Намын төлөвшил биш хувьсгалын өөрчлөлт ярьж суух цаг гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19


Одоо бид улс төрийн намуудын төлөвшил ярих нь утгагүй, яасан төлөвшиж чаддаггүй намууд вэ?

Энэ чинь тогтолцоондоо биш нам болон тоглож байгаа хүмүүстээ байгаа юм, шууд хувьсгалын өөрчлөлт ярих цаг нь болсон гэдгийг онолын түвшинд ч практик талаасаа ч ярьж байна.

Энэхүү яриа нь “Конрад-Аденауэр” сангаас зохион байгуулсан “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр хөшигний ард өрнөв. Индэр дээр нам төлөвшүүлэх тухай эрдэмтэн мэргэд том том илтгэл тавьж, хөшигний цаана улс төрийн нам төлөвших ямар ч боломжгүй, одоо хувьсгалын өөрчлөлт хийх цаг болсныг намуудын зарим төлөөлөл, судлаачид ам нэгсэн ярьсан. Монголчууд 100 шахам жилийн түүхтэй улс төрийн намтай ч нийгмийн өөрчлөлтөөр бүхий л зүйл хэлбэр дүрсээс эхлээд агуулгаа хүртэл өөрчилсөн. Тиймээс Монгол Улсын шинэ нийгмийн түүхээс авч үзвэл дээд тал нь 30 нас хүрсэн улс төрийн хүчинтэй юм. Лебралист үзэл бууриа засч улс төрийн нам үүсээд 300 гаруй жилийн түүхийг бичилцсэн АНУ ч юм уу, дэлхийн бусад оронтой харьцуулахад олон намын тогтолцоонд шилжээд гучаад жилийн нүүр үзэж байгаа гэхээр дэндүү нялх санагдаж таарна. 

Гэхдээ бид өөрсдийгөө АНУ-тай харьцуулан нялх юм хэмээн хошуу цорвойлгон суух нь даанч утгагүй. Хүн төрөлхтний хөгжил дэвшил асар хурдтай довтолгож, цаг хормоор хэмжигдэж байгаа энэ үед бүр ч бүтэшгүй зүйл.

Хүний амьдралын 30 нас бол цэргийн алба хааж, сургууль соёлоо дүүргэн ажлын дадлага туршлага суучихсан тийм л нас. Ерөөсөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлчихсон, айл гэр бүл, аав болчихсон явах нас. Энэ талаас нь бодвол нялх бүү хэл залуу гэх аргагүй нас руугаа явж байгаа хэрэг. Судлаачдын ярьж байгаагаар бол улс төрийн намын төлөвшил нь 20 жилийн хугацаанд үзэл баримтлал нь тогтож, үнэт зүйлтэй болоогүй бол аливаа улс төрийн нам цаашид хэрхэн яаж амьдрах нь тун бүрхэг аж. Нийгэм ерөөсөө 20 жилийн дотор ямар нэгэн байдлаар хувьсан өөрчлөгдөх ч ёстой биз ээ. Үүнийг л төлөвшил гэж үздэг аж. Улс төрийн нам 20 жил үйл ажиллагаа явуулчихаад төлөвшөөгүй бол үзэл баримтлал тогточихсон нам биш, зүгээр л нам болон тоглож байгаа хүмүүсийн бүлэглэл гэдгийг дурдаж байсан. Тэгэхээр төлөвшүүлнэ гэж яриад суугаад байх юм бол нам болон тоглож байгаа олигархиуд цаг хугацаа хожин монголчуудаар улам л даажигнасаар байх болно гэдгийг ч санууллаа. Манай нөхцөлд өнөөдөр нам төлөвшихийг хүлээх юм бол ард түмэн ядуураад дуусна, эх оронтой байх эсэх асуудал ч яригдах магадлал бий учраас хувьсгалын өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг дуулгасан юм. Магадгүй олигархиуд улс төрийн намыг төлөвшүүлэх дургүй байж болох. Үзэл баримтлал нь тогтож, үнэт зүйлээ мэдэрсэн хатуу шаардлагатай намын гишүүд дунд тэд юу ч хийж чадахгүй болохоор дургүй байхаас яахав. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу олонхийн санал авсан нам нь төр барьдаг учраас л намуудын төлөвшил яриад байгаа хэрэг.

