Чөлөөт бөх: Гурван хүрэл медаль, хоёр олимпын эрхтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Бөхийн төрлүүдийн ДАШТ Казахстаны нийслэл Нур-Султанд энэ сарын 14-22-нд явагдаж өндөрлөлөө. Манай шигшээ баг энэ удаад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхөөс гадна сонгомол барилдаанд бөхтэй оролцсон. Жүдогийн шигшээ баг ДАШТ-ээс ганц хүрэл медальтай ирснээс хойш манай бөх сонирхогчид чөлөөт бөхөд тун их итгэл найдвар хүлээлгэж байлаа.

Манай бөхчүүд гурван хүрэл медаль, олимпын хоёр эрхтэй эх орондоо ирэх гэж байна. Гурван хүрэл медалийг эмэгтэйчүүд авсан.  Гэхдээ нэг нь л олимпын жин байлаа.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Болортуяа Энэтхэгийн Лалитаг ялаад Америкийн Винчестерт ялагдсан. Винчестер энэ жинд түрүүлсэн тул манай бөх аваргад л өвдөг шорооджээ. Дагах барилдаанд Киргизийн Мадина Надироваг эхний үед цэвэр ялаад хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй  барилдлаа. Ялагдаж яваад сүүлийн мөчид оноо авч чадсанаар ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор бараг алдаагүй нягт барилдсаар хүрэл медаль хүртсэн. Тэрбээр сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан хүрэл медалийн төлөө барилдаж, хоёр дахь хүрэл медалиа зүүлээ. Хүрэл медалийн төлөө барилдаанд Ангелина Лысакийг (Украин) цэвэр ялсан.

Олимпын жин болох 68 кг-д барилдсан С.Батцэцэгийн хувьд харамсалтай ч, баяртай ч хүрэл медаль байлаа.

Харамсалтай гэдгийн хувьд шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссоныг ялж байгаад эцсийн секундэд ялалтаа алдаагүй бол алт, мөнгөн медаль ч авах байлаа. Харин энэ ялагдлын дараа сэтгэлээр уналгүй, үргэлжлүүлэн барилдсаар олимпын эрх, хүрэл медаль Монголдоо авчирлаа. С.Батцэцэг манай чөлөөт бөхийнхнөөс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль (нөгөө бөх нь гавьяат тамирчин О.Насанбурмаа) хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.

Эрчүүд маань олон ялалтаа алдсан. Авч болох оноо, хүрч болох медалиуд өөр улсад одсон ч олимпын наадмаас өмнө алдаа оноогоо цэгнэн, засах цаг хангалттай байна.

Эрэгтэйчүүдийн шигшээ багаас медаль аваагүй ч од болон гялалзсан нэгэн тамирчин байсан нь ОУХМ Төмөр-Очирын Тулга. Энэ жил 21 настай залуу тамирчин  эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд шагналт тавдугаар байрт орж, олимпын эрх авсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньяд хоёр оноогоор л ялагдсан билээ. Үнэхээр туршлага дутсан. “Токио 2020” олимпын эрхээ авсан Т.Тулгад дэлхийн медаль ойрхон байлаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ABCD-korea-gaas(117.111.23.220) 2019 оны 09 сарын 23

65 kg - d barildsan Tulga yaltach ugui negen ued huch turen orj irj baigaa huuhed baina . Barildaaniign haraad uneheer gaihlaa ! Ylan diilehiin tuluu uneheer torchibson zaluu bn . Magadgui olimpoos alt avahad bil lav gaihahgui ! Enethegiin bohtei hureliin toloo narildahdaa 2 dahi uyd garch irehdee het hicheechih shig bolloo . Tuunees Bajrangaas argaguil iluu bailaa . Uuchilaarai bi bagsh nariign buruutgah setgeleer bish jaahan haramsah setgeleer helhed Tulgad bagsh narn odoo onoogoo hamgaalaad barildchih gej zovlood 2 dahi ueiin ehnii minut garui hugatsaand meh hiisengui bj bgaad genedchihlee

0  |  0
зочин(202.70.40.205) 2019 оны 09 сарын 23

Дүвчин багшийн шавь Санжаадамба, Батцэцэг нар үнэхээр цаанаасаа төрсөн өөлөх зүйлгүй аваргууд. Даан ч үнэндээ аз ёндоо алга . Хаяж яваад халтираад унах. Хэл аманд орох гээд цаанаасаа л нэг болохгүй байна. Хийморь сүлд засал дом хийхгүй бол энэ 2 дууслаа хайран залуус.

0  |  0
Top