Судлаачид дэлхий дээр дахин нэг шинэ тив илрүүлжээ. Тэд Испаниас Ираныг хүртэл үргэлжилсэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн газар зүйн хувьслыг судалж байхдаа алдагдсан тивийг олжээ.
Тивийг Их Адриа гэж нэрлэсэн бөгөөд Гринландтай ижил хэмжээтэй гэнэ. 140 сая жилийн өмнө Хойд Америкаас тасарч, Өмнөд Европын газар доор шурган оржээ. Олон тооны жуулчид өөрсдөө ч мэдэлгүй алдагдсан Их Адриа тив дээр амралтаа өнгөрүүлдэг хэмээн Утрехтийн их сургуулийн дэлхийн тектоник, палеографи судлаач, профессор Дауи ван Хинсберген ярьжээ. Судалгааны ажил “Gondwana Research” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтдийн судалсан салбар уулсын ихэнх нь 200 сая жилийн өмнө Хойд Америкаас тасарсан тивээс гаралтай болохыг тогтоожээ. Энэхүү тивийн үлдсэн хэсэг нь Турин хотоос эхлэн Адриатын тэнгисээр дамжиж, Италийн гутлын хэлбэртэй газар нутгийн “өсгий” хүртэл үргэлжилдэг зурвас аж. Энэ зурвасыг газар зүйчид Адриа гэдэг тул шинэ тивийг судлаачид Их Адриа гэж нэрлэсэн байна.
Их Адриагийн хувьд тивийн ихэнх хэсэг усан доогуур шургаж, гүехэн тэнгис, шүрэн арал, чулуулгаар хучигджээ. Өмнөд Европын доогуур шурган ороход нь чулуулгууд уулыг бий болгосон ба эдгээр нь Альпын нуруу, Аппениний нуруу болон Балканы хойг, Грек, Турк юм. Их Адриа 240 сая жилийн өмнө буюу Мезозойн галавын эрт үед тив болон бүрэлдсэнийг судлаачид тогтоосон байна.
Энэ нь алдагдсан тивийн нээж буй анхны тохиолдол бус юм. 2017 оны нэгдүгээр сард судлаачид 200 сая жилийн өмнө хуваагдаж эхэлсэн Гондвана супер тивийг /эрт дээр үед Африк, Өмнөд Америк, Өмнөд тив, Австрали, Шинэ Зеландыг багтааж байсан/ нээснээ зарлаж байжээ. Энэ тивээс үлдсэн хэгэс нь одоогийн Энэтхэгийн далай дахь Мавритан арлын доор бий. Мөн оны есдүгээр сард судалгааны өөр нэг баг Номхон далайн өмнөд хэсэгт өрөмдлөг хийж байхдаа Зеландиа гэх алдагдсан тивийг нээж байв. Тиймээс Их Адриа тив анхны бөгөөд эцсийн алдагдсан тив биш юм гэж судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )