ОЛОН ӨНГӨ: “Борлогддоггүй найзыгаа борлуулна”

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Цахимаар маш олон мэдээлэл урсаж буй эрин үед бид амьдарч байна. Энэ нь магадгүй бичиг үсэгт тайлагдсан хүн бүр мэдээллийг хурдан шуурхай олж авахад туслах ч зарим талаар айдас дагуулж буй. Цахимаар дамжуулан танилцаж, болзон, буруу сэдэлтэй хүмүүсийн золиос болж, эрсдэлд орж байгаа жишээ ч олон бий.

Хүмүүс магадгүй хөнгөн хошигнол гэж хүлээж авах ч нөгөө талаараа маш буруу зүйлд уриалсан нэгэн постыг хараад өөрийн эрхгүй хэдэн үг бичмээр санагдлаа. Залуухан, царайлаг бүсгүйн зургийг найз нь постлоод “Борлогддоггүй найзыгаа борлуулна. 21 настай. Хөөрхөн...Ийм, тийм залууст дуртай...” гэх зэргээр бичжээ. “Хань ижлийг хайдаггүй юм, заяадаг юм. Хайж олсон хайр л ханцуйндаа хутгатай ирдэг” гэх үг бий. Яагаад тийм залуухан, боловсролтой нь илт харагдах найзынхаа зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд байршуулж, борлогддоггүй бараа гэж зарлах болов? Яагаад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр түүнд хань ижил хайх болов? Хөнгөн хошигнож байгаа ч энэ нь муу санаа агуулсан хүмүүст шууд л аманд нь ороод ирж байгаа “шар тос”. Тэр бүсгүйн цахим хаяг, нас, царай зүс гээд хувийн мэдээллүүд нь ил боллоо. Магадгүй хүний наймааны сэдлээр охидыг хулгайлж байгаа хүмүүс түүнийг хялбархан олно. Нөгөө талаар тухайн хүн хэзээ, хэнтэй үерхэж нөхөрлөх, хэний эхнэр болохоо өөрөө шийддэг баймаар. 21-хэн настай түүнийг “Одоо нөхөртэй бол”, “Чи борлогдохгүй байна” гэж “дарамталж”, олон нийтийн сүлжээгээр хувийн нууцыг нь зарлаж, хүмүүст хямдхан харагдуулах хэрэг юун. Борлогддоггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ, тэр эмэгтэй эд бараа юу?

Хань ижлийг хайдаггүй юм, заяадаг юм. Яарч хүнтэй танилцаж, баар сав хэсэж яваад алтан амиа алдсан харамсалтай тохиолдол олон. Ер нь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хэзээ гэр бүлтэй болох нь тухайн хүний өөрийнх нь шийдвэр. Магадгүй бид нэгнийхээ амьдралд хэтэрхий их оролцож, янз бүрийн шалтгаанаар дарамт шахалтад оруулаад байгаа юм биш биз... Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн амьдралтай. Өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй. Таны чаддаг зүйлийг бүх хүн чаддаг байх албагүй. Бүгд яг тань шиг амьдарч, таны хүссэнээр байж, үргэлж үгэнд тань орж, санал бодол нь зөрчилдөхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгаа та бүхнийг бурхан ивээг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top