Х.Батсуурь: 29 жилийн дотор Монгол Улс зургаан удаа дампуурлын ирмэгт хүрсэн

2019 оны 09 сарын 19

Монголын эдийн засгийг тамир тэнхээтэй, дархлаатай байл­гахын тулд өнгөрсөн гуч шахам жилийн бодлогыг үндэс сууриар нь эргэн харах ёстой гэж эдийн засагч, инженер  Х.Батсуурь үзэж байна. Дэлхийн аюул­гүй байдлын хүрээ­лэн, Дэлхийн банк, “MCG капитал” зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан түүнтэй ярилцлаа.


-Монгол Улсын гадаад өр хүний нийгэм, эдийн засгийн эрхэнд хэрхэн нөлөөлж буйг судалсан НҮБ-ын шинжээч  судал­гааныхаа талаар сая танил­цууллаа. Өрийн асуудлаар олон жилийн өмнөөс л хэлж ярьж, бичиж ирсэн хүний хувьд гаднын шин­жээчийн судалгаа, үнэлэлт дүгнэлтээс өөр өнцөг, хандлага олж харав уу?

-Төрийн гадаад өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувьтай тэнцэж буй нь түгшүүртэй асуудал биш гэж үзсэнтэй нь би эдийн засагчийн хувьд санал нийлэхгүй байна. Хувийн салбарын гадаад өртэй харьцуулахад бага түвшин л дээ.

Монгол Улсын нийт гадаад өрийн 2/3-аас багагүй хувийг хувийн хэвшлийн өр эзэлж буй нь анхаарах ёстой асуудал гэж НҮБ-ын шинжээч сая ярьсан боловч, энэ талаар илүү тодруулсан хариулт өгсөнгүй. Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30 тэрбум ам.доллар буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харь­цуулах юм бол 270 орчим хувьтай байна.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн хүчин чадал, засаглалын чадамжид тулгуурлаж авч үзэхэд Засгийн газарт гадаад өрийг өөрийн нөөц бололцоогоор шийдвэр­лэж, төлөөд явах боломж байхгүй нь ойлгомжтой. Мөн хувийн хэвшлийн өрийн асуудал Засгийн газраасаа ч илүү дор байдалтай байгаа. Засгийн газрын тухайд сүх далайтал үхэр амар гэдэг шиг 2019-2021 он хүртэл харьцангуй асуудал багатай ч  2022 онд том асуудал үүснэ. Чингис бондын нэг тэрбум ам.долларын өр, Гэрэгэ, Мазаалай, Димсам, Самурай бонд гээд бусад өр төлбөрөө дараалан төлөх хэрэгтэй. Тэгэхээр Засгийн газрын хувьд хоёр жилдээ асуудал бага боловч тулах цаг холгүй байна. Төрийн өр гэдэг дээр зөрүүтэй ойлголтууд бий. Төв банкны өрийг тусад нь тооцоод байна. 30 шахам тэрбум ам.доллартай тэнцэх улсын нийт гадаад өрийн долоо орчим хувийг Төв банкны гадаад өр эзэлж байгаа. Хэдийгээр Төв банк Засгийн газрын кабинетад орохгүй ч төрийн нэг нэгжийн хувьд засгийн нийт өрд оруулж тооцох юм бол дээр дурдсан гадаад өрийн 58.9 хувь гэсэн тооцоолол өшөө нэмэгдэнэ.

-Хувийн хэвшлийнхний өр төлбөрийн хэмжээ өндөр байгааг  анхаарах ёстой гэдэгтэй  та болон НҮБ-ын шинжээч санал ижил байна. Засгийн газар өрөө дахин өрөөр санхүүжүүлэхийн тулд улс орны нэр хүнд, улс төрийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэлийн түвшин гээд олон асуудал чухалд тооцогддог шүү дээ. Хувийн хэвш­лийн­хэнд ч энэ  хамаатай. Ер нь төрийн зүгээс бизнесийн суурь орчинд анхаарах ёстой биз дээ?

