Аав гэдэг дөлгөөн мөрөн

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 22

Ангир нургиж, тогорууд ганганаад л ... Алсхан нутагтаа аав минь цас, бороотой уралдан хадлангаа бэлдэж суугаа даа. Амьдралын ухаан санчиганд нь гэрэлтсэн аавыг минь Доржсүрэнгийн Энхбаатар гэдэг. Хими-биологийн багш мэргэжилтэй. Улс хотын хэмжээнд багш нарынхаа дунд “Сэлэнгийн Энхбаатар” нэртэй. Монгол Улсын боловсролын салбарт тэр дундаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны сургуульд 38 жил тасралтгүй багшилсан. Армид хоёр жил албан хаах хугацаандаа цэргүүдэд хичээл зааж байсныг нь тооцвол 40 жил багшийн албанд зүтгэжээ. Аав яг 40 жил багшлаад өнгөрөгч хавар гавьяандаа суусан. Одоо бол нутгийнхаа аяс намуухан салхин дунд шүүдэр өшигчин хэдэн үхрээ туугаад, хадлангийнхаа талбайд бор цай оочин яваа. Сая есдүгээр сарын нэгэнд аавыгаа л хамгийн их бодож өнжлөө. “Аав өнөөдөр юу бодож суудаг юм бол. 40 жил энэ жил өдрийг хүүхдийн цолгиун инээд дунд өнгөрүүлсэн хүн юм шүү дээ” хэмээн бодох агшинд аньсага чийгтэж билээ. Хүн өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ хамгийн сайн хийдэг гэдгийг би ааваасаа мэдэрсэн. Аав хичээл зааж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг.

Аав жилдээ тоотой хэд нийслэл бараадна. Гэхдээ чимээгүйхэн ирээд буцах нь олонтаа. Ээж л “Аав чинь хот явсан” гэж хэлэхгүй бол барагтаа хэлнэ гэж байхгүй. Хааяа ирэхдээ ихэвчлэн сургалт, семинарийн ажлаар гурван хүүгийндээ нэг нэг хоноод буцдаг юм. "Миний хүүгийн ажил сайн уу. Хүний итгэл алдалгүй сайн ажиллаарай" гэж уулзах бүртээ захина. Аавын амьдралын зарчим хөрөнгө чинээтэй болох, тансаг хангалуун амьдрах бус хүний итгэлийг дааж ажиллах юм. Нийгэм шилжсэн ороо бусгаа цагийн салхин дунд ч цалинтай, цалингүй багшийн ажлаа хийснээс ганзага үүрч, гадаад дотоод явалгүй 40 жилийг ардаа үлдээжээ. Тэр жил сургуулийн захирал Г.Жаргалтулга багш бурхан болж сургууль “толгойгүй” болж билээ. Багш нар “Баатараа багш захирал болоо” гэхэд аав “Захирал болохгүй ээ, хэдэн хүүхэдтэйгээ шуугилдаад явж байя” гээд гэдийчихэж билээ. Аавын шавь нараас хими, биологи, эрүүл мэндийн хичээлээр сум, аймаг, улсын олимпиадуудад түрүүлсэн хүүхдүүд олон. Манай ангийн Т.Өлзийсайхан гэхэд л биологийн чиглэлээр БНХАУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж байх жишээтэй. Аавын конкурст бэлдсэн хүүхдүүд аймагтаа эхний гуравт жагсаж МУИС, АШУҮИС, МУБИС гээд улсын томоохон сургуулиудын хуваарь авна. Аав өөрөө оюутан болж байгаа мэт тэднийгээ даган баясна. Аавын анги сургуулийн нэг давхрын баруун жигүүрийн мухарт байдаг. Бид хоёр давхрын зүүн жигүүрт хичээл орж байхад аавын найтаах сонстоно. Манай ангийнхан “Энхбаатар багш найтааж байна” хэмээн хоорондоо нуг нуг хийнэ. Харин би “Аав одоо ямар чанга найтаадаг юм бэ” гэж дотроо бодон чихээ улайтал ичдэг байв.

Багш нарын ур чадварын уралдаан гэж болноо. Эхлээд сургууль, сум, аймаг дээрээ шалгаруулалтууд явагдана. Аймагтаа түрүүлсэн багш нар нь улсад үзнэ дээ. Аав сумаасаа олон удаа шалгарч аймагт оролцсон. Улсад хоёр удаа оролцохдоо эхнийхэд нь долоодугаарт байрт шалгарч байсан санагддаг. Хоёр жилийн дараа дахин оролцохдоо хоёрдугаар байрт шалгарч аймаг, сум, сургуулиараа хөл хөөрцөг болж байв. Аавын хичээл заах аргаас суралцахаар алс баруун хязгаарын аймгуудаас багш нар ирж туршлага судалдаг байлаа. Аав хичээлийг тун сонирхолтойгоор яаж заахаа маш сайн мэддэг. Аавын төгсгөсөн ангиас спортын алдартнууд олноор төрөн гарсан билээ. Тухайлбал, самбо бөхийн Ази тивийн аварга, жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Олон улсын хэмжээний мастер Ц.Даш-Өлзий, самбо, жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Спортын мастер Ж.Эрдэнэтөгс, Б.Цогтжаргал, Ч.Бат-Эрдэнэ, Б.Анхбаяр гээд цаашаа үргэлжилнэ.

Харин ээж Монголын цахилгаан холбооны Зүүнхараа салбарын Хэрх тосгоны салбарт насаараа ажилласан. Ээжийг өглөө ажилдаа явж байхыг харсан хүмүүс есөн цаг болох гэж байгаа юм байна гэсэн цагийн баримжаа авна. Өдөр цайны цагаараа гэр рүүгээ явж байхыг харсан хүмүүс 13 цаг болж байна, ажлаа тараад харьж явааг нь харсан хүмүүс 18 цаг өнгөрч байна гэх зэргээр мэддэг байсан тухай манай тосгоныхон одоо ч ярьдаг. Ямар ч албан байгууллага, хувь хүний утасны дугаарыг асуусан цээжээрээ хэлээд өгчихнө. Нутгийнхан “Ичко эгч яаж ийм олон хүний дугаар цээжээрээ мэддэг байнаа” гээд шагшицгаана. Цагийг яс барьдаг хүн. 
Аав ч мөн адил цаг барихдаа гаргуун. Алив юмнаас хоцорно гэж байхгүй. Цаг барих энэ чанарт нь суралцах чинхүү хүсэл бий.

ААВТАЙГАА БҮТЭЭСЭН ЕРТӨНЦ

Манай нутагт хавар эрт халиар ургана. Тэнгэрт дэвшсэн багын минь найз Ука, аав бид гурав Уртын ам руу 20 гаруй км алхаж халиар түүнэ. Үдийн нар хэвийх үест буцаад алхана. Аавтай хамт алхаж, элдэв зүйлийн тухай ярьж явсан цаг хугацаа бүхэн надад хамгийн үнэ цэнтэй санагддаг юм. Хөл өвдөөд ядрахаараа ааваа амаръя гэж гуйна. 

Ноён уулын зүүн талд Ажнайн давааны наана манай хадлангийн газар бий. Намайг сурагч байхад манайд унаа тэрэг гэж байсангүй. Аав хадландаа гарсан хүмүүсийг гуйж өвс хадуулна. Гуйх ч гэж дээ. Гуйхаас нь өмнө "Багш хадландаа гарч байна уу. Маргааш хадаад өгье" гэнэ. Өвсөө хадуулсных нь дараа замын унаатай, унаагүй сэрээгээ бариад аав бид хоёр бухал тавихаар явна. Ингэж олон намар Ажнайн даваа руу алхсан. Оюутан болчихоод намар нь ирж аавтай хамт бухалд явсан юм. Өдөржин бухал хийчихээд орой нь аавтай хамт алхаж байхад "Миний хүү жаахан амаръя" гэхэд нь анх удаа гайхаж билээ. Өмнө нь би л амаръя гэдэг байснаас биш аав огт тэгж хэлдэггүй байлаа. Савандаа горхины ус дүүргэж аваад шавайгаа ханатал уусан санагддаг. Аав ийшээ ч нэг, тийшээ ч нэг заагаад "Аав нь тэдний ангийн багш байхдаа энд намрын ажилд гардаг байлаа" гээд ярьж байсан юм. Тэр орой цаг хугацаа хэрхэн яаж өнгөрснийг ч бүү мэд нэг л мэдэхэд одод түгсэн түнэр шөнөөр хамтдаа алхаад харьж билээ. Хэдийгээр тэр хавь чоно нохой элбэг ч оюутан болсон залуу байж аавынхаа нөмөрт айх аюулгүй цээж тэнэгэр алхаж явснаа мартдаггүй.

