Хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хотын хүн амын нягтаршил хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт ямар үзүүлэлттэй байгаа талаар яриагаа эхэлье?
-Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эхний найман сарын байдлаар 15 хувиар буурсан. Тэр дундаа хулгайлах гэмт хэрэг 21 хувь, халаасны хулгай 61 хувь, дээрмийн хэрэг 42 хувь буурсан.
-“2019-2020 хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас эхлүүлээд байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ямар ажил хийгдэх вэ? Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Хичээлийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг жил болгоны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулдаг. Яагаад энэ цаг хугацааг сонгож авч байна вэ гэхээр хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд оюутан сурагчид хичээлийн бэлтгэлээ хангаж зах худалдааны төвийн ачаалал нэмэгддэг, нийслэл хотын хүн амын нягтаршил хөдөлгөөн ихэсдэг. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага эргүүл, хяналт шалгалтаа эрчимжүүлэхгүй бол гэмт хэргийн гаралт өсөх магадлалтай байдаг. Өнгөрсөн онд явуулсан арга хэмжээний үеэр нийт 1281 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хулгайлах гэмт хэрэг 512, халаасны хулгайн гэмт хэрэг 84, дээрэмдэх хэрэг 36, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 35, залилах гэмт хэрэг 17 тус тус бүртгэгдсэн байдаг. Ийм гэмт хэргүүд бүртгэгдэж байгаа учраас иргэд юун дээр анхаарах вэ гэдэг талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа юм.
-Оюутан залуус ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогддог юм бэ? Цагдаагийн байгууллага хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
-Өнгөрсөн жилийн тухайд оюутан сурагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдлууд бүртгэгдэж байсан. Найман оюутан согтууруулах ундаа хэрэглэж, зөрчил гаргасны улмаас эрүүлжүүлэгдсэн тохиолдлууд бий. Тиймээс тухайн сургуулийн удирдлагуудад хандаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах, сургалт мэдээлэл хүргэх тухай албан бичиг хүргүүлж ажилласан. Энэ жилийн хувьд мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд явуулах юм. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургуулиудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний үр дүнг энэ жил дүгнээд, хичээл эхлэхээр гэрээг дахин шинэчлэх юм. Оюутнуудын хувьд бол ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэх мэт хэрэг зөрчилд холбогдож байна. Олноороо нийлж наргиж цэнгэж явахдаа хөнгөн төрлийн гэмт хэргүүд үйлдэж байгаа бол хулгайн гэмт хэргийн хохирогч болох явдал мөн олон тохиолдож байгаа.
-Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа ундаа худалдсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох тухай асуудал яригдах уу? Ямар хариуцлага тооцдог юм бол?
-Өнгөрсөн жил есдүгээр сард зөвхөн оюутан залуус гэхгүйгээр 21 насанд хүрээгүй хүнтэй холбоотой 52 зөрчил илэрсэн. Үүний дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил байгаа. Энэ жилийн эхний найман сард архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгалт явуулахад 831 зөрчил илэрсэн. Энэ бол зөвхөн аж ахуйн нэгжүүдэд гарсан зөрчлүүд бөгөөд ихэнх нь цаг хэтрүүлэн ажилласан болон насанд хүрээгүй хүнд үйлчилсэн гэх зөрчлүүд байгаа. Ингээд нийт 42 байгууллага аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлж, үйл ажиллагааг тухайн үед зогсоосон.
-Зөвхөн оюутнууд гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийн орчимд зам тээврийн осол болон гаднын халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг. Энэ чиглэлд урьдчилан сэргийлэх хэлтэс хэрхэн ажиллаж байна вэ?
-Сургуулиудын ойр орчимд олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, school police болон урамшуулалтай эргүүлүүд гарна. “Хүүхэд хамгаалагч” урамшуулалт эргүүл энэ жилээс нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж эхэлж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны санхүүжилтээр хүүхэд хамгаалагч төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. Хороо болгонд нэг хүүхэд хамгаалагч ажиллана. Тухайн хамгаалагч өөрсдийн амьдарч байгаа орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах ажлыг зохион байгуулж, иргэд өдөрт 3-4 цагаар тухайн орчиндоо эргүүлд гарч хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэх юм.