-Хувийн хэвшлийнхний  орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой гэдэг нэрийн дор эцсийн дүндээ хариуцлагаа Засгийн газарт үүрүүлэх гэсэн хандлага бас бий. Ер нь Засгийн газар орчныг нь зөвөөр бүрдүүлсэн бол хувийн хэвшлийнхэн хэрээсээ хэтэрсэн гадаад өрийн дарамт бүхий нөхцөл байдалд орохгүй байх байсан. Улс орнуудын нөхцөл байдлыг харахад хувийн хэвшлийн том корпорацуудын өрийн дарамт Засгийн газар гэдэг нэрийн дор татвар төлөгч ард түмний нуруун дээр буух, иргэдэд очих ёстой уул уурхайн баялгаар өрийг хаах нөхцөл байдал үүсдэг л дээ. Ийм боломжийг олж харсан хувийн хэвшил нь ямар ч хамаагүй арга хэрэглэж байгаад өр тавьдаг. Тэгээд бид өчнөөн олон хүнийг ажлын байраар хангаж, улсад татвар төлж байна гэсэн тайлбар тавьдаг. Үнэн ярьж байгаа нь бий ч ийм маягаар худлаа ярьж, түрий барьдаг технологи дэлхийн улс орнуудад бас байгааг анхаарах хэрэгтэй. Латин Америк, Африкийн орнуудад, Америкт ч ийм зүйл байдаг. Ард иргэд нь үүнийг маш их их эсэргүүцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Ер нь өрөнд хандах энэ чиг хандлага нэлээн хүчтэй байна. Монголд ч Засгийн газар, ард түмэн энэ хариуцлагыг үүрэх ёсгүй гэсэн чиг хандлага руу явах байх. Одоогийн Засгийн газрын барьж буй бодлогыг харахад энэ талдаа байх шиг байна.

-Бизнесүүд, үндэсний томоо­хон корпорацууд нь улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрдэг жишиг дэлхий нийтийнх шүү дээ. Тиймээс манайд ч гэсэн хувийн салбарынхаа үр нөлөөг зөв харж, дэм болох ёстой биш үү?

-Тэр үнэн. Тэдгээр том компанийг хэн бий болгосон юм. Хэний бодлогоор бий болсон юм. Тэрхүү бодлого нь улс орны эрх ашгаа эхэнд тавьсан уу, эсвэл хэсэг бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгосон уу гэдгийг харах ёстой. БНСУ-ын жишээг аваад үзэхэд Пак Жон Хи гэж Ерөнхийлөгч байгаагүй бол тус улсын корпорацууд хэзээ ч үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болохгүй байх байсан. Хамгийн ашигтай бизнес болох худалдаагаа хийгээд, будаагаа экспортлоод, ямар ч инновац бүтээн байгуулалт хийхгүй, гаднаас орж ирсэн санхүүгийн байгууллагуудын мөнгийг хувааж идээд, гэр бүлээрээ баяжаад явах байсан. Тиймээс тэрийг нь таслан зогсоож, шийтгэж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлээд, Засгийн газрын зөв бодлогоор шахаж, урагшилсан учраас өнөөдрийн БНСУ-ын “Самсунг” төрсөн, “Хьюндэй” төрсөн. Хүссэн хүсээгүй үйлдвэрлэл, бүтээн байгуулалт руу орсон. Тэдэнд манайх шиг ухаад экспортлох бэлэн зэс, нүүрс байгаагүй л дээ. Манайд бол үйлдвэрлэл явуулахын оронд нүүрс, зэс ухаад зарах нь хялбархан, зовлонгүй мөнгө олж байгаа юм. Төр нь ч жинхэнэ баялаг бүтээгчдийг дэмждэггүй. Тийм учраас ийм том ялгаа байгаа хэрэг. Өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр баялгийг бүтээж байгаа жишиг болохуйц компани манайд байгаа юм уу. Тийм том корпорацууд байна уу. Үнэндээ би олж харахгүй байна. Тэнгэр газар шиг том ялгаа байгаа. Адилтгаж ярина гэдэг утга учиргүй зүйл.