Аав их зөөлөн хүн. Хэр барагтайд үг дуугарч, олон таван юм ярихгүй. Архи уусан хүнд ясны дургүй. Ямар ч мундаг хүн байсан өөрийнхөө дургүйг илэрхийлчихнэ. Тамхи татна гэж байхгүй. 32 нас хүртлээ би аавыг архи үнэртүүлж, тамхи сэнгэнүүлж байсныг мэддэггүй юм. Өөрөөрөө үлгэрлэсэн багш. Ээж ч мөн адил яг тийм. Нутгийнхан аав, ээж хоёрыг хараад “Яаж яваад ийм хоёр дөлгөөн хүн нэг гэр бүл болчихдог байнаа” гэж гайхна. Аав хоёр дүү бид гуравт олон таван үг хэлэхгүй өөрийнхөө үйл хөдлөл, хийж байгаа ажлаараа үргэлж үлгэрлэнэ. Хоёр дүү маань ч гэсэн ууж идэхээс хол. Аав архи уудаггүй болохоор ямар ч арга хэмжээ байсан түрүүлээд гараад ирнэ. Өмнө нь багш нарын баяр өвөл хоёрдугаар сард болдог байлаа. Дүн өвлөөр аав баяр дээрээсээ гэртээ пиджактайгаа яваад ирнэ. "Манай хэд жаахан суух бололтой. Та явахгүй шүү" гэхээр нь ууж чадах биш “Бие засчихаад ирье” гээд тэр чигтээ яваад ирлээ гэнэ.

ГЭР БҮЛЭЭРЭЭ МОАХ-НЫХОН 

Аймагт хавар конкурс болноо. Аав шалгалтын комиссын дарга, гишүүнээр ажиллана. Хүүгээ гайгүй сургууль авахуулах гэсэн эцэг эхчүүд архи, набор бариад гүйчихнэ. Аав "Юу ярьж байгаа юм. Наадахаа аваад яв" гээд шууд хэлчихнэ. Бага байхдаа "Аав сонин юм аа" гээд аваагүй амттанг нь бодоод харуусах сэтгэл төрдөг байлаа. Аймагт конкурс болохоор "Хэрхийн найраагүй багш ирээгүй биз дээ" гэж эцэг, эхчүүд аавыг асууна. Тэр талын ямар ч яриа хөөрөө хийдэггүй тийм л "сонин" хүн. Аавын дүү Энхтайван ах Зүүнхараагийн МоАХ-г байгуулалцаж явсан хэлэмгий доломгой нөхөр бий. Одоо ч гэсэн МоАХ-гоо л ярина. Ардчилсан нам, МоАХ-ны гишүүн гээд насаараа төрд ажиллах визээ хасуулсан. Одоо бол нутагтаа байгаа цөөн трактор, комбайнчдын нэг нь. Ах МоАХ-доо үнэнч гэж жигтэйхэн. “Одоо бол “Женко” Баттулга шиг мундаг хүн байхгүй” гэж магтдаг юм. Хааяа би ахыг явуулж “Төрсөн нутагтаа ялагдаад ирсэн биз дээ” гэхээр “Тэр яадаг юм. Барцатаа гаргаад Ерөнхийлөгч болсон. 2014 оны тэдэн сарын тэдний Өдрийн сонины дугаарт чи манай Баттулгаас маш сайхан ярилцлага авсан байна лээ. Энийг хар” гээд аль хэдийнэ хайчилбар хийчихсэн сонинг надад харуулж билээ. Хэдэн нүүр дамнасан тэр ярилцлагыг бараг асуулт хариултгүй цээжээрээ надад ярьж өгч байх жишээтэй. Гурван хүүхэд нь зэрэг оюутан болчихсон тэвдүүхэн явахад нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Баянгол зочид буудалд дуудаж уулзахдаа том тус хүргэсэн гээд сүйд болно. Аавын том ах Энхтуяа мөн л МоАХ-ны партизан байлаа. Одоо дүү Хишгээ нь мөн л Ардчилсан нам гээд амь тавих нь наагуур юм болно. Сум орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн гээд гүйж явдагсан.

