Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс цэцэг өргөж, мөнхийн гал асаалаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон Батлан хамгаалах яам, Жанжин штабын холбогдох дарга нар, нийслэл, дүүргийн цэргийн штабын офицерууд оролцов.
Дашрамд дурдахад, өнөөдөр Халх голын байлдаанд Орос-Монголын цэрэг дайчдыг удирдан оролцсон Г.К.Жуков жанжны дурсгалд зориулан босгосон цогцолборт хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Түүнчлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд 21:00 цагт ойд зориулсан "Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт" болох юм. Тус урлагийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )