“Олон ихт баян”-гийн ард байгаа ГИШҮҮН ил гарах цаг болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

Дорноговь аймгийн Хамарын хийд орчимд өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө хайгуулын лиценз олгосон нь олон жилийн турш маргаан дагуулж буй. Өнгөрөгч хавар тус газарт лиценз эзэмшдэг “Олон ихт баян” компани олборлолт хийхээр техник хэрэгсэл, амьдрах орон байраа босгож эхэлсэн. Гэтэл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар аймаг орон нутгийн удирдлагууд тус газрыг тусгай хамгаалалтад авсан юм. Үүнээс өмнө тус компани шат шатны шүүхээр зарга үүсгэдэг шигээ өдгөө ч ахиад зарга үүсгэсэн байдалтай байгаа юм. Хэдийгээр тухайн үеийн салбарын удирдлагууд лиценз олгосон ч улсын тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулах боломж тэдэнд олдоогүй. Харин өнгөрөгч хоёрдугаар сард Дорноговь аймгийн Засаг дарга уг лицензийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хандсан байдаг.

Гэтэл өнгөрөгч лхагва гарагт Хамарын хийдийн орчимд үл таних нөхөд очиж, нутгийн уугуул иргэдээс энд олборлолт хийх нь ашиг тустай, мөнгө төгрөгөөс эхлээд бүхий л зүйл дээр тусалж дэмжихээ илэрхийлсэн тухай эх сурвалж хэллээ. Харин нутгийн уугуул иргэдтэй уулзсан нөхөд чухам ямар хэргээр хаанаас яваагаа ч тодорхой дурдаагүй бололтой.

Малчдын хэлж байгаагаар бол “Өнгөрөгч өвөл манай энд кемпээ байгуулах гэж ирсэн компанийн хүмүүс байж магадгүй, тэр компани их олон нэртэй, бид учрыг нь олдоггүй. Цаана нь УИХ-ын гишүүний нөлөө байдаг учраас заавал энд олборлолт хийх гээд байдаг юм болов уу” хэмээсэн. Тиймээс энэ тухайд Дорноговь аймгийн Тамгын газрын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн н.Отгонжаргалаас лавлахад “Тийм зүйл мэдэгдээгүй, манай аймгийн Засаг даргын шийдвэрээр уг газрыг тусгай хамгаалалтад авч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус компанийн лицензийг цуцалж өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Харин одоо бидэнд байгаа мэдээллээр бол тус компани шүүхэд ахин хандаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хянаж үзэж байгаа гэсэн” хэмээлээ.

Тус компанийг лиценз авах үед буюу 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар өдгөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байсан учраас сэтгүүлчид түүнээс энэ тухай лавлахад “Би Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байх үедээ Хамарын хийд орчимд газрыг ашиглах лиценз олгоогүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл Аймаг орон нутгийн удирдлагуудаас удаа дараа холбогдох газарт, салбар яаманд зөвшөөрөл цуцлуулах хүсэлт өгөхөөр ийнхүү шүүхийн шатанд байгаа гэхээс өөр хариу хэлдэггүй нь цаанаа ямар нэгэн учиртай гэх хардлага төрж байна. Үнэхээр тухайн үеийн салбарын удирдлагуудын алдаатай шийдвэр байсан бол одоо цуцлахад болохгүй зүйл алга. Гэтэл удаа дараа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар салбар яаманд саналаа хүргүүлсэн ч ийнхүү  шийдэлд хүрэхгүй байгаа нь хачирхалтай. Ийнхүү хүсэлт гаргасан удирдлагууд хариу нэхэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Шүүхийн шийдвэрийг хянаж байна” гэх хариу өгдөг бол Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “Олон ихт баян компани шүүхэд хандсан, шүүхээс хариу ирээгүй” гээд байгаагийн цаана ямар учир байна вэ. Үүний цаана ямар нэгэн том эрх мэдэлтэн байна гэсэн үг. Одоо тэр эрх мэдэлтэн ил гарч улсын тусгай хамгаалалттай газарт авсан лицензээ цуцлах цаг нь болжээ. Тэгэхээр улсын тусгай хамгаалалттай газарт олборлолт хийхээр зүтгээд байгаа компанийн тухай  баримтыг эргэн харъя.

“Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани хайгуулд хоёр тэрбум төгрөг зарцуулсан хэмээн төрөөс мөнгө нэхэж байгаа нь шантааж уу!

Хамарын хийдийн бүс нутагт анх 2006 онд хайгуулын лиценз эзэмших эрх авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байдаг. Тиймээс уг хүсэлтийн дагуу 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал, ашиглалтын гурван лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиёоу” компанид олгосон нь өнөөдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр давалгаалаад байгаа болохоос бус эртний зүйл. Тухайлбал, Хамарын хийдийн уг газрыг 1998, 2010, 2014 онд тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тиймээс өнгөрөгч хугацаанд ямар ч хайгуул хийгээгүй байсаар ““Оуяашиёоу” компани нь өөрийнхөө бүрэн эрхийг мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авснаар өнгөрөгч 2018 оны сүүлээр тус газарт бууриа зассан ч ахиад орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, аймгийн удирдлагуудын шийдвэрээр буулгасан учиртай.

