Диана, Виктор Цой, Пол Уокер болон машины ослоор амиа алдсан одод

2019 оны 08 сарын 31

1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж Парис хотод машины ослоор амь үрэгдсэн билээ. Ингээд машины ослоор үрэгдсэн оддыг эргэн санацгаая.

Пол Уокер

2013 оны 11 дүгээр сарын 30-нд амиа алдсан.

Пол Уокерийн үхэлд эхлээд хэн ч итгээгүй. “Галзуу хурд” кинонд орлон тоглогчгүй давхиж явсан түүнийг машины ослоор өнгөрнө гэж хэн ч санаагүй. Уокер Филиппинд болсон хар салхинд хохирогчдод туслах хандивын ажилд оролцож яваад осолд орсон билээ.  Пол, түүний найз Рожер Родас (тэр жолооны ард сууж байв) нарын машин шонгийн мод мөргөн шатсан бөгөөд тэдэнд амьд гарах ямар ч боломж байгаагүй. Энэ үед Уокер “Галзуу хурд 7” кинонд тоглож байсан юм. Хэдийгээр тэр амиа алдсан ч найзууд нь киног дурсгалд нь зориулан дуусгасан билээ.

Жеймс Дин

1955 оны есдүгээр сарын 30-нд нас барсан.

24-хөн настайдаа нас барсан ч Жеймс Дин 50-иад оны бэлгэ тэмдэг болж, дараахь үеийнхээ соёлд нөлөөлж чадсан юм. Түүний осолд машин нь буруутай гэдэг яриа хүртэл гарч байлаа. Дин спорт загварын шинэ Порше аваад найзууддаа гайхуулж байжээ. Нэг л муу совин нь татаад байсан жүжигчин Урсула Андерс, Алек Гиннесс нар тэр өдөр түүнийг замд битгий гараач гэж гуйсан ч Дин огт тоогоогүй гэдэг. Ингээд л Калифорнийн зам дээр Дин мөргөлдөж, амиа алдан, машин нь авах юмгүй болтлоо эвдэрчээ. Дараа нь тэр машиныг Диний нэгэн фэн бүсгүй худалдаж аван, маш их мөнгөөр засуулсан байна. Засварын газраас машинаа аваад явсан бүсгүй гэртээ хүрч амжилгүй осолд орж, нас баржээ. Машиныг дахин засалгүй сэлбэг болгон задлан зарсан ч сэлбэг тавьсан жолооч нар бүгд осолд орж, зарим нь амиа алдсан байна. 1960 онд муу ёрын Поршег Лос Анжелесийн нэгэн засварын газарт аваачсан ч гэнэт алга болсон гэдэг.

Грейс Келли

1982 оны есдүгээр сарын 14-нд амиа алдсан.

Алдарт зохиолч Жоржын охин  Келли Грейс язгууртан хүн байсан ч Холливудын жүжигчин болохыг мөрөөддөг байв. Шар айраг, тоос сорогчийн зар сурталчилгаанд тоглож байгаад Келли энэ мөрөөдлөө биелүүлсэн. “Могамбо” драмын дүрээрээ тэр Оскарт нэр дэвшиж байлаа. Удалгүй Альфред Хичкокийн кинонд тоглодог болж, нэр хүнд нь өсөв. Энэ үед Келли Монакогийн Ренье III хаантай танилцаж, гэрлэн, киногоо орхисон юм. Келли охины хамт машин барьж яваад гэнэт цус харваж, машин нь уулнаас унасан. Охин нь амьд үлдсэн ч Келли нас барсан. Түүний оршуулган дээр Диана гүнж ирсэн бөгөөд 15 жилийн дараа Диана өөрөө мөн ослоор нас барсан юм.

Диана

1997 оны наймдугаар сарын 31-нд нас барсан.

Дианаг мэдэхгүй хүн энэ дэлхийд байсангүй. Тэр хайр дурлал, энэрэнгүй ёс, хүн чанарын бэлгэ тэмдэг байв. Диана Парист найз залуу Додигийн хамт ослоор нас барсан. Албан ёсны мэдээгээр жолооч алдаа гаргасан гэдэг ч түүнийг хорлосон, хуйвалдаан зэрэг маш олон цуурхал яриа гарч байв. Папарацци нараас зугтаж яваад осолдсон, амьсгал хурааж байхад нь ч папарацци зураг авч байсан гэсэн яриа ч бий. Ослоос ганцаараа амьд үлдсэн бие хамгаалагч Тревор Рис-Жонс маш хүнд гэмтсэн тул тухайн үеийн явдлыг огт санадаггүй.

Лиза Лопес

2002 оны дөрөвдүгээр сарын 25-нд амиа алдсан.

Spice Girls, Destiny’s Child хамтлагийн дараа 3-т бичигдэж байсан эмэгтэйчүүдийн TLC хамтлагийн гоцлол дуучин Лиза Лопес мөн ослоор амиа алдсан нэгэн. Лизагийн аав архичин, байнга ээжийг нь зодож нүддэг байв. Лиза өөрөө ч архинд орж, алдарт гарсан хойноо ч уусаар байв. Ингээд 2002 онд Лиза Хондураст архины эмчилгээнд явжээ. Гэвч эмчлүүлж амжилгүй машины ослоор нас барсан юм.

Виктор Цой

1990 оны наймдугаар сарын 15-д нас барсан.

Цой 28 настайдаа Латвид ослоор амиа алдсан билээ. Тэр жолооны ард унтаж, Москвич машин нь автобустай мөргөлдсөн. Түүний үхэл тэр үеийн залуучуудад маш том шок болсон тул хэд хэдэн шүтэн бишрэгч нь амиа хорлож байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top