Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн В.Путины айлчлал

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Халх голын байл­дааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал амжилттай өндөрлөлөө. В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчилсан бөгөөд айлчлалын хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн 10 гэрээг амжилттай хийсэн юм. Түүнчлэн ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг “Улаанбаатар Төмөр зам”, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зориулах тохиролцоонд хүрч чадлаа.

Ингээд ОХУ-ын Ерөн­хийлөгчийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үйл явцыг тоймлон хүргэж байна.

“ХАМТДАА БИД ЗӨВХӨН УРАГШАА ТЭМҮҮЛЭХ ЁСТОЙ”

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал даваа гарагийн 23.45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаар эхэлж, мягмар гарагийн 21.00 цагт Монголоос ниссэнээр өндөрлөсөн юм. Түүний айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээрээ онцлог байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийн хамтаар Д.Сүхбаатарын талбай дээр хүндэт харуул жагсаан хүлээн авсан. Хоёр улсын төрийн тэргүүн нар эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсныхаа дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр В.Путин “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой” хэмээн дотночлон хэлсэн.

Тэрбээр “Олон жилийн түүхтэй, найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой. Бидний харилцааны гол чиглэл эдийн засаг тул хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийн үр ашиг, өгөөжийг урьдчилан сайн тооцох нь чухал” гэж тэмдэглэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын орлогч дарга, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песков, Эрчим хүчний сайд А.В.Новак, Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын төлөөлөгч багтав.

Товлосон цагаа гурав дахин сунгаж уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийсэн. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 105 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий л асуудлаа шийдвэрлэж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулах зэрэг томоохон асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар тохиролцож чадсан. Ийнхүү ойлголцолд хүрсэн тул өргөтгөсөн хуралдааныг хийлгүйгээр шууд баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛСЭН 10 ГЭРЭЭ

Айлчлалын хүрээнд чухал 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээр Монгол, Орос улсын харилцаа улам бүр нягт болж, нэг шат ахиж буйг төрийн тэргүүнүүд хүлээн зөвшөөрч байлаа. Тухайлбал, ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг “Улаанбаатар Төмөр зам”, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зориулах тохиролцоонд хүрсэн юм.

Гарын үсэг зурсан баримт бичгийн жагсаалт:

1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”,

2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”,

3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”,

4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”,

5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”,

6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”,

7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”,

8. “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”,

9. “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т тус, тус гарын үсэг зурлаа.

 

Иргэд “Путин, Путин” хэмээн хашхирч байлаа

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Халх голын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан корфус командлагч, ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө. Ёслолд хоёр улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид оролцож, хүндэт харуулын жагсаалын өмнө хүндэтгэлийн цэцэг өргөсөн. Харин цэцэг өргөх ёслолыг сонирхон зам дагуу зогсож байсан жирийн иргэд “Путин, Путин” хэмээн хашхирахад В.Путины иргэд рүү гар даллаж байсан юм.

Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсний дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их тэнгэр цогцолборт” Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцсноор айлчлалын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөв.

В.ПУТИНЫ ХҮНДЭТГЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай оронд дөрөв дэх удаагаа айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин монгол үндэсний хувцсаар гоёсон бяцхан охины өмнө өвдөг дээрээ хагас суун мэхийсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэг авсан юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатар жанжны талбайд албан ёсоор угтаж авахад эл үйл явдал болсон.

Төрийн айлчлалын уламжлалын дагуу В.Путиныг монгол үндэсний хувцсаар гоёсон бяцхан охин цэцэг барин угтсан ба хойд хөршийн тэргүүн охиныг өхөөрдөн, хагас сууж хүндэтгэсэн нь нийтийн талархлыг хүлээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top