-Эдийн засгийн эрүүл бус бүтэц, утаа униар гээд шийдэл нэхсэн асуудал манайд олон бий. Тийм  болохоор ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий хоолой дамжуулах хоолойг манай газар нутгаар дамжуулахыг дэмжиж буй В.Путины хандлагыг алга ташин хүлээн авч байгаа хүн олон байна. Гэхдээ их олон жил яригдаж байгаа асуудал болохоор итгэлгүй хүлээж авч байгаа хэсэг ч байна л даа. Та эдийн засагч, судлаачийн хувиар ямар бодолтой сууна вэ?

-Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал олон жил яригдсан гэдэг үнэн л дээ. Гэхдээ яригдаж байсан тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, баримталж байсан бодлого зэргийг харах ёстой. Монголын Засгийн газрын бодлого, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын бодлогууд төдийлөн нийцтэй байгаагүй үе таарсан байх. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс оролцох нь ОХУ, БНХАУ-ын аль алинд ашигтай. Монголд ч ашигтай гэдгийг өмнө нь ч хэлж байсан. Хэд хэдэн засаг дамжин яригдсан. Тухайн  үеийн Засгийн газруудын барьж байсан бодлого энэ төслийг хэрэгжүүлэх боломж өгөөгүй. ОХУ-тай иймэрхүү том төсөл хэрэгжүүлэх хэмжээний уур амьсгал, нөхцөл байдал бүрэлдээгүй байсан үе. Тэр үед судлаачдын зүгээс зөвхөн ийм ашигтай байж болох юм аа гэж л ярьж байсан бол одоо хэрэгжих боломж нөхцөл эхнээсээ бүрэлдэж байна гэж харж байгаа. Гэхдээ бүрэн бүрэлдээгүй. Ихээхэн судалгаа хийгдэх ёстой. Хоёр талын уур амьсгал дотно, боломжтой болдог юм байж. Энэ бол эхний алхам. Үүний дараа ямар нөхцөл болзлуудыг ОХУ,  БНХАУ-ын зүгээс тавих вэ. Манайх хариуд нь ямар нөхцөл тулгах вэ гэсэн асуудлууд бий. Энэ хоёрын дунд л  шийдэгдэх учиртай юм.

-Хийн хоолойн үр ашгийн талаар та тодруулж хэлээч?

-Хийн хоолойг Монголоор дамжуулах юм бол асар их ашигтай. 1990 оноос хойших улс төр, эдийн засгийн хувьд ч хамгийн том бүтээн байгуулалт, шийдэл болох юм. Манайхаар хийн хоолойг дамжуулан байгуулчихвал ОХУ-ын хувьд 1000-1200 километр замыг товчилж, шууд Бээжин рүү байгалийн хий нийлүүлнэ. Алс Дорнод юм уу, Шинжаанаар дайрвал хол шүү дээ. Монголоор дамжих нь ОХУ-ын хувьд ашигтай. БНХАУ-ын хувьд байгалийн хийн туулах зам нь багасаж байгаа учраас зардал нь бас арай буурна даа. Том төсөл хамтраад хэрэгжүүлээд эхлэхээр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам нягтарна. Монгол Улс төлбөр авна. Украин төлбөр авдаг шүү дээ. Төлбөр авахаас гадна хааж боогоод бас улс төрд ашиглаад юм юм болдгийг бид харж байна шүү дээ. Бидний хувьд тэгэхгүй ч хийн хоолой дамжуулсны хариуд төлбөр авахаас гадна тэндээс нь хий аваад утааны асуудлаа шийдэж болно. Энэ төсөлтэй хамтатгаад Тавантолгойд байгаа хийгээ Улаанбаатар руу татах, эсвэл тэр хоолой руу нь хамтарч нийлүүлээд урагш нь экспортлох гэх мэтийн боломжууд харагдаж л байна.

-Та түрүүн  болзол, нөхцөл яригдах магадлалтай гэж хэлсэн.  Тухайлбал, яг ямар нөхцөл яригдаж болох вэ?

