Сүүлийн хэдэн жилээс эхлээд сошиал орчин хурдацтай хөгжиж, бүхий л салбарын мэдээ мэдээлэлд хялбар хурдан шуурхай хүрч, ажлууд ч амар хялбар явагдаж байна. Нэг талаараа давуу байдал үүсэж ард иргэд мэдээ мэдээллийг үнэн, худлыг мэдэж авахад тус болж байна гэхэд хилсдэхгүй биз. Сайны хажуугаар саар зүйлс олон. Тэр нь юу вэ гэвэл “Од” болохын хүслэн болсон эрүүл, саруул нь үл мэдэгдэх залуус олширсоор.
Элий балай, хүний дургүй хүргэсэн юм ярьж олны танил болохын тулд юу ч хийхэд бэлэн тэд хэтэрхий даварч байгаа нь илт. Энгийн ард иргэд рүү зүй бусаар дайрч элдэв үгс чулуудаж, олон нийтийг бүгдийг харлуулж миний орчин, би яах нь хамаагүй гэх мэтээр өөрийн гэсэн мэдлэггүй эргүү гэдгээ баталсаар суух юм. Тэр болгонд баясаж, даган цэнгэдэг залуус олон. Эргүү балай гэдгийг мэдсээр байж тэднийг дэвэргэн хөөргөх. Хүн чанар гаргаж, шударга хандаж болох, болохгүйг нь ойлгуулж өгөхийн оронд элий балайг нь ашиглаж зар сурталчилгаагаа хийж байгаа компаниудын өмнөөс нүүр хийх газар олдохгүй юм билээ. Залуу минь, дүү нар минь та нар ийм аргаар олны танил болох ямар хэрэг байна вэ, ирээдүйд өөрийнхөө толгой руу шаах өдөр ирэх вий.
Ойр дотны анд нөхөд, хамаатан садан нь хэлж ойлгуулж болох юм шиг санагдах юм. Найз минь юуны чинь сошиал ажил вэ, зүгээр хөдөлмөрлө, Улаанбаатар хотод ажлын байрны орон тоо албан бус мэдээллээр 300-500 мянга орчим байдаг юм билээ. Чи мэргэжилгүй, дипломгүй боловсрол эзэмшиж амжаагүй байж болно. Ажлыг зөвхөн мэдлэгтэй нь бус сэтгэлтэй нь хийдэг юм. Чи энэ маягаар явсаар ирээдүйд хэн болох вэ, эргээд харахад чамд юу үлдсэн байх бол!!! Эргэцүүлж нэг бодож үзээч. Үр удам чинь миний аав, өвөө сошиал алиалагч байсан гээд бахархаад суухгүй нь лав.
Сэтгэгдэл ( 0 )