Гэвч тэд зарга хийж, шат шатны шүүхээр явсан ч Хамарын хийд орчим газар нь улсын хамгаалалтад байдаг учраас хууль зүйн үүднээс олборлолт явуулах боломжгүй. Нөгөө талаас Монгол Улсын холбогдох яам, агентлаг газраас нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон учраас тус компанийг хохиролгүй болгох, эсвэл эн тэнцэхүйц орд газарт шилжүүлэх хуультай юм байна. Тиймээс Хятадын компаниуд Хамарын хийд орчмын газарт нэгэнт олборлолт явуулж болохгүй учраас хууль дүрэм барьж яваад ахиухан нөхөн олговор авах, эсвэл том орд газар авах сонирхол давамгайлсан гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд дурдаж байсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани улсын тусгай хамгаалалтад байдаг газар гэдгийг мэдсээр байж хэргээр тэнд бууриа засч, олны эсэргүүцэлтэй тулгарч, анхааралд оруулах процесс явуулж байсан бололтой.

“Даблью Эс Жи Эл” компани нь тусгай эрхийг шилжүүлэн авах үед лицензийг хаяж үрэгдүүлсэн учраас 20873 гэсэн шинэ дугаар авч, шинээр авсан лицензээ хэсэгчлэн “Олон ихт баян” компанид өгсөн байдаг. Ингэхдээ тус компанид 21248А дугаарыг ахиад өгсөн баримт бий. Харин “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани нь хэсэгчлэн хоёр болгосон газарт хайгуулын ажил хийхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан хэмээн  мөнгө нэхэмжлэхээр улайрч байгааг эх сурвалж хэллээ. Гэтэл ““Оуяашиёоу” компани нь анх Хамарын хийд орчим газарт зөвшөөрөл авсан цагаас хойш хайгуулын ажил явуулахдаа хоёр тэрбум төгрөг зарсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдсан байдаг ч мэргэжилтнүүд “хайгуулын ажил явуулаагүй” гэж үздэг. Тэгэхээр дээрх “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компаниуд мөнгө нэхэмжилж байгаа нь зүйд нийцэх үү гэдэг асуудал тулгарч байна.  Тодотговол, “Олон ихт баян” компани нь тус газрыг 2018 оны нэгдүгээр сард хэсэгчлэн шилжүүлэн авсан байдаг бөгөөд зургаан сарын дотор Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан нь ихээхэн хар дагуулж буй.

Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол уул уурхайн чиглэлд төдийлөн үйл ажиллагаа явуулаагүй, энэ талын мэргэжилтэн, техник технологи байхгүй шахам компани бүү хэл мэргэжлийн өндөр түвшний компани ч ийм богино хугацаанд нөөц тодорхойлох боломжгүй гэдгийг онцолж байсан. Дашрамд дурдахад, Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагдаа /2019.02.04/ “Олон ихт баян компани нь манай нэгэн УИХ-ын гишүүний дүүгийнх юм байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензины сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлуудыг орон нутгийн зүгээс зөвшөөрөл авдаггүй юм байна. Энэ лицензийг цуцалбал, нөхөн олговор олгох тухай л дарга, цэрэг, алба хашсан хүмүүс мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм” хэмээжээ. Үүнээс харвал нэгэнт тусгай хамгаалалтад байдаг газарт олборлолт явуулж болохгүй учраас улсаас нөхөн олговор нэрийн дор ихээхэн мөнгө авах, эсвэл эн тэнцэхүйц том орд газар авах кампанит ажил өрнүүлээд байгаа нь тодорхой харагдана. Тэгэхээр улсын тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулахаар улайрч төрөөс ихээхэн хэмжээний мөнгө эсвэл эн тэнцэхүйц орд газар эзэмшихээр зүтгэж байгаа “Олон ихт баян” компанийн ард байгаа УИХ-ын гишүүн ил гарах цаг нь болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмгэн(59.153.114.99) 2019 оны 06 сарын 23

Энд авлига хахуулийн ажиллагаа байгаа нь төрд гарсан эрхмүүдийн үйлдэл. Тэгээд хориотой бүсэд дур мэдэн зон олны эсэргүүцлийг үл тоовол энэ эрхэмд таарсан хариу үйлдэл бол ”цуцлах” нь маш зөв шийдвэр.

0  |  0
zochin(150.129.141.249) 2019 оны 06 сарын 23

Hanaj tsadashgui shunalt CHOIJILSUREN.

0  |  0
Би Монгол хүн(103.26.195.191) 2019 оны 06 сарын 23

Тусгай зөвшөөрөл олгосон тэр эрх дархтай хүмүүсээр нь төлүүл. Нэгэнт олборлолт хийж ажиллагаа эхлээгүй байсан учраас нэхээд байгаа мөнгө нь зөвшөөрөл авахдаа өгсөн хээл хахууль нь байж таараа. Хээл хахууль авч зөвшөөрөл олгосон нөхцдүүдийг нь шалгаач ээ!!!

0  |  0
Top