-Ерөнхийдөө эдийн засгийн болоод улс төрийн шалтгаантай болзол, нөхцөлүүд яригдах байх. ОХУ-ын зүгээс яг ийм, тийм нөхцөл шаардана гэж хэлсэн, ярьсан юм байхгүй байна. Би энэ талаар стратеги судлаачидтай ч ярилцаж, судалж үзсэн. Гэхдээ найрсаг харилцаагаа хадгалахын тулд улс төрийн зүгээс тодорхой шаардлагууд байна байх. Жишээ нь, Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-аар дамжуулж асуудлаа шийднэ. Мөн Төв Азийн эдийн засгийн байгууллагад Монголыг оруулах ч юм уу. Иймэрхүү тодорхой шаардлагууд байж болох юм. ШХАБ-д гишүүнээр элсэх  асуудал тавигдаж байгаа. Монголын хувьд ШХАБ-д нухацтай хандах хэрэгтэй учраас яаран түргэн орох шаардлагагүй гэж би үздэг. Тэгэхээр манай төр засгийн удирдлагуудын хэлэлцээрийн ур чадвар, авьяасаас хамаарна.

-ШХАБ-д нухацтай хандах ёстой гэлээ. Яг ямар учраас гэдгийг  тодруулаач?

-ШХАБ яг юуны байгууллага болох нь тодорхойгүй байгаа юм. Эхлээд эдийн засгийн агуулгаар гарч ирсэн. Гэтэл одоо улс төрийн, цэрэг армийн байгууллага болох шинжтэй ч юм шиг, тодорхойгүй байгаад байна. Манай тухайд баруунтай харилцах харилцаагаа орхигдуулсан маягаар хандаж болохгүй. ШХАБ-д элссэнээр Монгол чухам ямар ашиг хонжоо олох вэ гэдгийг нарийн судлаад гаргачихсан юм алга байна. Тэгэхээр энэ бүгдийг тодруулсан судлаачдын дүгнэлт, судалгаанууд хэрэгтэй. Тоглоомын дүрэм тодорхой болсон хойно шийдвэр гаргах нь зөв алхам. Дүрэм тодорхойгүй байхад ямар нэг алхам хийх асуудал байж болохгүй гэж үзэж байна. Ер нь Монгол Улс дундын бодлого баримталж ирсэн. Хоёр том хөрш гэдэг бол бидний ярьдгаар тэргүүлэх бодлого байх нь гарцаагүй. Гэхдээ дэлхийд нөлөө бүхий гуравдагч хөрш орнуудын бодлого, ашиг сонирхлыг өөрийнхөө бодлогод хар­гал­заж үзэх ёстойгоо байнга санах  хэрэгтэй. Одоогийн байд­лаар бодлого харьцангуй зөв явж байна.

-Статистикаас харахад гадаад худалдаа БНХАУ-тай ашигтай, ОХУ-тай алдагдалтай байна. Монгол Улс, БНХАУ-тай хийж буй гадаад худалдааны хэмжээг ирэх он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгаа. Манай улс худалдаанаас ашиг хүртэхийн тулд анхаарах ёстой асуудлууд юу вэ?

