Хамарын хийд орчмын лицензийг цуцалсан ч шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Аймгийн Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Н.Отгонжаргал: “ДАБЛЬЮ ЭС ЖИ ЭЛ” КОМПАНИ ДАРААГИЙН ШАТНЫ ШҮҮХЭД ХАНДСАН, ТЭГЭХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДЭЭГҮЙ ГЭСЭН ҮГ

Дорноговь аймгийн Хамарын хийд орчимд “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компаниуд олборлолт явуулахаар байр саваа засч байхад нь орон нутгийн удирдлагууд зогсоосон билээ. Тиймээс тус компани шүүхэд хандсан юм. Гэтэл сүүлийн өдрүүдэд “Олон ихт баян” компанийн эрхийг цуцлалаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов. Тиймээс бид Дорноговь аймгийн Тамгын газрын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Н.Отгонжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Манай аймгийн Засаг даргын шийдвэрээр уг газрыг тусгай хамгаалалтад авч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус компанийн лицензийг цуцалж өгөх хүсэлтээ илэрхийлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хянаж үзсэн. Ингээд тус газарт олборлолт явуулах эрхийг цуцлах шийдвэр гарсан юм билээ. Харин “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани дараагийн шатны шүүхэд хандаад байгаа. Түүнээс бүр эцэслэн шийдээгүй гэсэн үг. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны долоодугаар сарын 26-ны өдрийн шийдвэр хүчингүй болгох тухай тогтоол бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юм” хэмээлээ.

Хамарын хийдийн ловон лам С.Борхүү: ЭНЭ КОМПАНИ МАНАЙ НЭГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ДҮҮГИЙНХ ЮМ БАЙНА

Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү хийд орчмын газраа хамгаалан тэмцэж байгаа бөгөөд нутгийн иргэдийг ч энэ хөдөлгөөндөө нэгтгээд байгаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагдаа “Олон ихт баян компани нь манай нэгэн УИХ-ын гишүүний дүүгийнх юм байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензины сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлуудыг орон нутгийн зүгээс зөвшөөрөл авдаггүй юм байна. Энэ лицензийг цуцалбал, нөхөн олговор олгох тухай л дарга, цэрэг, алба хашсан хүмүүс мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм” хэмээжээ.



ХАМАРЫН ХИЙДЭД ШУНАСАН НӨХӨД НУТГИЙН МАЛЧИН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЬЕ ГЭЖЭЭ
 

Хамарын хийдийн орчимд үл таних нөхөд очиж, нутгийн уугуул иргэдээс энд олборлолт хийх нь ашиг тустай, мөнгө төгрөгөөс эхлээд бүхий л зүйл дээр тусалж дэмжихээ илэрхийлсэн тухай эх сурвалж хэлж байсан. Харин нутгийн уугуул иргэдтэй уулзсан нөхөд чухам ямар хэргээр хаанаас яваагаа ч тодорхой дурдаагүй бололтой. Малчдын хэлж байснаар бол “Өнгөрөгч өвөл манай энд кемпээ байгуулах гэж ирсэн компанийн хүмүүс байж магадгүй, тэр компани их олон нэртэй, бид учрыг нь олдоггүй. Цаана нь УИХ-ын гишүүний нөлөө байдаг учраас заавал энд олборлолт хийх гээд байдаг юм болов уу” гэсэн байдаг.


