Томоясу Терашима: Япон хэлийг зөвхөн номоор сайн сурахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Сүүлийн жилүүдэд япон хэлийг хүмүүс сонирхон суралцах нь ихэссэн.Япон хэл сурах, япон орны онцлогийн талаар “Асаякэ Карьерс” төвийн япон хэлний багш Томоясу Терашиматай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Та өөрийгөө болон сургалтын төвөө бидэнд танилцуулахгүй юу?

-Намайг Томоясу Терашима гэдэг.Би “Аймэйдо Альфа” компанид мэргэжилтэн багшаар ажилладаг. 2018 оны нэгдүгээр сараас хойш “Аймэйдо Альфа” компанитай хамтран ажилладаг “Асаякэ Карьерс” сургалтын төвийн монгол оюутан, сурагчдад япон хэл зааж байна. “Асаякэ Карьерс” сургалтын төв нь ур чадварын дадлагажигч ажилтан болон Япон хэлний сургуульд оюутан зуучлах, япон хэлний сургалт явуулдаг. Суралцагчдадаа N5-N3 түвшний япон хэлний  мэдлэгийг олгохыг зорьдог. Мөн янз бүрийн сургалтын тэтгэлгүүд олгодгоороо онцлогтой.N3 түвшинд тэнцсэн суралцагчдад “Аймэйдо Альфа- Асаякэ” сургалтын тусгай тэтгэлэг олгодог.

-Монголд ирэхээс өмнө өөр ямар улсад япон хэл зааж байсан бэ?

-Хятадад 15 жил, Ветьнамд гурван жил, Египет улсад хоёр жил япон хэл заасан.Мөн  “Аймэйдо Альфа” компанийн Япон улс дахь салбар сургуулиудын гадаад оюутнуудад япон хэл зааж байсан.

-Монгол залуус япон хэл сурах их сонирхолтой.Сүүлийн жилүүдэд илүү нэмэгдэж байх шиг байна?

-Миний анзаарснаар японд суралцаж, ажиллаж, амьдарч байгаа залуусын нэг хэсэг нь японы орчин үеийн соёл урлагт илүү татагдаж хэлийг нь сурч эхэлсэн байдаг. Жишээ нь японы  аниме, манга, бүжиг гэх мэт. Үүнээс гадна их, дээд сургуулиудад мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх гэх мэт олон шалтгаанаар япон хэлийг сурдаг.

-Япон хэлийг ямар арга бари­лаар сурвал илүү үр дүнтэй юм бэ?

-Эрт дээр үеэс Японд бичиг үсэг байгаагүй.5-р зууны үеэс буддизмын шашинтай зэрэгцэн хятадын ханз үсэг Японд нэвтэрч одоогийн япон үсэг бий болсон гэж үздэг.Тиймээс япон хэл нь ханз болон кана үсэг хоёуланг нь ашигладаг ховор хэл юм.Хуучин  үгсийг хэрэглээнээс хасахгүй хадгалахын зэрэгцээ шинэ үгс үүсгэж хэрэглэдэг. Мөн гадаад орны соёлоос нэвтэрч орж ирсэн үгнүүд ч их байдаг.Өөрөөр хэлбэл япон үгийг Хирагана, хятад үгийг Канжи, Англи зэрэг бусад гадаад үгсийг Катакана үсгээр бичдэг.Хэл шинжээчдийн судалснаар мянган япон үг мэддэг бол өдөр тутмын ярианы дөнгөж 60 орчим хувийг ойлгодог хэмжээнд хүрнэ.Япон хэл нь англи хэлнээс илүү баялаг бөгөөд сурахад хэцүү, тэвчээр шаарддаг ч дүрмийн хувьд амархан.Түүнчлэн, Хятад болон Араб хэлнээс илүүтэйгээр дуудлага болон бичих нь хялбар байдаг.Гийгүүлэгч нь дараах таван эгшиг болох “A, I, U, E, O”-ээр амилдаг учир дуудлага нь Англи хэлнээс ялгаатай.Англи хэл шиг өргөлт байхгүй, Хятад хэл шиг дөрвөн хөг байхгүй, бага зэрэг интонец байдаг боловч жаахан буруу дуудсан ч гэсэн ойлгомжтой.Монгол хүний хувьд Япон хэлний дуудлага болон дүрэм хялбар мөн өгүүлбэрийн бүтэц нь монгол хэлтэй төстэй.Тиймээс сурахаар төлөвлөж буй хүн өөрийн үнэ цэнтэй цаг хугацаг дэмий үрэхгүйн тулд сайтар тунгааж, сэтгэл оюунаа зориулах хэрэгтэй.