-Манай улс БНХАУ-тай хийж байгаа худалдаан дээр алдагдалтай л байгаа. Статистикийн дүнгээр ашигтай гараад байна. БНХАУ ч гэсэн алдагдалтай юм шиг харагдуулахыг хүсэж байгаа. Бид тийшээ түүхий нүүрс, зэс, жонш зэрэг л экспортолдог. БНХАУ бол өөртөө хэрэгтэй түүхий эдийг манайхаас боломжийн үнээр аваад байна. Худалдааг яаж ашигтай байлгах вэ гэж харах юм бол бид түүхий эд биш боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах л хэрэгтэй. Ядаж хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Миний хувьд нүүрсний боловсруулалтыг бол дэмждэггүй. Боловсруулалтын зардал нь өндөр төдийгүй нийгмийн зүгээс харах юм бол их алдагдалтай, хор хохиролтой. Ховор эрдэнэ болсон говийн усны нөөцөө ашиглаж байна. Говийн усны нөөц нүүрснээс илүү үнэтэй. Ер нь тодорхой бүтээгдэхүүнүүдэд анхан шатны боловсруулалт хийх нь байгаль орчин, эдийн засгийн хохирол учруулдаг учраас өөр боломжуудыг олж харах ёстой л доо. Арьс ширний боловсруулалт ч гэсэн хэцүү шүү. Өндөр хөгжилтэй улс орнууд арьс ширний боловсруулалт хийдэггүй. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй учраас хоцронгуй хөгжилтэй орнууд анхан шатны боловсруулалт хийж өндөр хөгжилтэй улс орнууд руу экспортолдог.

-ОХУ-тай худалдааны хэмжээгээ нэмэхийн тулд татварын хувь хэмжээг бууруулахаас гадна өөр ямар арга зам байж болох вэ?

-ОХУ-ын зүгээс манайд худалдааны хатуу бодлого явуулж байгаа л даа. Энэ талаар манай талаас ярихаар дангаараа шийдэх боломжгүй гэдэг. Тэгээд  хаана шийдэх вэ гэхээр КАРЕК болон бусад улс орнууд нийлсэн гаалийн холбоогоороо шийднэ гэсэн байр суурийг илэрхийлдэг. Тэгэхээр бид ОХУ-ын зүгээс тавьж буй өндөр татварыг бууруулахын тулд тус улсаас гадна нэр бүхий улс орнууд нэгдсэн хил гаалийн байгууллагатай нь хэлцэл хийх хэрэгтэй гэсэн үг л дээ.  Ер нь бол бүгдийг нэг дор шийдэх боломжгүй. Тэгэхээр эхний ээлжинд арай илүү боломжтой гэж үзсэн асуудлуудаа ОХУ ярьж байна. Асуудлууд шат дараатай явж байгаа л гэж харж байна. Монгол Улсын хувьд хэцүү  л дээ. ОХУ-аас худалдаа шалтгаалаад байгаа юм байхгүй болчихсон. Ганц шалтгаалж байгаа нь  шатахуун. Цаашдаа үүнийгээ дотооддоо шийдэх боломж эхнээсээ нээгдсэн. Бодитой хэрэгжиж чадах эсэхийг одоо шууд хэлж мэдэхгүй. Ямар ч байсан эхнээсээ ажил хийгдэж байна. Энэ улс оронд ашигтай төслийг хэрэгжүүлэхийн төлөө бараг л дайн болох дөхлөө шүү дээ. Одоо эхлэл төдий явж байна. Монголд ашигтай хэрэгжих саналууд өмнө нь зөндөө гарсан. Гэвч Монголын улс төр, эдийн засгийг эрх ашгийн бүлэглэлүүд атгаж ирсэн учраас тэдгээр зүйлс хөрсөнд буугаагүй. Хэрэгжээгүй шалтгаан нь ерөөсөө л тэр шүү дээ. Ийм байхад Монгол өөдлөхгүй. Төр засаг эдийн засгийн  зөв бодлого баримтлаад явсан бол иймэрхүү асуудалд хэзээ ч орох ёсгүй байсан. Гучин жилийн турш тодорхой эрх ашиг бүхий бүлэглэлүүдийн гарт Монголын засаглал байсаар ирсэн. Одоо ч байгаа учраас  асуудал үндсээрээ шийдэгдэхгүй байгаа юм.  Нэг хэсэг  нефть импортолж ашиг олдог компаниудын гарт л Монгол явлаа шүү дээ. Бид одоо 1.2 сая тонн нефть түүхийгээр нь гадагшаа гаргачихаад, 1.2 сая тонн шатахуун ОХУ-аас оруулж ирж байна. Ийм улс орон Монголоос өөр байх уу гэж ярих нь аргагүй.