-Есдүгээр сард хулгайн гэмт хэрэг эрс ихэсдэг гэж та яриандаа дурдсан. Ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн есдүгээр сард олноор гардаг. Үүний шалтгаан нь иргэд ажил сургуульдаа яваад ардаа үлдэж байгаа гэр орноо харуул хамгаалалтгүй үлдээх, сонор сэрэмжээ алдсанаас болдог. Ялангуяа хотын захын хорооллуудаар хулгайлах гэмт хэрэг ихсэж байгаа. Энэ нь иргэдийн хамгаалалт муутай холбоотой. Нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагуудын камерын хяналт сул байгаатай холбогддог. Тиймээс болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор байгууллага, сургууль цэцэрлэгүүдийн камеруудын ашиглалт, хадгалалтыг сайжруулах чиглэлд хяналт шалгалт явуулж байгаа. Энэ жилийн хувьд 179 их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хяналтын камеруудыг шалгасан. Одоогийн байдлаар камерын хяналт шалгалтын ажил 50 хувьтай явж байна.Шалгалтын үеэр гол илэрч байгаа зөрчил бол хадгалалт хангалтгүй байна. Хяналтын камерын дүрс бичлэг ердөө долоо хоног хадгалагддаг, камерын үзэгдэх орчин муу, дүрсний нягтаршил зэрэг нь стандартад нийцэхгүй байгаа зэрэг зөрчлүүд байна. Гэмт хэрэг гарсан байдаг. Тухайн дүрсээр сэжигтэн танигдахгүй байх тохиолдлууд бий. Стандартын дагуу бол дүрсийг 30-45 хоног хадгалах шаардлагатай. Дор хаяж нэг сарын доторх дүрсийг хадгалдаг байх ёстой юм.
-Эсрэгээрээ халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн өндөр буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг буурахад юу нөлөөлж байна вэ?
-Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр камержуулалтын асуудлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний дүнд энэ төрлийн гэмт хэрэг буурсан. Хамгийн сүүлд автобусны хяналтын камеруудыг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Мөн зах худалдааны төвүүдтэй хамтран ажиллаад, сургалт мэдээллийг хүргэж, мөн хяналтын камерын системийг шинэчлэх ажлууд хийгдсэн. Тухайлбал, Хар-Хорин худалдааны төвд хүний царай таньдаг камерууд суурилуулсан. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг буурч байна гэж ойлгож болно.
-Тухайн байгууллага нь стандарт хангахгүй хяналтын камертай эсвэл огт камергүй бол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл бий юу?
-Аж ахуйн нэгж байгууллага нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүрэгтэй. Тухайн үүргийн биелэлтийг хангах чиглэлд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилладаг. Хяналтын камерын ашиглалт хадгалалтыг шалгаад хэрэв стандарт хангаагүй бол албан шаардлага хүргүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дотооддоо хэрхэн хийх талаар мэдээллээр хангаж дараа нь шаардлагын биелэлтийг тооцдог. Хэрэв тухайн хугацаанд шаардлагаа биелүүлээгүй бол аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах хуультай.
-Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн жилүүдэд мөн зохиогдож байсан. Урьдчилан сэргийлэх ажлын үр дүн хэрхэн гарч байгаа вэ? Хэрэг зөрчлийн тоо буурсан үзүүлэлт бий юу?
-Нэгдсэн арга хэмжээний тухайд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг зөрчил буурсан эсэхээр нь үр дүнг бодитоор дүгнэнэ. Өмнө нь хэлсэнчлэн тодорхой төрлийн гэмт хэргүүд 40-61 хувьтай буурсан үзүүлэлттэй байгаа нь эдгээр арга хэмжээний үр дүн гэж харж болно. Тухайлбал, халаасны хулгайн гэмт хэрэг 61 хувь буурсан нь 558 иргэн хохирохоос сэргийлсэн гэсэн үг. Гэмт хэрэг буурч байгаа хүчин зүйл нь нэг талдаа цагдаагийн байгууллагын идэвх санаачилга, үйл ажиллагаа боловч нөгөө талдаа иргэдийн өөрсдийн хууль эрхзүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Ялангуяа гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн мэдлэг дээшилж, хариуцлага сайжирсан байна гэсэн үг.
-Цаашид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг тодорхой үе шаттайгаар цаг хугацаандаа тохирсон байдлаар хийхийг зорьж байгаа. Тухайлбал, цагдаагийн байгууллагын хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг хором” аяныг зохион байгуулсан. Мөн тавдугаар сард “Зөв тусгал”, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг тус тус зохион байгуулсан. Есдүгээр сард архи согтууруулах ундаатай холбоотой хэрэг их гардаг учраас согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн арваннэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд аян зохион байгуулна. Эдгээр аяныг зохион байгуулснаар тухайн төрлийн гэмт хэрэг жил бүр 10-аас доошгүй хувийн бууралт үзүүлж байгаа нь энэ ажлууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна гэсэн үг. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэний үүрэг оролцоо маш чухал байдаг ба иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дээшилж байгаа нь сүүлийн жилүүдэд харагдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Arga hemjeenvvd ni vr dvngee ugdug mash sain ajildag
Явуулсан арга хэмжээнүүд нь ёстой хөөрхөн. Нэг хором бол гоёё