ТОЙМ: “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлаа зузаатгах зорилгоор Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв гүйцэтгэн хэрэгжүүлсэн “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, уран болон фото зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, кино долоо хоног, олон ангит уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээ багтсан юм. 

Энэ оны дөрөвдүгээр сард Хятад, Монгол хоёр улс “Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан байдаг. Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэгдсэн юм.

УРАН САЙХНЫ ТОГЛОЛТ

“Найрамдлын солонго” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны концертод алдарт дуучин Дин И, Ли Фэйфэй нар оролцож, “Мөрөн дээрх балет”, “Пийпаагийн хэл” зэрэг сонгодог хөтөлбөрүүдээс гадна Бээжин жүжиг, Арслангийн бүжиг зэрэг Хятадын уламжлалт соёл урлагаар найрамдлын солонгыг татууллаа.

“Хайр бялхсан торгоны зам” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цирк Үшүгийн тусгай тоглолт Улаанбаатарын үзэгчдэд хүрч, урлаг, технологи, сонирхолтой техникээрээ үзэгчдийг татаж байсан юм.

ҮЗЭСГЭЛЭН

“БНХАУ-ын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нь БНХАУ-ын 70 жил, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш эдийн засаг нийгмийн хөгжилд гарсан ололт амжилт болон Хятадын үндэстнүүдийн ард түмний шинэ зуунд тэмцэж ирсэн амьд практикийг олон нийтэд танилцууллаа.

“Манай найрамдал” гэрэл зургийн үзэсгэлэн нь хоёр улсын уламжлалт найрамдлыг харуулахаар дамжин хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, эдийн засаг худалдаа хүмүүнлэг зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болно. Хоёр улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны түүхийг дахин харуулж, хоёр орны найрамдлын харилцаа хамтын ажиллагааны ирээдүйг мөн үеэр зураглав.

“Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн нь Гэрэл зураг болон бодит үзүүлбэрээр Евро-Азийн эх газрыг дамнасан Хятад, Монгол, Оросыг холбосон цайны худалдаагаар гол болгосон олон улсын эртний худалдааны замд болсон үлгэр түүх, зам дагуух ард иргэдийн зан заншил, Хятад, Монголын уламжлалт найрамдлыг хүүрнэж, тухайн талбайд нь цайны технологийг харуулсан үзүүлбэр үзүүлж, Монголын иргэдэд сонирхууллаа.

“Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн” нь Хятадын гар урлалын хатгамал нь Хятадын уламжлалт соёлын шилдэг үнэт эрдэнэ болно. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуандүний хатгамал, Хүнаний хатгамал гэх “Дөрвөн нэртэй хатгамал” дэлхий дахинд алдартайн дээр Өвөр Монголын хатгамал зэрэг орон нутгийн хатгамал нь өнгө алаглан солонгорч, үндэстний хатгамлын зан заншлыг харуулж байлаа. Хятадын хатгамал нь цай, ваар, шаазан, торго дурдантай адилхан “Бүс ба зам” хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмнийг ойртуулах чухал холбоос болдог билээ.

“Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” нь Морь хүн төрөлхтний дотнын найз. Монгол мориор сэдэвлэсэн уран зураг, гэрэл зураг зэрэг бүтээлийн үзэсгэлэн нь амьд дүрслэлээр “Хүнд бэрх орчинд тэсвэртэй, эргэлт буцалтгүй урагшилдаг, зорилгодоо хүрэхгүй л бол буцдаггүй” морийг дээдлэх үзэл санаагаар Хятад, Монголын харилцааны гэгээн ирээдүйг харуулахыг зорьжээ.

НОМ ХЭВЛЭЛ

“Нахиа” Хятад, Монголын хүүхдийн номын үзэсгэлэн болон ном бэлэглэх ёслолын үеэр Монгол Улсын  хүүхэд багачуудад Өвөр Монголын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Багачууд Хүүхдийн Хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн 2000 ширхэг “Сахиусан тэнгэрүүдийн сайхан суртахууны зурагт ном” (10 боть)-ыг бэлэглэлээ. Эдгээр номд сайхан санаатай, үнэнч цайлган, баатарлаг, даруу төлөв, хариуцлагатай, уучлах чадвартай, өөдрөг байх, ачлалтай байх зэрэг сайхан үзэл суртлыг хүүрнэжээ.

Мөн Хятадын сонгодог уран зохиолын дөрвөн ном “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд”, “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр”, Хятадын “Лү Шюний нэрэмжит утга зохиолын VII удаагийн шагналт бүтээлүүд” болон шинжлэх ухааны зөгнөлт роман “Гурван биет”-ийн кирилл монгол хэл дээрх хэвлэл уншигчдын гарт  хүрэв.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. “Бүс ба зам”-ын эдийн засаг, соёлын коридорын чухал орны хувьд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд соёлын солилцоо улам бүр идэвхжиж буй энэ үед “БНХАУ-ын ном уншлагын танхим”-ыг байгуулсан нь соёлын солилцооны чухал гүүр болж, Монголын уншигчид Хятадын соёлын талд гүн гүнзгий мэдлэг олж авах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог хамтран ахиулахад чухал нөлөө үзүүлэх боллоо. Хятадын уран зохиолын сонгодог бүтээл зэрэг номуудыг тус уншлагын танхим хангаж, Монголын уншигчдад Хятадын номын үйлчилгээг үзүүлэх болно.

КИНО, УРАН САЙХНЫ ОЛОН АНГИТ КИНО СОЛИЛЦОО

Хятадын кино өдрүүдийн нээлтийн ёслол, кино үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, “Нүүдэлчин дэлхий”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Сүүдэр”, “Өмнөд туйл”,  “Салхи хагалагч”, “Чонон сүлд”, “Томоогүй хорин найман нас”, “Бичин багш хохимойн шулмыг гурвантаа дарсан үлгэр”, “Том загасны томог”, “Баяжлын зам” гэсэн Хятадын уран сайхны шилдэг 10 кино Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, iCinema кино театрт үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болголоо.

Тус арван киноны 5-ыг нь монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй зэрэг орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүсэн бол, тавыг нь Өвөр Монголын Үндэсний Кино Орчуулан Үйлдэх Төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүрсэн юм. Эдгээр кино нь хамгийн сүүлийн үеийн орлого ихтэй кинонууд болохыг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Боловсрол телевизэд бэлэглэсэн “Хайрын зөвлөх” олон ангит уран сайхны кино нь Хятадын алдарт жүжигчин Жинь Дүн, Жян Шү-Ин нарын гол дүрд нь тоглосон хайрын түүхийг өгүүлсэн кино юм. Кинонд нэгэн дээд зэрэглэлийн эмнэлгийн шүдний эмч Чэн Хао нь хоёр мэргэжилтэй, хайр дурлалын туршлагагүй залуу боловч “Хайрын зөвлөх” болсон тэрээр бусад хүмүүст хайрын төлөвлөгөө гаргаж өгдөг үйл явдлыг хүүрнэжээ. Уг кино нь орчин үеийн Хятад орны залуу хүмүүсийн хайр дурлал, ажил мэргэжил, гэр бүл зэрэг өдөр тутмын амьдралыг нэг талаас нь тусгасан аж. Хятадын уран сайхны кино, олон ангит уран сайхны киногоор дамжуулан Хятадын ард түмний амьдрал, хайр сэтгэлийг Монголын үзэгч олон илүү сайн ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГЫН АРГА ХЭМЖЭЭ

Өвөр Монгол, Хэбэй мужийн аялал жуулчлалын танилцуулгын арга хэмжээг соёлын цуврал арга хэмжээний үеэр зохион байгуулж, Өвөр Монгол, Хэбэй мужийн зан заншил, түүх соёл, байгаль болон хүмүүнлэгийн үзэгдэл, алтан маршрут зэргийг танилцуулснаар Хятадад аялал жуулчлал хийх лавлагааны үйлчилгээг хангаж, Хятад, Монголын аялал жуулчлалын харилцаа хамтын ажиллагааг ахиулсан юм.

Мөн Өвөр Монгол, Хэбэй мужийн амтат хоолны цуврал танилцуулга хийж, ӨМӨЗО болон Хэбэй мужийн тогооч нар газар дээр нь хоол хийж, Өвөр Монгол, Хэбэйн зан заншилтай танилцах боломжийг олголоо.

ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн есөн мэргэжилтэн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, уламжлалт эмчилгээ хийлээ.

Бие чийрэгжүүлэх хийн тамир Тай Жи Чюаний сургалтын солилцооны арга хэмжээ, хий бөмбөгийн сургалтын солилцооны арга хэмжээ, спорт бүжгийн солилцооны арга хэмжээг мөн зохион байгуулж, хоёр орны спортын солилцоо, спорт бие чийрэгжүүлэх салбарын хөгжлийг дэмжсэн сайхан арга хэмжээ байлаа.

Ажил мэргэжлийн боловсролын үзэсгэлэн нь Өвөр Монголын ажил мэргэжлийн боловсрол, боловсон хүчин бэлтгэх талыг тодорхой танилцуулж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг нийгмийн хөгжилд илүү олон боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдлээ.

Энэ удаагийн соёлын цуврал арга хэмжээ нь найрамдлыг магтан дуулж, харилцаа хамтын ажиллагааг ахиулсан чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top