“Путинсайн”-ы бүтэн зураглал

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

-Айлчлалын үр дүнг үүнд зарцуулсан цаг хугацааны урт, богиноор биш агуулгаар нь хэмжих ёстой байж таарна. Ямартай ч Монгол, Оросын харилцаанд ямарваа өөрчлөлт авчрах нь гарцаагүй тэрхүү түүхэн үйл явдлыг бид өчигдөр гэр гэрээсээ үзэж, гэрч болцгоолоо-

Сэтгүүл зүй бодлогын шинжилгээний нэг төрөл гэж үздэг юм. Хэв маягийн хувьд тайлбарлах төрөл зүйлд багтах бөгөөд болж буй үзэгдэл үйл явдал, баримтын логик уялдаа холбоог тогтоон тайлбарлах байдлаар хүнд хүргэдэг онцлогтой. Тийм ч учраас дүгнэлтгүй байх ёстой гэж сэтгүүл зүйн онолд заадаг.

Дүгнэлт өгөх, үүгээр дамжуулан үзэл бодлыг тулгахыг оролддог сэтгүүл зүйн төрөл бас бий. Үүнийг нь “өнгөт сэтгүүл зүй” гэж хочлох ба жишээлбэл, хувь нийтлэлчдийн булангууд, манайд бол baabar.mn сайтаар төлөөлүүлэн ойлгож болох билээ. Зүгээр тайлбарлах үүргээ гүйцэтгэдэг сэтгүүл зүйг уншигчид ойшоохоо байгаад заавал “өнгөт” зүйл, өнцөгтэй хурц сэдэв хүсэж шаарддаг хандлага руу нийгмээрээ хошуурч байгаа нь ч анзаарагдана. Аль нэг тал руу хэлбийж туйлшрахгүйгээр тайлбарлан таниулах эрмэлзэл бүхий сэтгүүлзүйгээс “өнгөт” сэтгүүлзүйг шаарддаг болоод байсан уншигчид одоо бүр соошл сүлжээний сэтгэгдэл зүйг хүсэмжилдэг, түүгээр мэдэх эрх, мэдээллийн хэрэгцээгээ орлуулдаг болж эхэллээ.

Өнгөтэй, өнцөгтэй илэрхийллүүдээр өөр хоорондоо уралдаж, үүгээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөл үүсгэх гэсэн сошлын давлагаа сүүлийн хэд хоногт бүр ч эрчээ авав.  Орос ба В.Путин гэдэг сэдэвт уралдаанд хэн нь ялсныг бүү мэд. Ямар ч байсан үзэл бодол гэхээсээ илүүтэй өнгө, өнцөг шүтсэн сошлын цэцэрхэл бор шараараа дуудуулдаг чөлөөт хэвлэлийн сул талаас ч давж гарлаа.

Сүүлийн гучин жил хөгжсөн чөлөөт хэвлэлүүд муу нэртэй. Тэд хэн нэгнийг шүүмжлэх байтугай албан тушаалтан, улстөрчдийн нүд рүү чичиж, нүүр рүү ус цацахын наахнуур улалзуулдаг нь үнэн. Тэгэхдээ тэд хэдий шар, бор хочтой ч хэн нэгнийг нэг удаа, гурван удаа гөвөхөөс хэтэрч байгаагүй санагдана. Хүнийг арван удаа, зуун удаа “шанааддаг” галзуурсан сэтгүүлзүй гэж байдаггүй юм. Ер нь сэтгүүл зүй гэлтгүй хувь хүмүүс нэг нэгнээ гоочлохдоо ч хэр хэмжээнд хөтлөгддөг л дөө. Нийгмийн сүлжээний пост ч ялгаагүй. Орос улс, Орос, Монголын харилцаа, В.Путины талаарх бухимдал, хилэгнэл нийгмийн сүлжээгээр лав арван хоног үргэлжилж, сүүлдээ цагдаа, тагнуулдаа туллаа. Ямарваа  мэдлэг, мэдээлэл, гарц гаргалгаагүй хэрнээ нэг хаягнаас өдрийн арав, хорин тийм агуулга цацагдаж, энэ нь арав гаруй хоног үргэлжлэхээр арай л “галзуу” харагдаж таарна. Хувь хүмүүсийн хаягийг тоолбол манай шар хэвлэлийн тооноос хэд дахин олуулаа. Тэгээд нийлээд дайрахаар ямар хүнд дарамт үзүүлж байгааг хэлэхээс өөр аргагүйд хүрлээ. Сүүлдээ ч зохион байгуулалттай, зорилготой ч юм уу гэж хардмаар боллоо. Хууль сахиулдаг байгууллага байдаг бол анхааралдаа авч, асууж тодруулмаар болтол л анзаарагдлаа.

Үзэл бодол, үг хэлэх эрх чөлөө хэнд ч бий. Тэгэхдээ тэр нь хэм хэмжээтэй, хэрэгцээ зорилготой байх биз ээ. Путинсайн өдрөөр бүр ч эрчээ авсан өнгө, өнгийн үзэл бодлуудын агуулгыг хуулийнхан хянах гээд байгаа юм биш л болов уу. Үйлдэл, хэлбэр нь үнэндээ анхаарал татахаар л байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчлал хийж, Улаанбаатарт 24 цагийг өнгөрүүлээд буцлаа. Айлчлалын үр дүнг үүнд зарцуулсан цаг хугацааны урт, богиноор биш агуулгаар нь хэмжих ёстой байж таарна. Ямартай ч Монгол, Оросын харилцаанд ямарваа өөрчлөлт авчрах нь гарцаагүй тэрхүү түүхэн үйл явдлыг бид өчигдөр гэр гэрээсээ үзэж, гэрч болцгоолоо. Үүнд зориулж өчигдрийн мягмар гарагийг бүтэн амралтын өдөр болгон зохицуулсан гэлтэй.

Үнэндээ бол үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг үймэлддэг Улаанбаатарын замын хөдөлгөөн богино хугацааны айлчлалын хөтөлбөрийг хойш татах эрсдлээс сэргийлсэн хэрэг байлаа. Хотын замын хөдөлгөөн зохицуулалтгүйгээр зөнд нь хаях аргагүй болсон. Үүний нэг адил нийгмийн сүлжээн дэх иргэдийн санал, сэтгэгдэл ч бас сануулгагүйгээр зөвтгөөд орхих аргагүйд хүрсэн. Ийм л өнгө төрхтэй Путинсайн болж өнгөрлөө.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top