ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр (2019.09.02) Монголд ирнэ. Тусгай албаны офицер асан тэрээр улс төрийн замналаа Ерөнхийлөгч Борис Ельциний үед эхэлсэн. Эхлээд Холбооны аюулгүй байдлын албаны захирал, дараа нь Ерөнхий сайд болж байсан билээ. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон түүнд депутат, амбан захирагчаар ажиллаж байсан туршлага байсангүй. Гэвч задлан шинжлэх төрөлхийн авьяас, тусгай албаны мэдрэмж нь хойд хөршийн улс төрийн ертөнцөд байр сууриа бэхжүүлэн, мандахад нь тус болсон юм.
66 настай В.Путин одоо ч хөнгөн шингэн хэвээр. Хоёр жилийн өмнө Тувад зун амрахдаа цээж нүцгэлэн, загасанд явж, усанд сэлж байсан зураг нь олон нийтийн сүлжээний ярианы сэдэв болж байлаа. Яагаад тэр ийм залуу харагдана вэ? Нууц нь спорт.
11 наснаасаа тэр жүдо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Самбо бөхөөр Ленинград хотын аварга болж байв. Ерөнхийлөгч болсон хойноо ч тэр спортоор байнга хичээллэж байгаа. Бөх төдийгүй усанд сэлэлт, морь, буудлага, хоккей гээд түүний хичээллэдэг спортын төрөл маш олон.
Улсын Ерөнхийлөгч нь спортыг дээдлээд эхлэхээр Оросын баячууд ч спортод мөнгө хаяж эхэлсэн. Улстөр, бизнест амжилт олсон олон эрхэм спорт холбоодын удирдлагад ажиллаж, хөрөнгө оруулалт хийж байна. Мөн В.Путин нэр хүндээ ашиглан, олон том уралдаан тэмцээнийг зохион байгуулах эрхийг Орост авчирч чадсан юм.
Сэтгэгдэл ( 0 )