Нэлэнхүй давхарлан үелж сундалдаад, басхүү нимгэн хөөг татан зээглэж дуниартах холын цэнхэр уулсын бараа наанаа гүн хөхөмдөг шигээ тийн алслах тусмаа усан будгийн таталбар зураг лугаа үлэмж бүдгэрэн цэнхэртсээр үүл, тэнгэр хоёртой уусан нэгдэж харагддаг бол Мухар Улиастайн амны холбоо хөх оргил түүнээс арай өөр байдаг нь эл хоёр оргил дээгүүрээ гагцхүү үүлтэй тэнгэр нөмрөн ханхайх бүлгээ. Нутгийн зон олны шүтээн болсон Хархираагийн будант уулсын нэг салаанаас доош уруудсан эл шургуу хавцал хэдий ав гөрөө элбэгтэй авч Мухар Улиастайн амыг хэзээнээс нааш догшин их савдгуудтай хэмээн хөх өвгөд хэлэлцсээр ирсэн болохоор сүсэг ихт гөрөөчид тийш зорих нь ховор. Итгэхэд бэрх домог ярианууд одоо ч олны дунд ам дамжин сэм яригдсаар байдаг эл үзэсгэлэнт аманд ирсэн өмнө зүгийн нэгэн гөрөөч эр: Үнэхээр дуу алдам сайхан хангай юм. Гэхдээ уруу харсан ийм сав догшин байдаг. Надад хүнддэж магад! хэмээн сүслээд буу дуугаралгүй буцсан гэх авай.
* * *
Өнгөрсөн зуны адаг сарын хуучдаар би Мухар Улиастайн аманд нутгийн нэг өвгөнтэй хэд хоног хаяа дэрлэн айлсав. Тэр өвгөн бээр нас сүүдэр 82 шүргэж яваа Баяны Сайнбилэг ах. Нутагтаа хэд хоног амрахаар очсон би хуучин “Хархираа” амралтын өмч асан цагаан байшинд түр амьдрахаар төвхнөх болоход байшингийн яг хаяанд нэг айл байсан нь Б.Сайнбилэг ахынх. Төгс хүлэгт Дөрвөд Далай хааны чин шударгу албат агсан түүний өвөг эцэг, нагац ах нар 1921 оны долдугаар сард Далай хан Г.Түмэндэлгэржавын байгуулсан Баруун Монголын Түр Засгийн газрын үйл хэрэгт оролцож яваад (эл явдал түүхэнд тэмдэглэгдээгүй) 1937 онд улс төрийн хэрэгт хэлмэгджээ. Б.Сайнбилэг ах сүүлийн хоёр жил дараалан Дөрвөд Далай ханы хошууны Баруун Засгуудын нутагт хамаарч асан Мухар Улиастайн аманд зусаж буй. Намаржаа болоод өвөлжөө нь Огзомд гэх. Нааш зусахаар ирэхдээ Б.Сайнбилэг ах малаа дагаж уулын зусланд гарсан хүүхдүүдээсээ цай сүлэх ганц тугалтай үнээ авч үлджээ.
Эмгэн нь Долгор гэж 80 настай эмээ. Долгор эмээгийн төрсөн дүү Дулмаа 72 настай. Дулмаа эмээ хүргэн ах, эгч хоёрынхоо хурууны үзүүрт зарагдах аж. Тэрбээр өглөө эртлэн босож Б.Сайнбилэг ахын ганц үнээг саана, бас цай чанаж, хоол хийж, сүү хөөрүүлж... гээд юм, юм амжуулна, заваараа арьс идээлж, гараараа нухаж элдэнэ. Дулмаа эмээ энэ зун эгчдээ хань болохоор өвгөнөө Улаангомд орхиод нааш иржээ. Тэдний өвөлжөө нь Ачит нуурын эрэг. Зуслан нь Олон нуур. Уг нь Дулмаа эмээ Мухар Улиастайд тэгж их удалгүй буцах санаатай ирсэн боловч Б.Сайнбилэг ахын зээ А.Гаанжуур түүнийг хэдэн арьс элдэж өгөөч гэж аминчлан гуйсан тул арьсаа элдэж дуусахаас нааш буцах аргагүй болсон нь тэр аж. Намайг очоод удаагүй байтал хоёр эмгэн хоёр өдөр гадаа нар даган сууж байгаад Б.Сайнбилэг ахын хуучин дээлийг элбээд сэлбэчих жишээний. Ойрын хараа нь зүү сүвлэх ба холын хараа нь ч бас намайг дагуулахааргүй, алсын уулын хөтөл давж яваа үнээдийг бүртгэх аж.
Эхний өдрийн орой Б.Сайнбилэг ах манай байшинд орж ирлээ. Тэгээд цай уух зуураа надаас элдвийг шалгаасан нь монголчуудын дунд одоо ч учир битүүлэг хэвээр байгаа С.Зориг агсны аллага ба 2020 оны сонгуульд улс төрийн аль хүчин ялбал зөв болох тухай байлаа. Тийн шалгааж суухдаа тэрбээр өөрийн бодлоо дотроо тас нуун авч үлдээд буй нь ажиглагдана. Гаднаас нь харахад юу ч үл мэдэх гэнэн төрхтэй ийм л өвгөдийн дотоод ухаан биднийг авч яваа гэдэгт итгэдэг болохоор би Б.Сайнбилэг ахтай ярьж суухдаа өөрийгөө ихэд цэнэж сууснаа нуух юун! Яриан дундаа Б.Сайнбилэг ах залуу насаа дурсав, Отгонтэнгэрийн рашаан сувилалд амарч явснаа ярив, түүний яриан дундаас би сүйжин хэмээх чулууг яаж таних талаар мэдэж авав. Тийм чулууг таних арга нь аргалын үнсэн дээр гурван хуруу зайтай барих ба тэгж барихад чулуу үнсийг өөртөө юу ч үгүй болтол шингээгээд авчихдаг юм байх, бас мана хөөргийг таних нэг арга нь амыг нь сайтар бөглөөд усанд хийхэд живэхгүй, хөвдөг гэх. Б.Сайнбилэг ах бас эртний домогт дуртай бололтой. Нутгийн ардуудын дунд түгээмэл байдаг элэр домгуудаас ярьж сууснаа гэнэт “Галдан бошгот ямар хүн бэ?”, “Амарсанаа ямар хүн бэ?” гэх. Би түүнд мэддэг бүхнээ хамж шимэн ярих боловч өвгөнд миний яриа нэг л дутуу дулим санагдаад буй нь илт. Эл яхир шинжийн өвгөний цээжин дотуур эрт цагт манж нарт хядуулсан өвөг дээдсээс нь үлдсэн нэг их хоосон орон зай шуугин эргэж, басхүү ирэх цагийг анирдсан дотоод сэрэмж чимээ чагнан байх шиг. Зээ нарынх нь ярихаар бол залуудаа нэлээд шуугиулж явсан гэх тэрбээр өнөө цагийн явдлыг дотроо өнхчүүлж шинжихийн зэрэгцээ ирээдүй цагийн өмнөөс ихэд санаа зовниж суудаг нь мэдрэгдэнэ.
Б.Сайнбилэг ах залуудаа сайн хутга, сайхан хөөрөг хоёрт хорхойсдог асан аж. Түүний одоо барьж буй хөөрөг нь гэхэд нэлээд эртний хийцтэй, шүрэн толгой, мөр бүхий шар мана. Өвгөн түүндээ жаахан дурамжхан байдаг бололтой. Юу гэхээр хөөрөгний мөр нь монгол биш, манж улбаатай гэх. Эрт цагт нэгэн манж түшмэл монголчуудын амыг хазаарлах ёгт утгаар мөртэй хөөрөг анх бий болгосон аж. Тийм хөөргөө өвөртлөөд мань өвгөн нэг өдөр Улаангом руу найранд явлаа. Ирэхдээ бөөн паян. Очсон найрынхаа хойморт залагдсан хамгийн хүндтэй буурал нь Б.Сайнбилэг ах байж. Гэтэл нас өндөр тул мэдээж, давсаг сул. Байн, байн олны дундуур гарах гэж зүтгэлээд байх хэцүү. Тэгэхээр нь цай уухгүй гэж шийдэж. Харин ирсэн архийг буцаалгүй хөнтрөөд байж. Тэгээд л согтчихож. Настай хүн халуун цай уухгүй болохоор яаж ч тэсэхэв. Өвгөн, эмгэн хоёрыг найрнаас ирсэний маргааш гэр харж үлдсэн байсан Дулмаа эмээ манайд орж ирэхдээ ихэд эмээсэн янзтай:-Эгч ахыг загнаж байна. Олны дунд овилго алдлаа, дахиад найранд дагуулж явахгүй гэж байна... гэлээ. Харин Б.Сайнбилэг ах өөрөө Долгор эмээгийн үглэхийг тоосон шинжгүй, маргааш нь надад хамаг паянгаа яриад инээж, ханиаж суух. Тэгээд ч найран дээр сүйдтэй юм болсонгүй бололтой. Өвгөнийг согтсоноос болж найр жаахан эрт тарсан юм байх. Найрын ууц хөндсөнөө мэдэхгүй байгаадаа л өвгөн жаахан гэмших янзтай.