ЛИЦЕНЗ ОЛГОХОД АЖИЛЛАЖ БАЙСАН АМГТХЭГ-ЫН ДАРГА “ЛИЦЕНЗ ОЛГООГҮЙ” ГЭВ
 

Тус компанийг лиценз авах үед буюу 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар өдгөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байсан учраас сэтгүүлчид түүнээс энэ тухай лавлахад “Би Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байх үедээ Хамарын хийд орчимд газрыг ашиглах лиценз олгоогүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл Аймаг орон нутгийн удирдлагуудаас удаа дараа холбогдох газарт, салбар яаманд зөвшөөрөл цуцлуулах хүсэлт өгөхөөр ийнхүү шүүхийн шатанд байгаа гэхээс өөр хариу хэлдэггүй нь цаанаа ямар нэгэн учиртай гэх хардлага төрсөөр байгаа. Үнэхээр тухайн үеийн салбарын удирдлагуудын алдаатай шийдвэр байсан бол одоо цуцлахад болохгүй зүйл алга. Гэтэл удаа дараа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар салбар яаманд саналаа хүргүүлсэн ч ийнхүү  шийдэлд хүрэхгүй, ахин дахин шүүх рүү зарга үүсгэж байгаа нь хачирхалтай. Ийнхүү хүсэлт гаргасан удирдлагууд хариу нэхэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Шүүхийн шийдвэрийг хянаж байна” гэх хариу өгдөг бол Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “Олон ихт баян компани шүүхэд хандсан, шүүхээс хариу ирээгүй” гээд байгаагийн цаана гацаа байсан нь үнэн. Үүний цаана ямар нэгэн том эрх мэдэлтэн байсан гэсэн үг. Ямартай ч энэ удаад анхан шатны шүүхээс тус компанийн эрхийг цуцлах шийдвэр гарч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хянаад харъяа агентлаг газар тогтоол гаргасан байна. Гэвч дараагийн шатны шүүхэд хандаад байгаа нь ямар нэг зүйлд найдсан нь илт.


ХАЙГУУЛЫН ЗАРДАЛ ГЭЖ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭЭД ЭХЭЛЖЭЭ
 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол уул уурхайн чиглэлд төдийлөн үйл ажиллагаа явуулаагүй, энэ талын мэргэжилтэн, техник технологи байхгүй шахам компани бүү хэл мэргэжлийн өндөр түвшний компани ч ийм богино хугацаанд нөөц тодорхойлох боломжгүй гэдгийг онцолж байсан. Үүнээс харвал нэгэнт тусгай хамгаалалтад байдаг газарт олборлолт явуулж болохгүй учраас улсаас нөхөн олговор нэрийн дор ихээхэн мөнгө авах, эсвэл эн тэнцэхүйц том орд газар авах кампанит ажил өрнүүлээд байгаа нь тодорхой харагдана. Тэгэхээр улсын тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулахаар улайрч төрөөс ихээхэн хэмжээний мөнгө эсвэл эн тэнцэхүйц орд газар эзэмшихээр зүтгэж байна. Нөгөө талаар арга тасарсан “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани орд газар авч чадахгүй ч хайгуулд зарцуулсан нэрээр хоёр тэрбум төгрөгтэй салахыг бодож байгаа бололтой.

БАРИМТ ЗАДЛАХАД

Хамарын хийдийн бүс нутагт анх 2006 онд хайгуулын лиценз эзэмших эрх авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байдаг. Тиймээс уг хүсэлтийн дагуу 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал, ашиглалтын гурван лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу” компанид олгосон нь өнөөдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр давалгаалаад байгаа болохоос бус эртний зүйл. Тухайлбал, Хамарын хийдийн уг газрыг 1998, 2010, 2014 онд тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тиймээс өнгөрөгч хугацаанд ямар ч хайгуул хийгээгүй байсаар ““Оуяашиёоу” компани нь өөрийнхөө бүрэн эрхийг мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авсан байна. Харин “Даблью Эс Жи Эл” компани нь тусгай эрхийг шилжүүлэн авах үед лицензийг хаяж үрэгдүүлсэн учраас 20873 гэсэн шинэ дугаар авч, шинээр авсан лицензээ хэсэгчлэн “Олон ихт баян” компанид өгсөн байдаг. Ингэхдээ тус компанид 21248А дугаарыг ахиад өгсөн баримт бий

Жич: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх стратегийн болон стратегийн бус орд газрын лицензийг цуцалсан. Үүн шигээ түүх соёл, шашны үнэт өв болсон газрыг Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд эрхийг цуцлахад болохгүй зүйл алга.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(66.181.161.1) 2019 оны 09 сарын 14

Ene zubshuurliig tsutslah estoi shuu. Hamariin hiid bol ariun dogshin nutag shuu dee.

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2019 оны 09 сарын 13

НЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ДҮҮ ГЭЭД НЭРИЙГ НЬ НУУГААД ЮУГАА ХИЙХЭВ ДЭЭ? ЧОЙЖИЛСҮРЭН ГЭДЭГ ЛАЛАР ЛУЙВАРЧИНГИЙН ДҮҮ ГЭЭД ШУУД ХЭЛЧИХЭЭЧ, АЙГААД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ?

0  |  0
Top