Төрийг тараахаа болив

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

УИХ тарах нь гэсэн яриа багагүй хугацаанд өрнөв. Энэ тал дээр санал нэгдсэн УИХ-ын гишүүдийн тоо 30 гарчээ, 47 хүрчээ гэх мэдээллүүд ч хөвөрч байлаа. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн хавар парламент тарахыг шаардаж байсан Ардчилсан намынхан УИХ тарж болохгүй гэсэн яриа гаргах болсон нь ч сандарсаны л тэмдэг. Тэгэхээр гишүүд нэр усаа бичсэн бланк нь харагдаагүй ч нэлээд дөхсөн байж магадгүй шүү. 2016 оны сонгуульд ялагдсаны дараагаас АН дотор өрнөсөн буруутныг хайх хөдөлгөөн нь хагарал болж хувирсан юм. Хэдийгээр бүх гишүүдийнхээ дунд сунгаа явуулж намын дарга, удирдлагуудаа сонгосон ч “шарх” нь эдгэхгүй өдий хүрэв. Энэ нь Баянзүрхийн АН-ын үймээн, Н.Алтанхуяг нарын хуучин “капитан”-уудын үе үе гаргадаг мэдэгдлүүдээр баяжаад явж байна. Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах байр суурь илэрхийлсэн биш УИХ дахь бүлгээ зөвлөл болгож орхисон. Нөгөө талаас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхээс илүү “унтаа” байдалтай явж ирлээ. Ийм үед УИХ гэнэт тарчихвал АН дотор юу болох нь ойлгомжтой. Наад зах нь өрсөлдөгчөө намнах гэхээсээ дотооддоо тойргоо булаалдах аянд мордсоор сонгуулийн хугацааг тулгачих байлаа. МАН-ын хувьд хагарч хуваагдсан тухайг ярих юм бол дутахгүй зовлонтой. Гэхдээ эрх барьж буй улс төрийн хүчний хувьд ирэх хавар улс төрийн бусад намуудын идэвхжихээс өмнө сонгууль явуулчихвал илүү ашигтай гарна л даа. Манай улсын хүн амын тал нь суурьшдаг Улаанбаатар хотын ихэнх зовлон нь өвөлдөө байдгийг ч бодолцсон ирэх хавар “гэсэх” намуудын улстөржилт эрх баригчдад том цохилт болно.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээр өчигдөр парламентыг тараах тухай асуудлыг хэлэлцээд цэг тавьсан бололтой. УИХ-ын зарим гишүүнээс “Тарах асуудал юу болов” хэмээн асуухад “Больчихлоо” гэж товч хариулж байв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч “Гишүүдийн тоо хүрээгүй болохоор энэ асуудлыг хойшлуулья гэдэг нэгдсэн шийдэлд хүрсэн. Нэгдсэн шийдэлд хүрсэн учраас дахиж энэ асуудал яригдахгүй гэж ойлгож болно” гэжээ. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын  нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган явуулж яагаад болохгүй гэж гэсэн яриа болсон. Намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Тийм учраас асуудлыг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд  саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцлоо. Энэ асуудал  дахин яригдахгүй гэж ойлгож болно” гэсэн байна.

Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах асуудалд тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцжээ. Ингээд тус асуудлаар АН-ын зөвлөл зөвшилцөх санал тавьсны дагуу зөвшилцсөний дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж буйгаар бол АН-аас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газартай уулзаж байж шийдвэр гаргах аж. Ингээд УИХ-ыг тарааж сонгууль явуулах, Ард нийтийн санал асуулга явуулах асуудлууд бүдгэрлээ. УИХ дахь МАН-ын бүлэг өдгөө 64 гишүүнтэй. Тэд нэгдсэн шийдэлд хүрсэн бол эцсийн шийд гарсан гэж ойлгож болно. Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн байдаг. Энэ өнцгөөс харах юм бол парламент тарах нь төр тарна гэсэн үг. Тэгвэл эрх баригчид төрөө тараахгүй байхаар шийджээ.

Ж.БАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top