-Ярианы төгсгөлд танаас улс орны эдийн засгийн ирэх жилүүдийн төлөвийн талаар төсөөллийг сонсъё. ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Хөтөлбөр дууссаны маргааш бас нөгөөдөр улс орны эдийн засаг ямар байх нь анхаарал татсан асуудал болохоор?

-Монгол Улс энэ хөтөлбөрт орсноороо дампуурлын нөхцөл байдлаас гарсан. Монгол Улс гадаад өрийн нөхцөл байдлаасаа болж дампуурах нь гэж би дөрвөн жилийн өмнө бичиж байсан. Нөхцөл байдал яг хэлснээр болсон. Тэгээд Монгол Улс зургаа дахь удаагаа ОУВС-гийн авралын зээлд хамрагдсан. Асуудлыг үндсээр нь, цогцоор нь шийдсэн үү гэвэл үгүй. Төлөх ёстой зээлээ өөр зээлээр хаагаад л явсан юм шүү дээ. Өр л нэмэгдсэн. Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь тогтолцоог эргэж харах цаг хэдийн болсон. Яагаад 29 жилийн дотор бид зургаан удаа авралын зээлд хамрагдав. Энэ чинь Монгол Улс зургаан удаа дампуурлын ирмэгт ирээд ОУВС-гаас тусламж авч, аврагдсан гэсэн үг шүү дээ. Мөчлөгийг нь харахад 4.5-5 жилийн хугацаатай л дампуурлын ирмэгт тулж очоод, зээл аваад л явсан байна. Энэ бол эдийн засгийн бодлого сууриараа буруу байгааг харуулж байна. Эргэн харах цаг хугацаа хэтрээд удаж байна. Эргэж харах гэхээр өнгөрсөн 30 жилд Монголыг зургаан удаа хүнд байдалд оруулсан, магадгүй түүнээс хувьдаа ашиг олж байсан байж болох нөгөө  л бүлэг хүмүүс эрх мэдэлтэй байсаар байна. Магадгүй, энэ янзаараа гурван жилийн дараа Монгол Улс дахиад л  дампуурлын нөхцөл байдалд орно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочлохуй(103.229.122.146) 2019 оны 09 сарын 23

за ашгүй дээ, Саран тоололын 29 жил гэдэг бол нэг Саран мөчлөг туулан амьдарсан он жилүүд юм аа, нэг сард 29 хоног бйадаг бол 29 жил нэг Саран жил тохиодог юм аа, аргагүй л туулах ёстойгоо дорнын дорйо буурайн эх болсон 6 зүйл ёсоор 6 удаа дампууран бйаж туулж л дээ, болж дээ одоо хугацаа нь дуусч бүр нэг мөсөн дуусаг доо, Юманд тоо чухал гэж энэ шүү, цаашид юу болохыг тун удахгүй хүлээцгээ, түвд цагийн Хүрд дагах нөхөд одоо ичгүүртэйгээр ирээдүйгээ тосоорой,

1  |  0
hujaa(184.150.236.67) 2019 оны 09 сарын 23

hujaa batsuuri shaasaar l.....

0  |  1
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Зүгээр л дампууруула(192.82.65.56) 2019 оны 09 сарын 20

Ямар учраас тэгээд дампууруулахгүй авраад байдаг юм? Нэг мөсөн дампууруулаад үзвэл зүгээр юм биш үү?

0  |  0
6 yu daa(184.150.236.67) 2019 оны 09 сарын 20

tegeed dampuurdaggui ee

0  |  0
29 жилд 6 удаа дампу(103.212.116.199) 2019 оны 09 сарын 19

29 жилд 6 удаа дампуурах шагсан юм бол одоо тэгээд яах юм??? Ахиад 2-3 жил боод дамапуурна гээд хүлээгээд суух юм уу???? Ёстой хэрэг алгаа сдаа!

0  |  0
shaa(184.150.236.67) 2019 оны 09 сарын 19

yu ni ediin zasagch engineer ve…..hyatad helnii orchyylagch…..nyabo bizdee ene durak

0  |  0
Top