Мартаж болохгүй юм, бас мартаж болохгүй хүн гэж байдаг. Амьдарч буй цаг хугацаандаа алд биедээ багтахааргүй их үйлсийг бүтээж, алдар гавьяагаа мандуулж явсан Б.Цог генералын цогтой амьдралын тухай бичвэл нэгэн нүүр байтугай нэгэн ном багадам их ээ. Нэгэн зууны түүхэнд Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Нисэх хүчний түүхэнд тод мөрөө үлдээж, товойх нэрээ сийлээд явсан Монгол Улсын баатар Цогийн амьдрал, үйлсийн тухай хийгээд ямархан өнчрөл хагацлаас ялгуусан баатар болсон тухай өгүүлэх болно.
Ураг төөрөлдсөн амьдралын учиг төөрөг
Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цог нь Ховд аймгийн Алтай суманд 1912 онд Боданчийн голын Улаан эрэг гэдэг газарт Ж.Маамдаа, Ш.Пунцаг нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ламжав, Цог, Ядамжав, Кото, Морх, Норжмаа, Шинэхүү, Шомбон, Валъяа гэсэн есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлд өсөж хүмүүжив. 1920-иод оны намар ууган хүү Ламжав, удаах хүү Цог нарыг аав Маамдаа дагуулан, хүрээ рүү тэмээн жингээр хоёр сар явж, ном эрдэмтэй ламд шавь оруулаад нутаг буцжээ. Дараа жилийн хавар аав нь хүрээнд суугаа хоёр хүүгээ эргэх гээд иртэл лам багш нь нас барсан бөгөөд хоёр хүү нь ор сураггүй алга болжээ. Эцэг нь хөвгүүдээ сар гаруй эрж хайгаад олсонгүй учир аргагүйн эрхэнд нутаг буцав. Голоо тасартал үрсээ санан бэтгэрч асан эцэг амьсгал татахын өмнө гутгаар хүү Ядамжавдаа хоёр ахыгаа заавал олж уулзаарай гэж эцсийн захиасаа хэлж үлдээсэн гэдэг.
М.Ядамжав хүрээ хот орж аавын захиасыг алхам тутамдаа санаж сэрэн, сураглаж явсаар Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Б.Цог гэдэг хүн өөртэй нь тун адилхан болж таарав. Энэ хүнтэй уулзахаар яаман дээр хэд хэдэн удаа очсон боловч оруулсангүй. Тэр бүхний эцэст “Би танай даргатай заавал уулзмаар байна. Уулзуулахгүй бол явахгүй” гээд үүдийг нь сахиад хэвтчихжээ. Аргаа барсан хамгаалагч даргадаа энэ бүхнийг уламжлав. “Таны дүү гээд нэг залуу ирчихээд уулзана гээд байна. Яалт ч үгүй тантай адилхан юм” гэв. Ингэж л ихэр юм шиг адилхан төрсөн ах дүү нар төөрсөн амьдралын учиг зангилааг тайлж, төрөл саднаа олж олон жилийн дараа учран золгожээ.
Тэд Цогийнд очиж шөнөжин ярилцаж, хотод ирээд ямархан зовлон зүдгүүр үзсэн тухай хүүрнэв. Ах, дүү хоёрыг гар дээрээ авсан лам их эрдэм чадалтай том хүн байсан учир бусдад хорлогдсон тухай, ах нь мөн цэргийн хүн болсон тухай, гудамжинд гарч айлаас айл дамжин өдөр хоногийг өнгөрөөж байсан тухай, хэрхэн айлд өргөгдсөн тухай ярьжээ. Хүрээ хийдийн банди зодоон гэх алдарт үймээнд хутгалдаж, ахтайгаа олон хөвгүүдтэй нанчилдаж байтал нэгэн морьтой хүн давхиж ирж салгасан гэдэг. Морьтой хүн хоёр хүүг гэр оронгүйг шалгааж мэдээд “Манайх үр хүүхэдгүй айл, та хоёр манай хүүхэд болох уу? гэж асуужээ. Харж хандах хүнгүй, өлмөн зэлмэн яваа хоёр үг дуугүй зөвшөөрч Төв аймгийн Сэргэлэн сум руу даган морджээ. Морьтой хүнийг Бутач гэдэг ба адуугаа хайж хүрээнд ирсэн биш хоёр хөөрхөн хөвгүүдтэй болоод буцсан санж. Тэрхүү банди нарын үймээнд хутгалдаж, нударга зөрүүлж, шуугиан дэгдээж, тоос манаргаагүй бол морьтой эрэлчин тэднийг олж харж, очиж уулзахгүй байсан сан. Тиймээс үймээнээс өмнөх үзсэн амьдрал ба хойших туулсан үнэн түүхийн мөрөөр түүний намтрыг нэхэн хөөж ийнхүү сийрүүлэв.