Найранд явахдаа өвгөн, эмгэн хоёр хөлдөөгчинд хийж хадгалсан ундааны том савтай сүүнүүд авч явсан агаад өөрсдөө цай ууж шалихгүй болохоор ганц үнээнийхээ саам болон өглөө бүр зээ А.Ганжуурынх нь эхнэр авчирч өгдөг сүүнээс илүүчилж нөөсөн нь тэр аж. Түүнийгээ магад, Улаангомд амьдардаг үр хүүхэд, ах дүү, хамаатан садангууддаа аваачиж таарна. Өвгөд, эмгэд маань хэзээнээс нааш чингэсээр ирсэн агаад аль ч цаг үед хөдөө нь хотоо тийн тэжээсээр өдий хүрчээ. Намайг анх ирээд цагаан байшинд төвхнөж ахуйд Долгор эмээ таягаа тулан бөгтийсээр орж ирээд: Та нар манай гадаа байгаа түлээнээс авч түлж болохгүй шүү. (Цагаан байшинд би болон эгч, эгчийн бага хүү, том бэр, бас хоёр жаахан зээ нь нийлээд хэдүүлээ байсан юм.) Өөрсдөө уулнаас гишүүгээ түүнэ биз. Би хөл муутай, хөгшин хүн! хэмээн хатуурхаж, өвгөн нь түүнийг сонсоод санаа зовсондоо: Чи цаашаа бай, гэртээ ор! хэмээн хөөж, зээ А.Гансүх нь: Бороо хур ихтэй, хүйтэн нойтон байхад авч түлэхээс өөр яахав, харин та өөрөө сэрэмжтэй унтахгүй бол хулгайлаад түлчихнэ гэж мэд! хэмээн цаашлуулж асан бол маргаашнаас нь эхлээд гурван хөгшин манайхаар хааяа орж гарч, бид ч бүл муутай тэр гуравт халуун цай, хоол оруулж өгсөөр төдхөн хэдүүл ижил дасал болж, сүүлдээ эгчийн бага хүү уулнаас түүсэн гишүүнээсээ гурван хөгшинд илүүчлэх болов. Бас найранд явахдаа Долгор эмээ Улаангом руу түрүүлж явах болж, түүнийг эгчийн бага хүү (манай машины жолооч) хүргэж өгөв. Түүнд баярласан Долгор эмээ найрнаас ирснийхээ маргааш эгчийн бага хүүг тусад нь дуудаж цайлаад сүйд.
Би өглөөд Дулмаа эмээтэй зэрэг шахуу босдог болохоор тэр намайг дуудаж цай уулгана. Өтгөн сүлсэн аагтай шаргал цай, арвайн гурил, өөхөн тосонд чанасан боорцог... хүүхэд насыг минь санагдуулна. Тийн цайлж суух зуур гурван хөгшин надаас элдвийг шалгаах ба тэгж шалгаахдаа юм л бол “Та” хэмээн хүндлэх нь зээ А.Гансүх намайг мундаг зохиолч гэж дөвийлгөснийх биз ээ. Нэг удаа би Дулмаа эмээтэй ярьж суухдаа Ачит нууранд загас их байдаг гэж сонссон тухайгаа хэлбэл: Өө, тийм. Энд тэндээс загас хайсан хүмүүс олноор ирж нуур малтаад л яваад байж үзэгддэг сэн. Ойрдоо гайгүй л байна...гэж билээ. Тэр бас: Манай Олон нуурт вансэмбэрүү их. Та нэг ирвэл би хүүдээ хэлээд үзүүлнэ. Би өөрөө одоо болтол үзээгүй. Ирэх зун морь тохуулж аваад үзэх санаатай...гэв.