Монголын намууд төлөвшөөгүй гэдгийг П.Очирбат лав зөвшөөрчээ

“Конрад-Аденауэр” сангаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт ах нам болон АН-ын төлөөлөл нэг ч ирсэнгүй. Ногоон нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам тэргүүтэй парламентад суудал­гүй намууд хүрэлцэн ирсэн байв. МАН, АН-ын хувьд тус хэлэлцүүлэгт очоогүй нь өөрсдийгөө төлөвшсөн гэж үзснийх байх. МАН-ын хувьд 100 орчим жилийн түүхтэй. Энэ утгаар нь авч үзвэл өөрсдийгөө төлөвшсөн гэж үзэж болох юм. Гэвч социалист дэглэм нуран унаснаас хойш үзэл баримтлалаас эхлээд бүхий л зүйлд өөрчлөлт орсон гэхээр өөрийн 100 жилийн түүхийг сүү­лийн гучаад жилийн үйл явцад хүчээр тулган хамаатуулах аргагүй. Харин хэлэлцүүлэгт очсон бусад улс төрийн нам нь төлөвшөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас очсон мэт.

Ногоон намын хувьд ажиглагчийн байр сууриас хандаж байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, тэд “Одоо төлөвшил ярьж суух цаг биш, та нар үнэхээр л сайхан нийгэм хүсэж, сайн төртэй байя гэж байгаа бол хувьсгалын өөрчлөлт хийх хэрэгтэй, зоригтой байж энэ бүхнийг хийнэ” хэмээн бусдадаа сануулахын зэрэгцээ ерөнхийдөө хэлэлцүүлэг зохион байгуулагчдыг, оролцож буй улс төрийн хүчнүүдийг эсэргүүцсэн шинжтэй байв. “Конрад-Аденауэр” сангийн тус хэлэлцүүлгийг  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Элчин сайд, Х.Бэхбат, Л.Удвал гээд учир мэдэх хүмүүс зохион байгуулж яваа нь ч сонирхол татлаа. Эдгээр хүн ямар агуулгаар гадны сангаас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийг тэргүүлээд явж байдаг юм. Улс төр, нам эвслийн тухай өргөн ойлголттой, төр тэргүүлж байсан хүний хувьд ямар ашиг сонирхол байв гээд хардах шалтгаан ч байв.

Хэлэлцүүлгийн үеэр “Энэ бол манай улс төрийн намуудыг төлөвшөөгүй гэж үзэж байгаа ажил юм. Бидний хувьд шууд хувьсгалын өөрчлөлтөд уриалж байна. Төр нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шууд хувьсгалын өөрчлөлтөөр зохицуулахаас арга байхгүй. Одоо мянган удаа төлөвшил яриад нэмэргүй. Зарим улс төрийн нам өөрчлөлт шинэчлэл ярьдаг ч хувьсгалын өөрчлөлтөөс айдаг. Үнэхээр хийхийг хүсч байгаа ч өөрийн хөрөнгө, эрх ашигт хүлэгдээд чадахгүй байна. Зарим нэг нь Монголын толгой компаниудын 80 хувьд нь хувьцаа эзэмшиж байгаа учраас тэр их хөрөнгөө алдахаас айдаг. Мэдээж хэрэг хувьсгалын өөрчлөлт хийхээр хэдхэн хүнд төвлөрсөн хөрөнгийг хураана гэдэгт хамаг учир бий. Хувьсгалын өөрчлөлтөд уриалсаар байх болно” хэмээх хүмүүс ч байлаа.