Гэтэл түүний намтарт Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн мэт, айлаас айл дамжин зарцлагдаж байсан мэт, Өвөрхангайн үр сад мэт андуу ташаа түүх бичигдсэн байдаг. Өргөгдсөн гэрээсээ сургууль соёлын мөр хөөж, цэргийн сургууль дамжин боловсорч, Монгол Улсын баатар, хурандаа генерал болтлоо улс эх орондоо зүтгэсэн дайчин хүн байжээ. Б.Цог генерал Наталия Николаевна Барсукова гэдэг орос иргэншилтэй украин бүсгүйтэй 1938 онд гэрлэсэн ба дүү М.Ядамжав нь ах дээрээ үе үе сүү цагаан идээ, бяслагтай айлчлах дуртай байв. Нэг удаа ахындаа очтол цагаан идээг нь эхнэр нь хогийн саванд хаячихсан байхыг нь хараад /тэр үед сархад хүртсэн байж таараад/, ахдаа “Танайд дахиж хэзээ ч ирэхгүй” гэж асгам тавьжээ. Цог генерал хамгаалагчдаа “Манай дүүг эрүүл болгоод аваар ир” гэж тушаахад дүүг нь гадаа байсан поошигтой ус руу толгойг нь дүрж эрүүл болгоод явуулсан учир дүү нь ахдаа гомдоод ахиж уулзаагүй гэдэг. Энэхүү түүхийн эх сурвалж М.Ядамжав нь 1997 онд нас барсан ажээ. Яах аргагүй ясан төрөл, цусан барилдлагаа дагаад улсын баатар маань Налайхад амьдардаг төрсөн дүү М.Морхындоо үе үе волга хэмээх ганган машинтайгаа айлчилдаг байсныг хонхорынхон андахгүй хэлнэ.
Түүхийг анхлан өгүүлсэн Налайхын үйлдвэрчний хорооны даргын албыг олон жил хашсан Ядамжав агсны хууч яриаг батлан өгүүлэгч Ч.Болдбаатар болбоос Б.Цог генералын хамгийн бага дүү Валъяагийн төрсөн хүү юм. Валъяа гэдэг охин дүү нь олон насны зөрүүтэй ахыгаа хүрээ рүү явахад төрөөгүй байсан учир амьдралдаа бие биеэ харж амжаагүй ажээ. Цогийн 100 насны ой 2012 онд тохиож, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас Төв аймгийн Сэргэлэн суманд очиж генералын үр хүүхдийг хайгаад олоогүй юм. Тэд эрж сурсаар Ховд аймгийн Алтай сумаас гаралтай гэсэн учиг сэжүүрээс атган хөөж явсаар Валъяа эмээг олж уулзжээ. Өдгөө ганцаар амьд сэрүүн үлдсэн түүний төрсөн дүү М.Валъяа /80 настай/ хүү Ч.Болдбаатартайгаа хамт энэ жил Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойгоор Дорнод аймгийн Чойбалсан хотноо зочилсон юм. Цог генералын сууж асан өрөөг тохижуулж, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр нь нэрэмжит музей байгуулж, Ховд аймгийн 80 жилийн ойд зориулан Цог генералын тухай түүх нийтлэгдсэн номыг түүний нэрэмжит Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангийн музейд үүрд хадгалуулахаар үлдээв. Ийнхүү нагац ахынхаа төрсөн ураг төрлийг үнэн мөнөөр таниулж, эцэг эхгүй, гэр оронгүй хүн байгаагүй юм шүү, удам сайтай, өнөр өтгөн айлын хөвүүн байсан юм шүү гэдгийг ард түмэнд мэдүүлэхийг зорьжээ. Төрсөн дүү Валъяа нь ахтайгаа царай зүс үйлийн үргүй адилхан гэдгийг Цог генералтай ойр дотно явсан улс хараад дуу алдан хэлдэг аж. Түүхийг хэчнээн гуйвуулж болох ч цусан төрлийн хэлхээг хэн ч баллуурдаж үл чадна.
Монгол Улсын баатар нь ширүүн шийдэмгий, авхаалж самбаатай, оюуны чадамж өндөртэй, хурдан түргэн хөдөлгөөнтэй, алсын хараатай, ноён нуруутай, дайчин эрэмгий хүн байв. Хүнд хэцүү амьдралаас өндийн босож хүн төрөлхтөнд БААТАР цолоо мандуулна гэдэг дуртай аавын хүүгийн хэрэг биш ээ. Ийнхүү Б.Цог генералын цогтой түүх буюу ураг төөрөлдсөн амьдралаас улсын баатар болсон түүхийг үргэлжлүүлэн өгүүлсү.