Энхтайван ах аавд нэг удаа "Таныг аймгаар Хэрхийн найраагүй багш гээд яриад байна. Хүний өгсөн юмыг авчихаж байгаач. Бүгд л авч байна ш дээ" гэж хэлээд аавд зад загнуулж билээ. Аав учиргүй улс төржихгүй. Гэхдээ сэтгэлийн дуудлагаараа Ардчилсан намд харьяалагдана. Аав өдгөө ч нам бус. Гэсэн ч Зүүнхараагийн Ардчилсан намынхан аавыг намынхаа нэр дээрээс Сумын ИТХ-д нэр дэвшүүлнэ. Аав мэдээж төлөөлөгч болчихно. Сонгууль бүрт Ардчилсан намын хяналтын гишүүнээр орж ажиллана. Тэр жил Сумын ИТХ-д аав нэр дэвшиж Ардчилсан намаас хоёул гурвуулхнаа сонгогдож байж билээ. Аавын ах, дүү нар бүгд ардчиллын төлөө зүрх нь цохилдог хүмүүс. Монголын ардчилсан холбооны партизануудтайгаа хамт өтөлж л яваа партизанууд болж дээ.

МИНИЙ ДУЛААН ЕРТӨНЦ

Аав биднийг загнаж, зандарч үзээгүй. Багадаа би өөрөөсөө болж нэг удаа үнээний тушаагаар шавхуурдуулж байсан юм даг. Байнга биш ганц удаагийнх болохоор одоо ч сэтгэлд тодхон байдаг юм. Аав, ээж хоёр төсвийн ажилтан тул цалин цаваг юу шалихав. Гэхдээ л тансаг хангалуун байгаагүй ч бусдын доор огт орж байсангүй. Гангалах дуртай бацаан явахад минь сарынхаа цалингаар пүүз аваад өгчихдөг байлаа. 

Манай нутгийнхан аавыг "Баатараа багш" гэнэ. Аав сурагчдаа "Бурханы олон шавь нар" гэж өхөөрдөнө. Аавын заасан хичээл үнэхээр сонирхолтой байдаг талаар сурагч бүр ам булаалдан ярьдаг байлаа. Нутгийнхан аавыг гавьяатгүй ГАВЬЯАТ багш гэдэг. Тэглээ гээд аав огт тоохгүй. Гавьяатаас бусад шагнал нь аавын энгэрт гялалзсан юм.

Тэр жилийн наадмаар юмдаг. Бага дүү Энхзориг Зүүнхараагийн наадамд барилдаад үзүүр түрүүнд үлдсэн юм. Учраа бөх нь гадны сумынх л байсан юм даг. Наадмын талбай руу очиж явтал аав наадмын талбай тойроод алхаж явна. "Аав юу хийж байгаа юм бэ. Цаад Зоориг чинь үзүүр түрүүнд үлдсэн байна ш дээ" гэхэд "Дүүг нь барилдахыг харж чадахгүй хэцүү байна аа. Хүмүүс орилоод уухайлбал дүү нь давсан гэсэн үг. Хүмүүсийн дуу цөөрөөд шуугиад эхэлбэл унасан гэсэн үг. Аав нь гадаа байж байя" гээд намайг наадмын талбай руу орж дүүгээ барилдахыг хар гээд оруулж билээ. Дүү ч урамтай нь аргагүй учраа бөхөө хонгодон цацаад түрүүлэхэд нутгийн зон олон аавын хэлсэнчлэн уухайлан дэмжиж байсан юм. Тэр жил дүү түрүүлж сумын заан цол хүртэж байв. Аав ч магнай тэнэгэр тэр жилийн наадмыг үдсэн дээ.

Манайх гэдэг айл саалийн цөөн үнээтэй. Өглөө эрт ээж үнээгээ саана. Аав үхрийнхээ өвс тэжээлийг бэлдээд сургууль руугаа явна. Сааль сүүгээ авчихаад маргааш нь сүүний машинд өгнө. Аав, ээж хоёрын минь энэ насандаа хийсэн хамгийн том бизнес нь өдөрт 10 гаруй литр сүү зарах байсан юм. Би лав дэлгүүрээс "Витафит", “АПУ” компанийн сүүг худалдан авах бүртээ аав, ээжийн минь хэдэн малын сүү байгаадаа гэж итгэдэг байлаа. Одоо ч тэгж итгэдэг.

