ДАШТ: Ө.Батзул, О.Үйтүмэн нарын өрсөлдөгчидтэй танилц

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд болно.

97 кг-д дэлхийн чансааны 3-т бичигдэж байгаа Өлзийсайханы Батзул барилдана. Энэ жин ОХУ-ын Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер гэсэн хоёр лидертэй. Энэ хоёрыг финалд үлдэнэ гэж шинжээчид үзэж байгаа тул ДАШТ-ий хаалтын өдрийн чимэг болгохоор хамгийн сүүлд тааруулжээ. Нийт 26 бөх барилдах энэ жинд Ө.Батзул чансаа өндөр бөхийн хувьд 1/8 финалаас эхлэн барилдана. Литвагийн Лукас Красаускас Кыргызстаны Магомед Мусаев хоёрын ялсантай таарах юм. Мусаев бол чечень гаралтай 30 настай бөх. Азийн наадмын хоёр мөнгө, Тивийн аваргын алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай. Снайдер, Садулаев хоёрыг салгасан бөгөөд манай бөх Садулаевын хэсэгт багтсан. Ө.Батзул, Садулаев хоёр хагас шигшээд таарах магадлалтай. Энэ хэсэг харьцангуй зөөлөн бол Снайдер финалд гарах гэж хөлсөө нэлээд гаргах шинжтэй. Тэр хоёрдугаар тойрогт Альберт Саритов (Румын), Магомед Ибрагимов (Узбекистан) хоёрын ялсантай барилдана. Хэн хэн нь дагестан легионерууд. Дараа нь олимпын аварга Шарип Шарипов (Азербайжан), гүрж Элизбар Одикадзе, Ираны Али Шабани нарын нэгэнтэй барилдах болно.

86 кг-ын жинд Оргодолын Үйтүмэн барилдана. Нийт 43 буюу хамгийн олон бөх барилдаж байгаа жин. Манай бөх тэгшитгэх барилдаанд энэ жилийн Европын аваргын мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскийтай таарчээ. Ялахад Америк, Армений бөхчүүдийн ялсантай барилдана. Тэгээд л ОХУ-ын Артур Найфонов, Ираны Яздани, словак бөх Макоев, Японы Такатани, белорус Шабанов, гүрж Аминашвили, Беларусийн Гостиев гэсэн хүчтэнүүдтэй таарна. Хэцүү хэсэгт оржээ.

61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга Японы Кайки Ямагүчитэй таарсан. Ялахад Оросын Магомедрасул Идрисовтой барилдана. U-23 дэлхий, Европын аварга. Манай бөх ялаад яваад байхад дэлхийн аварга Кубын Йолвис Боннетэй хагас шигшээд таарах сугалаатай.

79 кг-д Доржваанчигийн Гомбодорж Хятадын Лин Зепинтэй барилдана. Гол фаворит Азербайжаны Жабраил Гасановтой нэг хэсэгт орсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top