Цог шиг цоролзож явсан цогтой насны гавьяа
Тэрээр хоёр хүүхэдтэй болсон ба хүү, хошууч генерал Ц.Геннадий, охин Ц.Сувдаа /орос нэр нь Светлана/ нар байв. Эхнэр Н.Н.Бурсукова нь маршал Х.Чойбалсангийн эхнэр Гүндэгмаатай ойр дотно байсныг түүхэн гэрэл зургууд гэрчилнэ. Б.Цог нь 16 насандаа Монгол Ардын намын нэгдүгээр шалгалтын комиссын дарга Шагдарсүрэнгийн дэмжлэгтэйгээр Зөвлөлт Холбоот Улсад 1928-1929 онд КУТВ-ын дэргэдэх түр курст суралцав. Төгсөж ирээд 1932 он хүртэл Монгол-Трансын ерөнхий хороонд төлөвлөгөөний хэлтсийн Монгол талыг хариуцсан эрхлэгчийн ажлыг хийжээ. Анх Д.Сүхбаатарын сургуулийн хүүхдүүд шиг жигдхэн гоё хувцастай, бүрээ бөмбөрийн эгшигт ярсхийтэл алхахыг мөрөөддөг байсан хүү энэ хүсэлдээ хөтлөгдөн 1932 оны наймдугаар сард цэргийн албанд сайн дураар явав. Энэ үед ардын хувьсгалд заналхийлсэн дотоодын харгис хүчнүүд Японы империалистууд, Хятадын харгис хүчнүүдтэй хэлхээ холбоо тогтоон, тэдний гар хөл болж байлаа. Иймд цэргийн мэдлэгтэй боловсон хүчнээр цэргийн анги, байгууллагуудыг хангах явдал, МАХН-ын гол зорилго байсан юм. 1932-1933 онд цэрэг, бага даргаар ажиллаж байгаад 1933 онд ЗХУ-д цэргийн сургуульд суралцахаар явав. Москва, Сумы хотуудад 1937 он хүртэл Их бууны дунд сургуульд сурагч, тасгийн дарга, салааны туслахаар суралцаж төгсөөд тус сургуульдаа 1939 он хүртэл курсийн даргын албан тушаалд ажиллахаар үлджээ. Энэ үед Япон, Герман фашистууд ЗХУ-ын хил хязгаарт халдан, өдөөн хатгалга хийж байсан ба эх орны гадаад байдал ч хүнд байв.
Японы түрэмгийлэгчдийн олон удаагийн дайралтаас болж эх орондоо дуудагдав. Маршал түүнийг 1939 оны тавдугаар сард Бүх цэргийн их бууны газрын даргаар ажиллах тушаал гаргав. Мөн сарын эхээр Японы империалистууд Халх голын хил орчмоор халдан довтолж, цөмрөн орж ирлээ. Тэд Монгол Улсыг эзлэн цаашлаад хойд хөршид халдан довтлох санаархалтай байсан учир Зөвлөлт Холбоот Улсын цэрэгтэй хүч хавсран Японы эзлэн түрэмгийллийн эсрэг удаа дараагийн ширүүн тэмцэл өрнүүлэв. Монгол, Зөвлөлтийн цэргүүд тавдугаар сарын сүүлээр Номонхаан, Бүрд овооны орчимд, долоодугаар сарын эхээр Баянцагаанд дайсны танк, нисэх онгоц, моторчилсон анги, явган ба морьт цэрэг оролцсон ихээхэн хэмжээний хүчийг бут цохисон юм. Тэд наймдугаар сарын 20-ноос эхлэн дайсны цэргийг бүслэн авч, бүр мөсөн устгасан билээ. Бүх цэргийн их бууны газрын командлагч Цог нь дайны хүнд үед цэргүүдээ өргөжүүлэн зохион байгуулах, бэлэн байлгах, галт зэвсэг, хэрэгсэл, их бууны ангиудыг шууд гардан удирдаж байв. Б.Цог дайны тухай “Дайнд оролцсон сая сая хүмүүсийн хувьд “байлдаан” гэдэг бол маш хүнд бэрх хүчирхийлэл бөгөөд юуны өмнө хүн өөрөө өөртөө, дараа нь бусдад харгис хатуугаар хандсан юутай харьцуулшгүй, давтан үргэлжилсэн хүчирхийлэл юм” гэжээ. Залуу халуун насаа аймшигт яргалал, шарх цус, дарийн утаан дунд үхлийг сөрөн өнгөрүүлсэн сэтгэл гэдэг эрхтэн хатуужиж, аливаад шийдмэг зоримог, дайчин болдог биз ээ.
Халхын голын байлдаанд оролцсоны дараа цэргийн дээд командлалын шийдвэрээр 1939-1941 онд тавдугаар морьт дивизийн их бууны дивизоны дарга, 1941-1943 онд Хуягт бригадын даргаар томилогдон ажиллаж байв. 1943-1946 онд ЗХУ-д Хуягт танкийн академид суралцаж, сургуулиа онц дүнтэй, алтан медальтай төгсөн ирж 1946-1948 онд Жанжин штабын байлдааны бэлтгэл хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллав. ЗХУ-д суралцаж байх хугацаанд тухайн оронд эх орны дайн болж, 1944 онд тус дайнд гар бие оролцож, Кенигебергийн хавьд хүнд танкийн бригадын даргын албан тушаалд дадлага хийж байв. 1947, 1948 онд Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг Богдод Хасгийн дээрэмчдийг дарах ажилд мөн удирдан оролцож явжээ. 1948-1950 онд Жанжин штабын дарга, 1950-1953 онд Орлогч сайд болжээ. Энэ хугацаанд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож Хөдөө аж ахуйн дээд сургууль, 40, 50 мянгатын барилга, Сүүн заводын барилга, Дарханы өндөр хүчдэл, Улаанбаатарын гурилын комбинат, Сэлэнгийн гурилын комбинат зэрэг олон арван барилга байгууламжийн ажлыг удирдан хийлгэж байжээ.
1953-1956 онд ЗХУ-д Ворошиловын нэрэмжит Цэргийн ерөнхий дээд академид сайн дүнтэй суралцаж төгсөөд 1956-1965 он хүртэл АЦХЭЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Монголын Агаарын харилцааны газрын зохион байгуулагч хийв. 1965 оноос Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Ардын Армийн Жанжин штабын даргын үүрэгт ажлуудыг гүйцэтгэсэн. 1971 оноос эхлэн хатуу хучилттай хар замыг тавиулах ажлыг хавсран эрхэлж, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг олон арван дардан замын эхлэлийг тавьсан түүхтэй. Генерал Цог нь залуу халуун насаа улс эх орныхоо аюулгүй байдалд зориулж, МАХН-ын төлөөлөгчөөр, Ардын их депутатаар удаа дараа сонгогдон оролцож байсан бөгөөд 1939 оны Халх голын байлдааны гавьяаг үнэлж, түүнийг төр засгаар “Алтан гадас” одон, 1946 онд Монгол, Зөвлөлтийн Ялалтын медаль, 1952 онд Байлдааны гавьяаны одон, 1957 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1966 онд Сүхбаатарын одон, 1969 онд МХЗЭ –ийн “Тэргүүний залуу ажилтан” алтан медаль, 1970 онд Лениний мэндэлсний 10 жилийн медаль болон Монгол, Зөвлөлтийн түүхт ялалтын ойн медалиудаар тус тус шагнасан бол түүний байгуулсан гавьяаг үнэлж, 1937 онд дэслэгч, 1939 онд хошууч, 1941 онд хурандаа, 1943 онд ахлах хурандаа, 1961 онд дэслэгч генерал, 1971 онд хурандаа генерал цолоор шагнасан бол 1981 онд Улсын Баатар болжээ.
БНМАУ-н баатар, хурандаа генерал Б.Цог нь 1957-1965 онд БНМАУ-ын Агаарын харилцааны газрын даргаар хавсран ажиллаж байхдаа Монголын Иргэний Агаарын тээврийг үүсэж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1956 онд ЗХУ-д болсон хэлэлцээрт Улаанбаатар Москвагийн агаарын шугам нээх, Монгол Улсад Оросын хүч хөрөнгөөр байгуулсан Буянт-Ухаа, Сайншандын 20 сая төгрөгийн үнэ бүхий нисэх онгоцны буудлыг өөрийн орондоо үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 1957 оноос орон нутгаас гадна олон улсын тогтмол нислэг хийдэг болж, 1961 онд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлыг хатуу хучилттай болгон орчин үеийн агаарын тээврийн том том онгоцыг хүлээн авах болжээ. 1965 онд Нисэх хүчний 40 жилийн ойгоор БНМАУ-ын гавьяат нисгэгч цолоор шагнагдсан Б.Цог хэмээх цогтой эрхэм Нисэхийн тулын гурван чулууг тавилцсан түүхэн гавьяатай. Түүний тухай хүүрнэсэн “Манай Нисэхийн анхны дарга“ хэмээх номд түүний хүү хошууч генерал Ц.Геннадий нь мөн ЗХУ-д маршал К.В.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн тухай тэмдэглэжээ. Өдгөө Ц.Геннадийн хүүхдүүд нь Унгарт амьдардаг ажээ. Цог баатрын үр хүүхдээс охин Ц.Сувдаа нь гэр бүлийн хамт Унгарт амьдран сууж байгаа билээ.
Эрийн зангаргатай эх орны хүү
Хошууч генерал Т.Алтангэрэл түүний тухай дурсамждаа “1966 оны наадмын үеэр аймшигт үер буусан юм. Тэр өдөр би ЗХЖШ-т хариуцлагатай эргүүлд гарч байлаа. Тэгэхэд Б.Цог генерал гэртээ харилгүй, хувцсаа ч солилгүй бүтэн долоо хоног усан дотор байсан. Хувь хүнийхээ хувьд догшин ширүүн шинжтэй, ер нь эрэмгий, шуурхай, шийдэмгий хүн байсан даа. Тийм ч учраас төр засгаас олон шагнал хүртэж, Д.Сүхбаатарын одонгоор таван удаа шагнуулж байсан нь ямар хүн байсны тод илэрхийлэл юм. Цэрэг дайчид, жирийн хүмүүс, ард олонтой маш эелдэг дотно харьцдаг, тэдний ахуй хангалт, эрүүл мэндэд онцгой анхаардаг, их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байсныг мэдэх хүн цөөнгүй байгаа даа” хэмээн дурсжээ.
Домог мэт яригдах энэ эрхэм 78 насандаа тэнгэрт халих хүртлээ Монгол Ардын армийн бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, армийн байлдааны бэлэн байдал, цэргийн бэлтгэлийг дээшлүүлэх талаар асар их бүтээлч ажил өрнүүлж, хариуцлагатай өндөр албыг хашиж байлаа. Үр хүүхдэдээ “нүдээрээ харж, ухаанаараа ойлго” гэдэг үгийг давтан сургадаг байсныг түүний хүү Ц.Геннадий дурсан тэмдэглэжээ. Цог генерал гангархаж дэгжирхээд байдаггүй бүдүүн боргил эр боловч хариуцлагыг дээд зэргээр шаарддаг хахир хатуу хүн байсныг дараах түүхээс харж болно. Генерал Цогийг цаг үеийн ярвигтай, хүн хүч шаардсан, хүссэн бүхэн удирдаж чадахааргүй, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, сахилга батыг сайжруулах шаардлагатай газарт явуулахад тун амархан асуудлыг шийдэж дэг журамд нь оруулдаг удирдагч байжээ. Тэр ч бүү хэл гал, усны гамшиг, зуд турхан, хар зам, төмөр зам тавих, цэргийн анги шинээр байгуулах, хамтарсан томоохон хээрийн сургууль удирдах зэрэг ажлыг төр засгийн хүссэн хэмжээнд биелүүлдэг дайчин байв. Бие нь бага ч бэлчээр нь том, эрийн зангаргатай эх орны хүү байсан юм. Тэрээр уураг сүүгээ амлаж хүн болох аз заяаг хайрласан, учиг төөрсөн амьдралаас эргээд олоогүй ижий, аав Ж.Маамдаа, Ш.Пунцаг нартайгаа тэнгэрийн орноо учран золгож, учирлан хүүрнэж, уйлан тэврэлдэж суугаа биз ээ. Ай хүний амьдрал гэдэг юутай ээдрээ нугачаатай атлаа эгэлгүй гайхамшигтай ертөнц билээ л.
/Б.Цог генералын дүү М.Валъяа Халх голын ялалтын 80 жилийн ойн үеэр/
Сэтгэгдэл ( 5 )
1963 оны онгоцны ослын гол буруутан, 44 хүний аминл хүрчихээд ял аваагүй хэрэгтэн шүү дээ
1963 оны онгоцны ослын гол буруутан, 44 хүний аминл хүрчихээд ял аваагүй хэрэгтэн шүү дээ
1963 оны онгоцны ослын гол буруутан, 44 хүний аминд хүрчихээд ял аваагүй хэрэгтэн шүү дээ
х/ген Ц.Геннадийтай 1984-85онд МУИС цэр/тэнхимд хамт ажиллаж байв
Гённадийн охин их сургуульд надтай сурч байгаад унгар явсан. Монгол хэл мэдэхгүй тул би оросоор орчуулж өгч байж билээ.