Тойрог томрох уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын албан ёсны сайтад нийтэлсэн байна лээ. Мэдээж хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал бол ирэх оны төсөв. Дараагаар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийджээ. Үүний дараа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулсан байна. Эрх баригчдын хувьд АН-ын засаглалын үед батлагдсан Сонгуулийн тухай хуулийг задлах ёстой, гурван төрлийн сонгуулийг нэг хуулиар явуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлээд удаж байгаа. Ирэх оны төсвөө хэлэлцсээр байтал арванхоёрдугаар сар хүрчих байх. Ерөнхийдөө сонгуулийн хуулийг он солигдох дөхүүлээд өөрчилдөг.

Нэг талаас сонгуулийн хуульд гар хүрэх бол зургаан сарын өмнө хийх хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн туршлагаас харахад цагийг нь тулгаж хуулийн “хайчинд” хавчуулагдсан байдлаар хүч түрэн баталсан нь олон. Дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал орсон өдрүүдэд олны анхаарлаас ч зайдуухан хийчихдэг. Энэ жишгээр өмнө нь өөрчилж байсан. Өдгөө ч хийхээр зэхсэн шиг байна. Харин ямар хувилбар сонгосон бол.
 
2020 оны УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хувилбараар яригдаж байна


Хуулийн төслийг боосон, удахгүй өргөн барина гэсэн яриа Төрийн ордонд гарчээ. Ингэхдээ томсгосон мажоритар буюу “аймаг нэг тойрог” гэсэн хувилбар дээр тогтсон тухай “чих дэлсэж” байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс шалтгаалан хүлээлтийн байдалтай байсан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох эсэх нь эргэлзээтэй болчихсон ийм үед сонгуулийн хуулиа хэлэлцээд явъя гэж шийдсэн болов уу. Эрх баригчдын хувьд “Улс нэг тойрог” гэсэн хувилбарыг нэг хэсэг ярьсан. Нэг үгээр нам бүрээс гаргасан 76 нэр дэвшигчийн жагсаалтаас иргэд нэг нэрийг л сонгоно гэсэн үг. Ингээд саналаар тэргүүлсэн 76 хүн парламентад сонгогдох зарчим л даа. Хэрэв ийм хувилбараар явбал 500-600 хүний жагсаалт гарах нь наад захын асуудал болно. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд зохион байгуулалтыг хангах, үгүй ядаж саналын хуудсыг ямар байлгах тал дээр асуудал үүсч таарна. Нөгөө талаар нэг тойргоор сонгуульдвал олны танил хүмүүс илүү жин дарна. Тийм болохоор дуучин, бөх, популист гээд зүсэн бүрийн үхрийн бөөр шиг парламент болно гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гарч байлаа.  Дээр нь өнөөгийн парламентад байгаа МАН-ын гишүүдийн “60 тэрбум”, “ЖДҮ”-гийн дуулиан нь улс нэг тойргоор сонгууль явуулахад өөрсдөд нь ашиггүй тусна л даа.

Иймээс ч боловсруулаад байгаа хуульд томсгосон мажоритар хувилбарыг сонгосон талаар яриа гараад байгаа юм. 2012 оны сонгууль ийм зарчмаар явж байлаа. Уг сонгуулиар төрийн эрхэнд гарч ирсэн АН-ын хувьд 2016 оны сонгуулийг жижиг мажоритар буюу 76 тойргоор хийхээр өөрчилсөн. Харин өнөөгийн эрх баригчид үүний эсрэгээр хийхээр шийдсэн бололтой. Намын жагсаалтын асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тохиолдолд пропорционал хувилбар сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Тэгэхээр том мажоритар, бүсчилсэн тойрог, жижиг мажоритар, улс нэг тойрог гэсэн хувилбаруудыг ярьж байлаа. Улс нэг тойрог хувилбар явуулахад хүндрэлтэй бол бүсчилсэн тойргийг улстөрчид таалахгүй байх. Нэгдүгээрт, өөрсдөө сонгогдох талаасаа бодоход ярвигтай болно. Бас Баян-Өлгий, Ховд, Увсыг нэг бүс болголоо гэж бодъё. Тэгвэл үндэсний цөөнх казах иргэдийн төлөөлөл сонгогдох боломж бүдгэрээд явчихна биз дээ. Тиймээс ч эрх баригчид сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр том мажоритар хувилбарыг өлзийтэйд тооцсон болов уу. 

“Аймаг нэг тойрог” хувилбараас улстөрчид жийрхдэг шалтгаан нь өөрийнхөө намын нэр дэвшигчтэй өрсөлдөх болдог. Нэг үгээр аймаг нэг тойрог гэсэн тохиолдолд бусад намын төлөөллөөс илүү өөртэй нь зэрэгцэн өрсөлдөж байгаа намынх нь журмын нөхөр дэмжигчдийнх нь саналыг хуваана гэсэн үг. 2012 оны сонгуулиар намаасаа мандатаа авч нэг тойрогт хамтран өрсөлдөхөөр хөтлөлцөөд очсон нэр дэвшигчдээс олон хүн дараа нь хамтрагчаа нэг нүдээрээ ч харах дургүй болсон доо. Гэхдээ сайн тал ч бас бий. Тухайлбал, томсгосон тойргоор сонгууль явуулбал 2016 оных шиг “царцааны нүүдэл” болохгүй. Хийхэд их далайц шаардахаас гадна ашиг бага гарна. Далайцтай хийсэн байлаа ч олны анхаарал татаж хэл амнаас зайлах газаргүй болчихно. Мөн томсгосон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн жижиг тойрог буюу хэдхэн суманд анхаарал хандуулж, төсөвт нөлөөлөхөөр гүйхийн оронд шууд том тойрогтоо асуудал шийдэхээр явдаг болно гэх мэт. Гол нь шинэ улстөрчдөд томоосоо илүү жижиг нь ээлтэй байдаг. Үүний жишээ бол өнөөгийн МАН-ын  64 гишүүн юм. МАН-ын гишүүдийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд сайн, муугаараа дуудуулсаар ямар ч байсан олны танил болоод авлаа. Энэ нөхцлөө ашиглаад томсгосон тойрог дээр өрсөлдөхөөр гарч ирвэл жижиг тойрог “усалж” суусан АН-ын горилогчдод хүндхэн тусна гэж тооцсон байж мэдэх юм. Сонгуулийн хуулийг эрх баригч бүр өөрчилдөг. Харамсалтай нь, өөрчлөлт бүр эргээд тооцоолсон шиг нь боломж авчирдаггүй. Харин одоо эрх баригчид жишгээ дагаж сонгуулийн хуулийг өөрчлөхөөр шулуудаад байна. Хэр ээлтэй байхыг цаг хугацаа харуулна даа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochun(122.201.21.5) 2019 оны 10 сарын 03

Emsiin hureelentei zuirlemeer

0  |  0
Я (66.181.181.226) 2019 оны 10 сарын 02

ходоо 30 хотод 20 мандат дээр нь 26 пропорциональ гээд шийдчээд худлаа оньсого таалгаад одоо хийх гэж байгаа ярилцана ч гэх шиг.

1  |  0
Top