ОЛОН ӨНГӨ: Ерээд оны элгийн явдлууд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Эргэдэг хүрдтэй суурин утасны аппаратыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй шинэ үе нийгмийн амьдралд алхан орж байна. тэд 1990-ээд онд дэлгүүрт бор давснаас өөр бараагүй тарчиг амьдралыг мэдэхгүй. талхаа авах гэж дугаарлаж, талоноор гурил олж харьдаг байсан хүнд жилүүдэд хүүхдүүд юугаар тоглож, хүмүүс хэрхэн аж төрж байсныг тэдэнд ойлгуулах сан. тэгвэл залуус маань энэ амьдралаа хайрлана даа гэж би боддог юм.

1990-ээд онд хүүхдүүд санкетка унаж, дугуй түрж, бөглөө шүүрч, баавгайн чих булаацалдаж, дээс эргүүлж, резин гогодож, люкс өшиглөж, граж дээгүүр гүйлдэн, дидандаж тоглодог байлаа. эдгээр тоглоомоо бүгдийг өөрсдөө хийцгээнэ гээч. 50, 100-гийн ундаа, 5-ын га, том гөөхий бидний нандин хоол байсан бол алим, мандариныг шинэ жилээр л айлын таваг дээрээс хардаг байжээ. ардын багшийн зодуур, ах нарын шоглоом, атамануудын дээрэм, орцны дуу, охидод илгээх захидал гээд утасны дэлгэцээс салдаггүй одоо үеийнхнийг бодвол их л хөгжилтэй байж дээ.

энэ бүхнийг залуус, дүү нартаа ярихаар итгэж өгөхгүй нь зовлонтой. итгэлээ ч цаанаа шоолонгуй, өрөвдөнгүй өнгө аястай. харин азаар 1990-ээд оны дээрх бүх сайхан дурсамжийг агуулсан “90-ээд оны элгийн явдлууд” контент өнөөдрөөс эхлэн iptv-ээр гарах гэж байгаа юм байна. контент бүтээгчдийн тайлбарласнаар үзэгчид бага залуу насныхаа дурсамжаар аялж, үр хүүхэд, дүү нартаа өөрийн түүхийг дүрстэйгээр баяжуулан ярих боломж олгох юм билээ. тэгэхээр бидний гайхамшигт түүх үнэн болохыг залуу үе минь хараад итгэх боломжтой болох нь. 1990-ээд оны нийгмийн шуурганд бага, залуу насаа өнгөрөөсөн миний хувьд үзэх сэн гэж яарна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.103.37) 2019 оны 10 сарын 22

сайхан байжээ

0  |  0
Top