Намыг төр барих нэг механизм болгосоор ирсэн

Нам бол ардчиллын гол үндсэн механизм гэдэг утгаар нь намын тогтолцоог төлөвшүүлэх нь юу юунаас чухал гэдгийг судлаачид онцолдог ч дээрх үйл явдлаас харвал энэ цаг ард хоцрохыг байг гэх газар алга. Уг нь энэ нь Монголын ардчиллын цаашдын томоохон зорилго байгаад өнөөдөр ядахад эхний шатан дээрээ гарч ирсэн бол өөр хэрэг. Үүгээр дамжин намын үйл ажиллагааг илүү хариуцлагатай, санхүүжилт нь ил тод, гишүүддээ нээлттэй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд энгийн гишүүдийг оролцуулдаг чиглэл рүү оруулах ёстой байв. Гэтэл өнөөдөр нам хэмээх бүлэглэл хэдхэн хүний хүч хэрэглэн авдаг зүйл болчихсон. Тодотговол, нам хэмээх бүлэглэлээр дамжуулан төр барих механизм юм.

Нам дотор бүлэглэлээ бэхжүүлж төр барихын төлөө явснаас ардчилалтай байя, үзэл баримтлалтай байя, үнэт зүйлтэй байя гэсэн бодлогыг аль ч намын ямар ч дарга барьж ирсэн түүх алга. Жишээлбэл, өдгөө сөрөг хүчний дүрд тоглож байгаа АН-ынхан 2016 оны сонгуулийн дараа ялагдал хүлээж дүрмийн дагуу намын даргаа сонгох болсон. Энэ сунгаанд оролцох хүсэлтэй нөхдүүд хэдэн зуун саяар тоологдох дэнчин тавьж өрсөлдсөн ч хэн илүү фракц бүлэглэл бүрэлдүүлсэн нь, хэн илүү хөрөнгө чинээ хаяж чадаж байна тэр хүн намын дарга болсон. Үүний сонгодог жишээ нь С.Эрдэнэ. Ийм дарга нар намын төлөвшиж ядаж буй үзэл бодлыг нухчин дарж, цухалзаж ядан буй намын ардчиллыг хэмлэж, ил тод байдлыг үгүй хийж, санхүүжилтийг улам бохир болгон суудлаа хамгаалахын зорьдог. Магадгүй дараагийн сонгуулиар ялалт байгуулбал, засгийн эрхийг гартаа авах төлөвлөгөө л хэрэгжээд байна уу гэхээс энд ард түмэн, улс орны хувь заяа ямар ч хамаагүй.

Өнөөдөр бид улс төрийн намаа төлөвшүүлж чадаагүй хэмээн гадны элэг доог болж, дотоодын дажин үүсгэж байгаа нь сайн хууль батлан гаргаагүйтэй ихээхэн холбоотой. Хуулийн шинэчлэлийн хүрээнд судлаачдын зүгээс дэлхийн улс орнуудын намын төлөвшил, чиг хандлага, Монголын нөхцөлд тохирох эрх зүйн орчин, санхүүжилт зэрэг асуудлаар бодлогын судалгаа, зөвлөмжүүдийг хийж өгсөн нь тоймгүй олон. Гэвч хэрэгжсэн нь огт үгүй.

Одоо бол хаашаа ч зайлахгүйгээр намыг хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын хэрэгсэл гэж иргэд ойлгодог болжээ. Тийм ч байна. Мөн аливаа намд элсэхэд бодлого, үнэт зүйлийг нь харахаасаа илүүтэйгээр ашиг хонжоо, албан тушаалын наймаа хардаг болжээ. Нэгэнт ийн бугшсан нам хэмээх зүйлийг төлөвшүүлэх нь хувьсгалын өөрчлөлт хийхээсээ илүү хэцүү ч байж болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
Top