Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Дараа нь тэд хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Манай улсад албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгарсан хоёр улсын харилцаа, итгэлцлийн үндэс дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад талархаж байна. Энэхүү ялалт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг бататгаж хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл явдал юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн зөвлөлтийн түүхэн гавьяаг үүрд дурсах болно" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шатаар ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгож, гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ нь хоёр талын итгэлцлийг бататгасан, ажлын харилцаагаа шинэ үед гаргасан нь улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хийж байгаа айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт, бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгууллаа. Ирэх онд болох агуу их орны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монгол Улс өргөн бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр зам хамтарсан нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг авах сонирхлоо мөн илэрхийллээ.
Өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ нь олон боломжийг нээсэн. Бид ОХУ-ын компанитай хамтран ажиллахаар тохиролцож, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгаад байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэгч чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын тоог нэмэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч Худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )