Монголын утга зохиолд оюутан ахуй цагтаа цахиур хагалан орж ирсэн цөөхөн яруу найрагчдын нэг яах аргагүй Оюунцэцэгийн Цэнд-Аюуш хэмээх залуу юм. Тэр жилийн “Болор цом” наадамд яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасартай гурвантаа оноо тэнцэн аман хүзүүдэж байлаа. Түүнээс хойш утга зохиолын хүрээнийхнээс эхлээд ард түмний хайртай найрагч болсон билээ. Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын цом өргөж амжаагүй ч хэдэнтээ айрагдсан түүнийг цомын эзэн болоход тун ойрхон яваа яруу найрагч хэмээн нэрлэдэг. “Өглөөний сонин”-ы уншигчдын хүсэлтээр Монгол зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэе.
-Цас, бороо сүлэлдэн орж, навчис ганц нэгээрээ мөчрөөсөө тасран хийсээд л намар цаг цаанаа л нэг хөндүүртэй санагддаг. Яруу найрагчийн зүрх, сэтгэл намар цагийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Бид ертөнцийг мартсаар явахад дахиад нэг намар ирчихжээ. Навчис ямар хурдан шарлаж, салхинд сэнсэрнэ вэ. Шувууд үймэлдээд л буцсан. Хармаар байсан ч харж болдоггүй, буцах шувуудыг харж болдоггүй гэдэг. Өвгөдийн үг их үнэтэй шүү. Намар гүн ухааны улирал юм даа. Дурсамжууд бодогдсон, дахиад дурсамж бүтээсэн, ажиглаад суугаад л баймаар, суугаад л баймаар тийм улирал. Магад ертөнцийн хамгийн сайхан улирал байх.
Байгаль дунд байвал намрыг хамгийн ихээр таньж мэдэж, бас түүнд зүрх сэтгэлээ өгөх байх, бид. Он жилүүд улиран одож байна. Дахиад хэзээ ч ирэхгүй он жилүүд. Энэ л он жилүүдийг, энэ л олон намруудыг хожим сайн, сайхнаар дурсах юмсан. Бидний амьдрал ердөө л дурсамж бүтээх.
-Яруу найрагчдын олонх нь намар цагт уран бүтээлээ түлхүү туурвидаг гэж ярьдаг. Таны хувьд яруу найраг, намар хоёр ямар сэжмээр холбогддог вэ?
-Ах нар намар голдуу шүлгээ бичдэг гэж ярьдаг. Номын их ах Арлааны Эрдэнэ-Очир минь намрыг “Тунгалаг гунигийн улирал” гэдэгсэн. Номоо ч тэгж нэрлэсэн. Тийм ээ, намар “Тунгалаг гунигийг улирал”. Гэхдээ би намар нэг их бичдэггүй. Хавар, зун, намар гуравт санаагаа тэмдэглээд л явдаг. Гол усны шуугилдах чимээ, ой моддын шивнэлдэх чимээ, үүлсийн хоосон чимээ, гэрлийн өнгөтэй чимээг өөртөө хураахыг хүсдэг. Ертөнцийн гоо сайхныг сэтгэлдээ гэрэл зураг шиг буулгаж авахыг хүсдэг. Тэгээд цас нэвсийтэл бударсан өвлийн шөнүүдэд лаагаа асаагаад ширээндээ суугаад байна. Гарч тамхи татна. Унаж байгаа цасан дотор хэсэг зогсоно. Буцаж ороод сууна. Намрыг, зуныг, хаврын цаасан дээр дурсана...
ХУУРАМЧ ХУВЬСГАЛЧИД ШИГ
ХУГАРХАЙ ТУГ БАРИАД Л ШҮЛСЭЭ ҮСЭРГЭХИЙГ ТЭД ХҮСЭХГҮЙ БАЙГАА
-Уран бүтээлчид нийгмийнхээ дуу хоолой болох ёстой гэдэг. Уран бүтээлч, яруу найрагчид энэ үүргээ хангалттай гүйцэтгэж чадаж байна уу. Нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг яруу найрагчдын үндсэн үүргийн нэг мөн үү. Эсвэл онгодоо дагаж бүтээлээ туурвих ёстой юу?
-Энэ нийгэм яруу найраг унших нийгэм биш ээ. Ном ч уншихгүй нийгэм. Энэ нийгэм бол утсаа л мааждаг нийгэм. Нэг нэгнээ муулдаг, матдаг, гүтгэдэг хачин нийгэм. Заримдаа 1937 он эргээд ирчихсэн ч юм шиг. Тэр тэгсэн гэнэ гээд л фейсбүүкт нэг нь юм биччихээр хэдэн мянгаараа харааж зүхэх юм. Хэн ийм эрхийг өгсөн юм бэ. Түүний цаана хүний амьдрал, хүний сэтгэл зүрх байгаа гэдгийг огт мэдэхгүй. Ямар ч их анаж, занаж явдаг улс байдаг юм бэ. Бүх юм хязгаартай шүү дээ. Амьдрал ч хязгаартай. Бусдыг хараан зүхсэн хүний зүрх сэтгэл үзэн ядалтаар дүүрч, зовж байдаг. Энэ сайхан цаг хугацааг тэгж дэмий зовж өнгөрөөж байснаас сайн, сайхнаар өнгөрөөвөл ямар вэ, тийм ээ. Яруу найрагчид бүтээлээ туурвиж байгаа, удахгүй хүмүүс утаснаас залхах байлгүй дээ. /Инээв/
-Танай үеийнхэн ёстой л “сүрэглэн” утга зохиолд орж ирж байсан даа. Нэлээд хүчтэй цахиур хагалах нь гэж яригдаж байсан ч нам гүмхэн болчихсон мэт санагдах юм. Хувийн амьдралаа хөөгөөд уран бүтээлээсээ холдоцгоосон юм болов уу?
-Манайхан тус тусынхаа байшинг барьж байна. Удахгүй уран бүтээлүүдээ дэлгээд эхэлнэ. Уран зохиол өөрөө уналтад орчихсон байна шүү дээ. Минийхээр бол зохиолчид нь муу болоод унаагүй. Нийгэм нь өөрөө ийм, өдөржин бухимдсан хүмүүс орой очоод нэг ном дэлгэж, нэг сайхан шүлэг, өгүүллэг уншихын оронд дахиад л нөгөө хулгай, зэлгий хийсэн хүмүүсээ зурагтаар хараад, хараагаад суудаг. Миний үеийн мундаг залуус, дан уран зохиолынхон ч гэлтгүй шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын шилдэг залуус энэ цаг үеийг мэдэрсэн байх. Тэгээд хуурамч хувьсгалчид шиг хугархай туг бариад л шүлсээ үсэргэхийг тэд хүсэхгүй байгаа. Харж байгаарай хэдэн жилийн дараа энэ үймээн, самуун намжихаар бидний үеийнхэн гараад л ирнэ. Харин ч нэг гарч ирсэн шиг гарч ирнэ.
АГУУ ИХ АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИРЫН ӨВӨР ДЭЭР
МАНАЙ ҮЕИЙНХЭН ӨСЧ ӨНДИЙСӨН, ЭНЭ ҮНЭН
-Яруу найргийн олон сайхан оргилууд орчлонгоос буцлаа. Энэ гунигт мэдээг сонсох бүрт өр зүрх халуу дүүгэн шатдаг. Дэндүү их гуниг нөмөрдөг. Тэдний үлдээсэн он цаг, орон зай үгүйлэгдсээр л. Тэдний тухай ямар бодол тээж явдаг вэ?
-Хэцүү сэдэв л дээ. Бидний нөхөрлөл мөнгө төгрөг, ашиг сонирхол дээр тогтдоггүй. Хорвоо дээр эрчүүдийн нөхөрлөл хэрэгтэй, ах дүүсийн нөхөрлөл хэрэгтэй. Ах нар бид нарын нөхөрлөл тийм л нөхөрлөл байсан. Цаашдаа ч дурсамж дотор байсаар ч байх болно. Долгорын Нямаа ах, Бавуугийн Лхагвасүрэн ах, Арлааны Эрдэнэ-Очир ах, Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах, Ишдоржийн Цэрэнжамц ах, Бороохойн Батхүү ах, Баттөрийн Мягмаржав ах, Лхамсүрэнжавын Ганзул ах... Тэд маань одоо тэнгэрт Инжинаш, Равжаа, Нацагдорж, Явуухулан, Нямсүрэн нартай мөнгөн жүнз тулгаж, үүл хөлөглөн үүрийн гэгээ, үдшийн саран дээгүүр наргиж яваа байх. Тэд минь диваажинд байгаа. Удахгүй эргээд ирцгээнэ.
-Танай үеийнхэн Арлааны Эрдэнэ-Очир гэж гайхалтай найрагчийн өвөр дээр эрхэлж өссөн гэж хэлж болохоор тийм ойр явсан. Өнгөрөгч өвөл харин ахынхаа гүйцээж амжаагүй номын жинг нь тээсэн. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Агуу их Арлааны Эрдэнэ-Очирын өвөр дээр манай үеийнхэн өсч өндийсөн, энэ үнэн. Ах минь эдийн шуналтай хүн биш эрдэм, авьяасын шуналтай хүн байсан юм. Тиймдээ ч төрсөн нутаг руугаа тэмээгээр номын жин тээх тухай олон жил мөрөөдсөн. Яг явдагийн даваан дээр чадаагүй, тийм л юм болсон. Дүү нар нь харин ахынхаа хүслийг гүйцээж, дүн өвлийн дунд сард Дорноговийн Улаанбадрах руу номын жин тээсэн. Одоо удахгүй Арлааны Эрдэнэ-Очир сангаас “Тунгалаг тэнгэрийн дор” нэртэй Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очирын хос цомгийг хэвлүүлэх гэж байна. Энэхүү цомогт агуу Арлааны Эрдэнэ-Очир 15 сонгомол шүлгээ өөрийн дуу хоолойгоор уншсан байгаа. Манай уншигчид хайртай найрагчийнхаа дуу хоолойг үгүйлж, санаж байгаа байх. Мөн түүний “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Хайрын төөрөг” зэрэг түмний дуртай дуунууд орсон байгаа.
-Арлааны Эрдэнэ-Очир агсанд хүмүүсийг татах онцгой чадвар байсан шиг байгаа юм. Шүлгээ уншиж байгаа нь хүртэл голын харгиа чимээлэн урсаж буй мэт цаанаа нэг уянгатай. Та бүхэнд юу гэж захиж зөвлөдөг байсан бэ?
-Хүнийг үгүй болсон хойно нь магтаалаар булдаг нь Монгол хүний зан, тийм ээ. Гэхдээ ах минь арай өөр хүн байсан юм аа. Тэнгэрийн иргэн байсан л гэж би хэлнэ. Тэр хүнийг бусдыг муу хэлж байхыг байтугай хараалын үг хэлж байхыг нь сонсоогүй дээ. Эр хүн, ах хүн гэж тийм л байдаг байх. Шүлгээ уншиж байгаа нь, шүлгээ бичиж байгаа нь, инээж байгаа нь, тэр байтугай дуулж байгаа нь, уудам их талын салхинд зогсоод талын бүргэд шиг гараа алдалж байгаа нь тантай ярилцаж байгаа энэ эгшинд ч харагдаж байна. Би, бид сайхан ахтай байсан юм шүү. Манай үеийнхэн алгын чинээ биш талын чинээ яруу найрагчийн дэргэд өсч, өндийсөн юм чинь дүү нар нь ахынхаа урмыг хугалахгүй байх аа. Ах минь их олон юм яриад байхгүй, элдэв “изм”, урсгалын тухай бүр ч дуугарах дургүй хүн. Сүүлд хэлсэн нэг үг нь санаанд их тод байна. “Би чамайг тоолоо, болоо юм биш үү, дуугүй урдахаа бич” гэж билээ /Инээв/.
Яруу найрагчдын гоо сайхан сэтгэл зүрхэнд нь бий
-Яруу найраг залуу насных гэж ярих хүмүүс олон бий. Залуу насандаа шүлгээ бичиж, тохь суугаад үргэлжилсэн үгийн бүтээл рүү ордог гэх нь бий. Та шүлэг бичихээс гадна ямар төрлөөр бүтээл туурвиж байна вэ?
