ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сарын эхээр Монгол Улсад айлчлахынхаа өмнө өгсөн ярилцлагадаа Оросын төмөр зам Монголын тээврийн гол цөм болдог Улаанбаатарын төмөр замыг шинэчлэхээр төлөвлөж байгаа талаар ярьжээ.
Энэ талаар Монголын “Өдрийн сонин” мөн мэдээлсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүлсэн байв.
Тухайлбал, “Коммерсантъ” сонинд “Ноён Путины ярьснаар хоёр талт яриа хэлэлцээрээр ОХУ Монголын тээвэр, дэд бүтэц, дамжин өнгөрөх хүчин чадалд анхаарал хандуулахаар болжээ” гэсэн бол “ТАСС” агентлаг “Зөвлөлт-Монголын ХК Улаанбаатар төмөр зам нь 1949 оны зургаадугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. ЗСБНХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан түүхтэй. Талууд тус бүр 50 хувийг эзэлдэг бөгөөд 2009 оноос хойш ОХУ-ын хувьцааг Оросын төмөр зам эзэмшиж ирсэн. 2018 онд тус компани 25.7 сая тонн тээвэрлэлт хийж, дээд амжилт тогтоожээ. 2017 онд батлагдсан УБТЗ-ыг хөгжүүлэх хөтөлбөрт тээвэрлэлтийг 2030 он гэхэд 53.6 сая тоннд хүргэхээр тусгасан байна” гэжээ.
Оросын Ерөнхийлөгчийн ярьснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хөгжил нь Ази дахь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл аж. Владимир Путин 2018 онд хоёр орны хооронд бараа эргэлт 21 хувиар өсөж, 1.65 тэрбум ам.доллар болсныг хэлжээ. 2019 оны эхний зургаан сард энэ үзүүлэлт 11.8 хувь болж, 800 сая ам.доллар болж өссөн гэж тодотгосон байна.
Өнгөрсөн зургаадугаар сард ОХУ болон Монгол Улсын төлөөлөгчид Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монголын Засгийн газарт төлөх өрийн бүтцийг өөрчлөх хувилбарыг хэлэлцсэн талаар “Коммерсантъ” сонин мэдээлсэн байлаа. УБТЗ-ын Монголын Засгийн газарт төлөх өр 100 тэрбум төгрөг буюу 37.5 сая ам.доллар аж. ОХУ өрийг бүрмөсөн цайруулахыг шаардаж байгаа бол Монголын тал бүх өрийг дүрмийн санд шилжүүлэхийг санал болгосон байна. Оросын Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид өрийн талыг цайруулж, үлдсэнийг УБТЗ-ын дүрмийн санд хөрвүүлэхийг санал болгожээ.
Түүнчлэн ТАСС агентлаг Путин Монголд хөдөө аж ахуй, аж үйлдвэрт чиглэсэн сонирхолтой төслүүд бий гэж хэлснийг онцолсон байв.
Сэтгэгдэл ( 1 )
Gev genet UBTZ-iin or geed garaad ireh ni yu ve?! Zamchid bid chini orguigeer barahgui oorsodiinhoo tejeegeed zogsohgui budad ch hayalagtai l gej boddog shuu?!