Автомашингүй өдөр номын гэрэлт ертөнцөөр аялсан тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор "Үндэсний номын баяр" өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 14,15-нд Сүхбаатарын талбайд “Ном бол зам” уриа болж өнгөрлөө. Үндэсний номын баяр жил бүрийн хавар, намар болдог уламжлалтай. Мөн энэ өдрүүдэд Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгууллаа. “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” өчигдөр 07:00-18:00 цагийн хооронд нийслэлийн зарим гудамж, замын хөдөлгөөнийг хязгаарлаж хотын иргэд аюулгүй, тайван нэг өдрийг өнгөрүүллээ. Номонд дуртай уншигчдын хувьд Төв талбай руугаа автомашингүй замаар тайван алхаж очихоос эхлээд өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлчүүдийн стресс бага ч атугай тайлагдсан гэхэд болно.


ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРТ 130 ХЭВЛЭЛИЙН ГАЗАР НЭГДЭВ

Баатар хотын зүрхэн болсон газарт хүмүүс жаргал бас зовлонгоо худалдаж авахаар цуглажээ. Ном уншина, номд хайртай байна гэдэг нэг талаар жаргал нөгөө талаар зовлон лугаа адил.  Анх арваадхан зохиолч төв талбайд хэдэн номоо дэлгээд үндэсний номын баярыг тэмдэглэж байсан гэдэг. Тэр цагаас хойш 13 дахь жил, 26 дахь удаагийн номын баяр өнгөрсөн амралтын хоёр өдөр болж өндөрлөлөө. Номын баярт 100 гаруй асарт, нийт 130-аад хэвлэлийн газар, паблишинг, оюуны үйлдвэрлэл эрхлэгчид нэгдсэн тухай албан бус тоо баримт байгаа юм. Ном унших соёлыг ард түмэнд түгээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа иргэд ярьцгааж байв.

Төв талбайн номын баяр хөл гишгэх зайгүй их хүнтэй байлаа. Уншигчид намрын номын баяраар ирэх хагас жил унших номоо, хаврын номын баяраар зун дуустал унших номоо хямдралтай үнээр худалдаж авдаг уламжлал бүр тогтчихсон нь энэ удаагийн баяраар илүү тод ажиглагдсан юм. Харин зохиолч, яруу найрагч, орчуулагч, хэвлэн нийтлэгчид хоорондоо уран зохиолын тухай халуун яриа дэлгэж, хавар намартаа нэг болдог номын баяраар л хуушуураа идэж, ирэх жилийнхээ өнгийг шинждэг хэмээн хошигнон ярьцгаана. Тэдний хувьд тэмдэглэдэг ганц “наадам” үндэсний номын баяр болжээ. “Монсудар”,  “Болор судар”,  “Анд”, “Тагтаа”, “Чүндж” зэрэг томоохон хэвлэлийн газруудаас гадна шинээр үүсгэн байгуулагдаж буй “Boobooks” зэрэг паблишингууд намрын номын баярын өнгө, төрхийг тодорхойлж байгаа нь харагдсан юм.

НОМ УНШИХ СОЁЛ ӨРГӨН ДЭЛГЭРЧ БАЙНА

Орчин үед дундаж рестораны нэг таваг хоолны мөнгөөр номын баяраар гарсан шинэ ном худалдаж авах боломжтой байгаа нь залууст, анхлан уншигчдад материаллаг амьдрал, оюуны хэрэгцээ хоёрын үнэлэмжийн зааг ялгааг харуулж өгч байгаа бодит төрх. Номын баяр тогтмол болж байгаагийн ачаар уншигчид уншихыг хүссэн, хэрэгцээтэй байгаа номоо шинэ, хуучин номын худалдаанаас хямдралтай үнээр худалдаж авах зорилготойгоор мөнгөө цуглуулж, хадгалж, зээлж авдаг болсон нь залуусын уншлагын соёл сайжирч байгаагийн нэгэн тод илрэл юм. Зургаан дахь жилдээ номын баярт оролцож буй нэгэн уншигч авах ном, зарцуулах мөнгөө төлөвлөөд ирэхэд л өөр асуудал тулгарахаа больчихсон, жилээс жилд номын баярын зохион байгуулалт сайжирч байгаа талаар ам сайтай байгаагаа илэрхийлэв. Ингээд ажиглахад номын баяраар сэтгэл гонсгор үлдэх хүн жилээс жилд ховор болж байгаа нь сайны дохио.

Мөн энэ жилийн номын баяраар анх удаа “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, УИХ-ын даргын нэрэмжит “Мэргэн ном”-ийн эздийг тодруулж эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан цом гардуулав. 2019 оны “Онцлох ном”-оор Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч агсан Б.Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” бүтээл шалгарсан бол “Номын ертөнцийн гавьяатан” шагналын эзнээр зохиолч, нийтлэлч Б.Наминчимэд, “Мэргэн уншигч”-аар номын залуу зүтгэлтэн Н.Энхсайхан нар тодорч “Мэргэн ном” цомын эзэд болов.

ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ

Паблишингуудын идэвхтэй өрсөлдөөн, сошл идэвхжил зэргийн ачаар ном унших соёл өөр төвшинд шилжиж гарч байгаагийн нэг том жишээ нь номын баяраар худалдаалагдах шинэ номуудыг ажиглахад л мэдэгдэнэ.

Номын баяраар худалдаалагдаж байсан онцлох шинэ номууд бол сэтгүүлч Д.Дамдинжавын “Гол тоглогч 2” ном хийгээд “Boobooks” паблишингаас эрхлэн гаргаж буй Хятадын зохиолч Ма Жианы “Хэлээ гарга” өгүүллэгийн түүвэр гэсэн хоёр ном байлаа. Өвөрмөц, оргилуун, хүчирхэг зохиолчдын бүтээлийг орчуулан гаргах зорилготой “Boobooks” “Суутнуудаасаа залхаагүй л байна уу!” уриатай. Лондонд амьдардаг Хятадын зохиолч, дараагийн Нобелийн шагналтан хэмээгдээд буй МаЖианы “Хэлээ гарга” ном Түвдийн 1980-аад онд Хятадад эзлэгдсэний дараах амьдралын тухай өгүүлэх аж. Уншигчид энэ номоос манай уран зохиолд байхгүй өнгө аясыг анзаарах байх.

Харин сэтгүүлч Д.Дамдинжавын “Гол тоглогч” номын тэргүүн дэвтэр 2018 оны “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан. Эхний дэвтэрт Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, З.Энхболд, Ц.Нямдорж зэрэг Монголын түүхэн хүмүүсийн тухай жинхэнэ түүхийг дэлгэж байсан бол энэ удаа “Гол  тоглогч-2” номд С.Баяр, М.Энхболд, Э.Бат-Үүл, П.Очирбат, Б.Нямтайшир, “MCS”-ийн Ж.Оджаргал гээд улс төр, нийгмийн гол зүтгэлтнүүдийн талаар өгүүлжээ.

Ном унших соёлыг түгээх нь нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн том ажил юм. Үндэсний номын баярыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвших нь номын үнэ цэнийг улам өсгөж буй явдал. 13 дахь жилдээ болж өнгөрсөн номын баяраас ч энэ үнэ цэн тод мэдрэгдсэн гэж найдна. Ямартай ч автомашингүй замаар бухимдалгүй алхаж, Төв талбайд өрнөж буй Үндэсний номын баярт очиж номтой танилцах нь тэр бүрий олдох завшаан биш биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top