 

 

-Япон орныг, ард иргэдийг нь товчхон тодорхойлбол?

-Японыг далай, тэнгисээр хүрээлэгдсэн арлын улс гэдгийг мэдэхгүй монгол хүн ховор байх.Хөрш зэргэлдээ орнуудтай хуурай газраар холбогдсон түүх, соёлын солилцоо бага байсан түүхтэй.Иймд японы нийгэмд хөрш орнуудтайгаа өөр хэлээр харилцах гэсэн ойлголт нэг их байдаггүй байсан.Бусад улс орны хэлийг ойлгох нөхцөл япон хүний сэтгэлгээнд байгаагүй гэсэн үг.Тийм дээ ч гаднын орны хүмүүстэй харилцахад анхаарал хандуулдаггүй амьдралын хэв маягтай байжээ.Токио, Осака зэрэг томоохон хотуудад гадаадаас ирсэн бизнесменүүд, жуулчдын тоо сүүлийн үед нэмэгдэж, өдөр тутмын амьдралдаа олон гадаадын иргэдтэй харилцах нь илүү их болсон ч хөдөө орон нутагт өөр.Түүнчлэн Япон бол дөрвөн улирлын уур амьсгалтай, цаг агаар сайтай, бороо их ордог тул хөдөө аж ахуй хөгжсөн.Ийм учраас хамтарч хөдөлмөрлөх нь Япон хүмүүсийн зан үйлийн үндсэн зарчим.Хамтран ажиллаж байж л илүү хөгждөг.Ялангуяа байгалийн гамшиг их тохиолддог учир нийгмийн хамтын ажиллагаа бидний хувьд маш чухал.Хэрэв та япон хэл сурч, энэ улсад ажиллах хүсэлтэй байгаа бол ард түмнийх нь өнөөг хүртэл хадгалж ирсэн хамтын дэг журам, соёлыг ойлгож япончуудтай нягт хамтран багаар ажиллах хэрэгтэй болно.

-Монгол хүн япон хэлийг хэр хурдан хугацаанд сурдаг вэ?

-Монгол оюутнууд япон хэлийг маш хичээнгүйлэн суралцдаг.Ер нь зүүн азийн орнуудын оюутнууд хэлийг нүдэлж тогтоодог онцлогтой.Монгол хүн ч мөн адил.Европ болон Америкчууд сонсголоороо хэлийг сурдаг.Унших бичихдээ тааруу.Солонгосчуудын хувьд япон хэлний дуудлага нь хялбар, Хятадуудын хувьд ханз хялбар, Монголчуудын хувьд дүрэм, дуудлага нь хялбар байдаг.Тиймээс бичих болон уншихдаа сайн, ярих болон сонсохдоо сул байдаг талтай.Хэл гэдэг хэрэглээ учир сонсох ярихдаа анхаарах нь илүү чухал.Буруу зөрүү хэлэхээсээ ичихгүйгээр ярьж сурах хэрэгтэй.Зөвхөн сурах бичгээр л хичээллээд байвал хэзээ ч сайн сурахгүй.Өөрийн бодож санаж байгаа зүйлийг японоор зөв, буруу гэлтгүй илэрхийлж, япон багштай ярьж байх шаардлагатай.Алдаанаасаа суралцаж байж л аливаа хэлийг сайн сурна.

-Япон хэл сурахаар төлөвлөж байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-“Хэл бол тухайн ард түмний соёл гэсэн үг байдаг.Тухайн улсын хэлийг судална гэдэг нь тухайн улсын соёл, түүхийг сурч судална гэсэн үг.Японд “үгэнд сүнс байдаг” гэж ярьдаг.Тиймээс хэзээ нэгэн цагт ярьсан хэлсэн үгс үргэлж бодит болдог гэж итгэдэг.Тиймээс хэн нэгэнтэй хайхрамжгүй ярих, хэзээ ч бодож байгаагүй муу үг яриаг битгий хэлээрэй.Мөн бид өөрсдийнхөө ярьсан хэлсэн зүйлд хариуцлага хүлээдэг бөгөөд нөгөө хүний хэлсэн үгэнд итгэж, хүндэтгэдэг.Энэ нь муу үг хэлэхгүй, худал ярихгүй гэсэн санаа юм.Та япон хэлийг сурах гэж байгаа бол яг ийм сэтгэлээр хандах хэрэгтэй юм.Тэгвэл манай “Асаякэ Карьерс” сургалтын төв ч мөн суралцах хүсэлтэй олон оюутнуудыг чин сэтгэлээсээ хүлээн авч сургахыг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top