Тийнхүү би орж, гарах зуураа гурван хөгшинтэй ааг, зоог хийж байтал өдөр хоног яав гэмээр хурдан өнгөрч, нэг л мэдэхэд буцах боллоо. Явах өдрийнхөө өглөө ороход Б.Сайнбилэг ах надаас хөхөөний дуу яагаад 75 хоногоо барихгүй байгаа тухай асуулаа. Уг нь намайг бага байхад өвгөчүүл зуны хөхөө 81 хоног донгоддог гэж ярьдаг асан. Гэтэл энэ зуны хөхөөний хоолой долдугаар сарын 13-нд таг сөөсөн аж. Б.Сайнбилэг ах түүнийг мадаггүй тоолсон бололтой юм. Түүний тийн шалгаахад би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Дэмий л “Байгаль дэлхий өөрчлөгдөж байгаа болоод тэр биз ээ” гэлээ. Гэтэл өвгөн: Тэгвэл энэ байгаль дэлхийг яагаад судлахгүй байна? Яагаад хаа хамаагүй тэнгэр огторгуйг судлаад байгаа юм? гэлээ. Надад бас л хэлэх үг олдсонгүй. Б.Сайнбилэг ах бас хүмүүсийн бие жижгэрч, Сүмэр уул (Сүмбэр уул) усанд автах цагт ертөнц мөхөх тухай нууц судрын бошгоос дурдаад авав. Тэднийд тод монгол бичгээр үйлдсэн “Доржзодов” судар байдаг аж. Түүнийг нь бүтэн дуудаж өгөх хүн олдохгүй байгаа тухайд тэр бас гомдоллов. Гэтэл Долгор эмээ “Манай ээжийг нас барахад нэг дуудсан юм. Их сайхан агуулгатай ном доо” гэлээ. Тэгсэн чинь Б.Сайнбилэг ах: “Бөө, удгад олшрох, чоно олноор алагдах хоёр төрийн лүндаанд муу гэлцдэг. Одоо чинь ер нь тийм л цаг үе болоод байна аа даа, янз нь” гэснээ гэнэт: “Одоо 100 жил л үлдсэн байх” гэв. Түүний бодлоор ертөнц мөхөхөд ердөө 100 жил үлдсэн бололтой. Би түүнийг нь сөрж, “Үгүй ээ, дор хаяж 1000 жил” гэсэн чинь хоёр эмгэн намайг дэмжээд сүйд. “Яг зөв, юу гэж 100 жил байх вэ дээ!” гэцгээв. Эцэст нь би гарч яваад эл сониуч өвгөнд шинэхэн хэвлүүлсэн “Аварга мод” романаа авчирч өгөхөөс өөр аргагүй боллоо. Яагаад ч юм, Б.Сайнбилэг ахын яриа миний бичсэн зарим зүйлтэй давхцаад байсан болохоор тэр.
Өгөхдөө:
-Та өөрөө уншихгүй ч гэсэн уншъя гэсэн хүнд өгч болно шүү дээ...гэвэл:
-Үгүй, юу ярьж байгаа юм? Би хүнд өгөхгүй. Багш хүүгээрээ уншуулна! гэв.
Тийнхүү 82 настай Б.Сайнбилэг ах миний “Аварга мод” романыг уншихаар авч үлдлээ. Номыг аваад тэрбээр хоймрын авдар дээрээ хүндтэй залж, дараа нь авдраа уудлан зузаан ширэн түрийвч гаргаж ирээд 10 000-тын нэг ширхэг хуучивтар ягаан дэвсгэрт сугалж, түүнийгээ ундааны том саванд хөлдөөсөн сүү, Долгор эмээгийн шахсан шоо дөрвөлжин бяслагтай хамт надад өглөө. Тэгээд намайг яг машинд суух гэж байхад таягаа тулсаар хүрч ирээд:
-Энэ Гансүх миний “Аварга мод”-ыг хулгайлна гэнэ. Чадах юм болов уу даа? гээд инээв. Зээ Гансүх нь ч бас өвгөн нагацдаа мөчөөгөө өгөхгүй санаатай, “Сүхээ надад номоо өгөөгүй юм чинь, би таныхыг хулгайлна аа...” хэмээн цаашлуулсаар үлдэж билээ.
