Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн хэвлэл мэдээллийнхэнд хандаж байр сууриа илэрхийлсэн юм.
Х.БАТТУЛГА: В.ПУТИНТАЙ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ
-Манай улсад албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад талархаж байна. Энэхүү ялалт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг бататгаж хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл явдал юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн зөвлөлтийн түүхэн гавьяаг үүрд дурсах болно.
Монгол, Оросын харилцаа дахин нэг шатаар ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгож, гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ нь хоёр талын итгэлцлийг бататгасан, ажлын харилцаагаа шинэ үед гаргасан нь улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хийж байгаа айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт, бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгууллаа. Ирэх онд болох агуу их орны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монгол Улс өргөн бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр зам хамтарсан нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг авах сонирхлоо мөн илэрхийллээ.
Өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ нь олон боломжийг нээсэн. Бид ОХУ-ын компанитай хамтран ажиллахаар тохиролцож, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгаад байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэгч чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын тоог нэмэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч Худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна.
В.ПУТИН: Х.БАТТУЛГАТАЙ ХИЙСЭН ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭР АЖИЛ ХЭРЭГЧ БОЛЛОО
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн яриа хэлэлцээр ажил хэрэгч боллоо. Бид асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх талаар ярилцсан. Яриа хэлэлцээрийн түвшинд хоёр орны эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулсан нь ойлгомжтой. Монгол Улс нь ОХУ-ын гадаад худалдааны чухал түнш юм. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 21 хувиар нэмэгдэж, долоодугаар сарын байдлаар 12 хувь нэмэгдээд байна. Түүнчлэн цаашид өмнөх амжилтаа нэмэгдүүлж, хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү ажиллагааг Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцаж байна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан нь Монголын түншүүдтэй хамтарч гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт ихэвчлэн үндэсний валютаар хийгдэнэ гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш тусламж үзүүлж ирсэн. Орос улс төмөр замын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат системийг энэ онд ашиглалтад оруулснаар Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид нь Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна. ОХУ нь Монгол Улсад уламжлал ёсоор эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. “Ростех” компани нь Монголд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хэсгийг хангаж байна. “Ростех” компани нь Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа ба шинэчлэлийн үр дүнд тус станцыг хүчин чадал улам нэмэгдэнэ.
Яриа хэлэлцээрийн явцад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны сэдвийг хөндлөө. Манай хоёр улсын хооронд шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Орос, Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа. Боловсролын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Орос улс зарим мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрсөн гэж энд дурдах нь зүйтэй.
Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлэх дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургаадугаар сард болсон. Евро Азийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Монгол Улсын эрмэлзлийг дэмжиж байна. Манай айлчлалын хөтөлбөр шахуу байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Удахгүй нээлтээ хийх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно.
Сэтгэгдэл ( 0 )