Саяхан төрсөн өдөр минь болоод өнгөрсөн. Жил бүрийн төрсөн өдрөөр ээж намайг залгахаас өмнө залгаж баяр хүргээд "Дансаа өгчих. Ээж нь мөнгө шилжүүлье, хоолонд ороорой миний хүү" гэнэ. Өмнө нь эрийн сайндаа өөрөө төрчихсөн юм шиг дансаа өгдөг байлаа. Одоо харин аль болох өөрийг нь баярлуулах юмсан гэж боддог болж дээ. 

Эр хүн 33 насныхаа мөчлөг дээр ээжийгээ баярлуулах ёстой гэдэг юм билээ. Энэ жил манайхны хэлдгээр хий настайгаа 33 хүрсэн тул ээжийгээ баярлуулах болсон юм. Миний баярлуулах гэж юу байхав. Худлаа үнэн ажилтай энэ тэр гэж байх хоогуур гэргий энэ бүхнийг зохион байгуулж ээжийг урив. Ээж мөн л жилдээ ганц хоёр удаа хотод ирдэг. Сая ирэхэд гэргий маань зөндөө баярлуулаад буцаасан байна лээ. Орой нь манай хүн гарын бэлэг бэлдчихсэн "Ээжид өг" гэв. Эхнэрийн авч өгсөн бэлгийг ээжид өгч, ерөөлийн үг хэлэхэд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсож байж билээ. Ажил хийж байгаа гээд мөнхийн завгүй гэж ярьсаар аав, ээж хоёр маань энэ зун ээлж ээлжээрээ ирсэн. Хүн ямар ч мундаг ажил хийж болно. Ямар ч муухай ажил хийж болно. Гэхдээ аав л, ээждээ цаг гарган очих ёстой. Эргээд нэхэх цаг хугацаа гэж ямар байх биш. Эргээд олдох ажил л гэж байдаг.
Би ийм л хоёр баатартай хүн. Адарсан залуу насны минь алдаа бүхнийг зөөллөж ижий цагаан сүү өргөдөг. Адайр энэхэн хорвоод алдах учиргүйг сануулсан аяа миний буурал аав. Аавын өчигдрөөс үлдсэн өнөөдөр нь би юм. Аав хүн гэдэг үр хүүхэддээ үлгэрлэн дуурайх дөлгөөн мөрөн гэж боддог.

Ажнайн давааны моддын навчис шарлан газрын амьсгал тэмтчин байгаа ийм л намар цагийн буулган доор аавыгаа санасан минь энэ. Мөөгөн хүрээ шиг бөмбийсөн бухалнуудаа аав минь өрж байгаа. Аавдаа очъё ...

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 09 сарын 23

Нам нтр орсон хэсгийг эс тооцвол сайхан л нийтлэл байна

0  |  0
mongol(73.51.245.247) 2019 оны 09 сарын 22

yamar saikhan ger bul ve ta buxendee az jargal eej aav 2 chuny urt naslalaj udaan jargaarai mongolyg uum l baataruud avch garna daa bayrlalaa tand 3 xuug zob ulgerlene gedeg mash tom gaviya odoonynk shig oroo busgaa tsagt

0  |  0
mongol(73.51.245.247) 2019 оны 09 сарын 22

yamar saikhan ger bul ve ta buxendee az jargal eej aav 2 chuny urt naslalaj udaan jargaarai mongolyg uum l baataruud avch garna daa bayrlalaa tand 3 xuug zob ulgerlene gedeg mash tom gaviya odoonynk shig oroo busgaa tsagt

0  |  0
DR. UROLOGIST(197.210.227.65) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Пүрэвдорж(202.21.109.33) 2019 оны 09 сарын 22

Миний утас 88876130

0  |  0
Пүрэвдорж (202.21.109.33) 2019 оны 09 сарын 22

Аав чинь ардын армийн 122 ангид 1980 83 онд цэргийн алба хаасан уу би химийн ротод алба хаасан утасыг өгөөрэй нэг сайхан хууч хөөрөх юмсан

0  |  0
mgl(60.31.129.19) 2019 оны 09 сарын 22

setgeldee teej yawdag daa burhad aa. uhaantai huu bainaa. aaw eej 2 ni urt nasalj udaan jargag

0  |  0
Top