* * *
Мухар Улиастайн ам бол байгалийн сүр хүчин цогцолсон үзэсгэлэнт нутаг. Миний эл хязгаар нутаг хэзээнээс нааш оршин буйг эдүгээ надад хэн хэлнэ? Б.Сайнбилэг ахын хэлсэнчлэн Сүмэр уул (Сүмбэр уул) усанд автах тийм цаг ирэх ахул ян сарьдагт миний Хархираагийн уулс ч бас живж арилах нь гарцаагүй билээ. Тийм цаг ирэх вий гэхээс сэм түгшин зовниж, нас сүүдрээ үл хайхран орчлонгийн явдлыг сэмээрхэн дэнсэлж суугаа Б.Сайнбилэг ах, тийм цаг бүү ирээсэй, ирсэн ч мөдгүй байгаасай хэмээн залбирагч Долгор эмээ, Дулмаа эмээ нар намайг явахад хойноос сүү өргөсөөр хоцорлоо. Цөөн хэдхэн хоногт ижилдсэн атлаа төрсөн хүүгээсээ өөрцгүй намайг хайрлан үдэх гурван буурай! Долгор эмээ бүр: Дараа жил ирэхэд эмээ нь байх болов уу? гээд хоолой зангируулах нь уярам. Намайг Олон нуурын зусланд ирвэл вансэмбэрүү цэцэг үзүүлэхээ амласан Дулмаа эмээ бүр нүдэндээ нулимстай. Дулмаа эмээгээс би: Та одоо морь унаж дөнгөх үү? гэхэд: Номхон морь бол уналгүй дээ...гэсэн сэн.
Цагийн будан орооцолдсон миний уулын гол мэдэхгүй хүнд бол хариугүй жижигхэн. Гэсэн мөртлөө үерлэж халихдаа догшин ширүүн. Намайг Мухар Улиастайн аманд очсон анхны үдэш орсон шиврээ бороо хоёр хоногоо дааж, тэр борооноор уулын гол хүрэн улаанаар эргэн үерлэв. Тэр үерээр голын гольдрол дагуу том, том чулууд хавиралдан, харжигнан урсах сонсогдож, доод гармаар машин гарахгүй болж хаагдлаа. Шарилж судлахаар Ховд аймгаас зорьж ирсэн их сургуулийн хэдэн багш дан майхантай зутарсандаа борооноос дайжин буцацгаав. Тэднийг тийн буцсаны маргааш Хархираагийн уулсын орой цэмцийтэл цэлмэхтэй хамт Сибирийн ойд дэгдсэн их түймрийн утаа Мухар Улиастайн амаар шингэн цэнхэр манан лугаа гулсан орж ирлээ. Хэдэн өдөр битүү хөшилдсөн түймрийн тэр утааг ажиглан гэрийнхээ гадаа зогсохдоо Б.Сайнбилэг ах лав байгаль судлаачид нь дан майхантай даарч зутарч явахад сансар судлаачид нь хүчирхэг галт хөлгөөр харвасан сум шиг цойлон дүүлж нисдэг эл хачирхам цаг үеийг дотроо шогшрон эгдүүцэж зогссон байх. Мухар Улиастайгаас буцахдаа би үерт эвдэрсэн доод гармаар гарах аргагүй тул урд хөтлөөр давдаг замаар Улаангом руу буцаж билээ.
2019.08.13-17
Сэтгэгдэл ( 5 )
Сайнбилэг ах миний өвөөгийн төрсөн дүү манай өвөө Баяны сайжрах гэж сайхан уртын дуу дуулдаг барилддаг ёстой л сайхан эр хүн байсан даа
Сайнбилэг ах яг шүү. Сониуч, хөгжилтэй, их гоё ах шүү дээ. Уур уцаар үгүй. Харин Зоригтхан Содномжамцойн удмын зээ гэдэг юм. Миний хайртай очиж уулзах дуртай өвгөн шүү дээ. Надад бас их сайн
Нүдэнд харагдаж гарт баригдтал... Тэр газар очиж үзэх юм сан.
Shan bichjee ter hogshchuul emee mini nudend haragdla
goe bichsen bnaa amjilt husie