүйлс шүү дээ...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын сэтгүүлчид ярьснаас энд баримт болгон онцольё.

Архангай аймгийн Цэнхэр суманд 2007 онд УИХ-аас ажлын хэсэг очиж ажиллаж байжээ.  Өнөөдөр 2019 онд дахиад Засгийн газар, УИХ-ын ажлын хэсэг тэнд очиход бахь байдгаараа. Ямар ч асуудал шийдэгдээгүй, юу ч өөрчлөгдөөгүй байгааг тэрбээр онцолжээ. Харин 10 жилийн өмнө тэнд төмпөн үүрсэн нинжа нар байсан бол өнөөдөр тэд бүгд эксковатортой болсон байх аж. Зөвхөн Цэнхэр суманд 2016 экскаватор, 186 ковш ажиллаж байгаа аж. Тэд бүгд нинжа нэртэй ч арван жилийн өмнөх төмпөн үүрэгчид биш болсон. Бүгд татвараас нуугдсан хүмүүс. Төр ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг шийдэхэд мөнгө хүрэлцдэггүй. Гэтэл уул уурхайгаас хууль бусаар, хуулийг хийдүүлж олж байгаа албан бус орлого их байна гэдгийг сайд Н.Цэрэнбат ярьжээ. Уул уурхайг том, бага, тэрчлэн төмпөнгийн хэмжээнд эрхлэгсэд, нөгөө талаас хуулиа мөрдүүлээгүй төрийн “хамтын ажиллагаа”-наас үүдээд нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн газруудын нөхөн сэргээлтийг хийхэд дор хаяж 177 тэрбум төгрөг шаардлагатай байгааг сайд дурдсан байх аж.

Цааш нь шийдэл рүү гүнзгий орвол чухам юу болохыг бүү мэд. Бидний төр засаг тогтвортой хөгжил гэдгийг ойлгоо ч үгүй явж байтал аюул, эрсдлүүд ар араасаа босч ирсээр. Бодлогын зөв, буруу урьдчилан харах хэцүү ч компаниудын “нийгмийн хариуцлага” гэдэг шиг төрийн бодлогод “тогтвортой хөгжил” гэж байх ёстойг бид мартсан бололтой. Эсвэл бүр ойлгодог ч үгүй юм болов уу. Лав л нийгмийн хариуцлага гэдгийг бидний зориод байгаа сайн сайхны эсрэг босч ирэх аюул дээрээ ажиллах явдал гэдгийг ямар ч том компаниуд маань төдийлөн ойлгодоггүй нь илхэн л байдаг. Өнчин ядууст туслах,  алдартай тамирчид, дуучдыг шагнах, цалинжуулах зэргийг л нийгмийн хариуцлага гэж ойлгож ирсэн. Тэгэхээр төр засаг маань ч бас тогтвортой хөгжлийг ДНБ-ийн хэмжээ төдийхөн хэдхэн тоогоор төсөөлж ирсэн нь ч эндүүрэл юм л даа...

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top