-Магадгүй тэгдэг байх, янз бүр л байх. Кино зохиол нэлээд нухсан. Үргэлжилсэн үг, богино өгүүллэг их гоё шүү дээ. Зарим ах нар маань эрт бичих гэж яарах хэрэггүй, үргэлжилсэн үг бол амьдралын туршлага, ухаан заадаг төрөл гэсэн. Ах нарын зөв байх. Бид чинь ах нарынхаа үгийг их сонсоно. Монголын яруу найрагт уламжлал гэж нэг юм байна. Тэр уламжлалыг дагах ёстой. Тийм учир ах нарын үг алтаа, алт.
-Уран бүтээлийн номоо хэзээ хэвлүүлэх вэ. Сураг тавьсан хүмүүс багагүй байна лээ?
-Тийм үү. Гоё сонсогдож байна, баярлалаа. Дөхөж байгаа. Удахгүй хэвлүүлнэ. Өөрийн яруу найргийн номын зэрэгцээ Арлааны Эрдэнэ-Очир ахдаа зориулж дүүгийн хувьд ном бүтээх ажил бас байна. Ахын тухай сайхан дурсамжуудаар ном хийнэ ээ. Арлааны Эрдэнэ-Очир гэдэг хүн мартагдах ёсгүй юм.
-Яруу найрагч хүн ямар байх ёстой вэ. Хуучин цагт үсээ ургуулсан, нанчид хүртсэн түгээмэл дүр зураг байсан. Одоо харин өөр болсон гэлцэх юм?
-Яруу найрагчдын гоо сайхан сэтгэл зүрхэнд нь бий. Гадаад төрх нь ямар байх тийм ч чухал биш. Бас яруу найрагчид гэхээр архи их уудаг хүмүүс гэж ойлгодог. Би үүнд дургүй. Би хувьдаа нэгнийхээ ам руу хүчээр шилтэй архи цутгаж байгаа яруу найрагч хараагүй. Харин тийм дарга нарын зураг үзсэн.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сонины хамт олонд амжилт, бүтээл хүсэн ерөөе. Танай уншигчдад урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе. Монгол хүн болгон аз жаргалтай байгаасай.
Яруу найрагч О.Цэнд-Аюушийн цоо шинэ бүтээл, энэ онд тэрлэсэн хоёр шүлгийг толилуулъя. Та анхны уншигч нь болж байгаа юм.
ЭХ ОРОН, АРД ТҮМЭН, ХҮН ТӨРӨЛХТӨН
Гөрөөсөнд чинь үзгээрээ л хүрдэг шүү эх орон минь
Бахардаад унасан амьтны хүзүүг нь мушгиж
Баатар болдог чинь үзэгдээд л байдаг шүү, Ард түмэн минь
Бугын чинь цусан эвэрт үгээрээ л хүрдэг шүү эх орон минь
Улаан шүрэн эвэртэй тэр сайхан амьтдыг
Угаар нь хөрөөдөх чинь мэдрэгдээд л байдаг шүү, Ард түмэн минь
Булаг, суусарын чинь торгон үсэнд би
Нүдээрээ л хүрдэг шүү, эх орон минь
Амьдаар нь хуулж өмссөн хувцаснаас чинь
Арьсаа харамлан чарлах дуу сонсогдоод л байдаг шүү, Ард түмэн минь
Хандгайн чинь зөөлөн уруулд би
Хайраараа л хүрдэг шүү эх орон минь
Халбага сэрээ гялалзсан дээдсийн зоогноос
Уруулгүй болсон хөөрхий амьтны
Урагдаад үлдсэн шүднүүд
Харагдаад л байдаг шүү Хүн төрөлхтөн минь
2019 он
***
ЧИНИЙ ТУХАЙ ТАВАН БАДАГ
Чиний ганцхан үс дэрэн дээр хэвтэх нь
Уул толгодын дээрээс унасан шөнүүд
Утас шиг нарийхан болчихоод
Урагдсан зүрхийг минь оёх гэж байгаа юм шиг
Чиний гунигтай нүд дэргэдээс ширтэх нь
Намрын бүх навчис мөчрөөсөө тасарч
Над руу хийсч ирээд хацар, нүүр, цээж рүү минь унаж
Хавар болохоор ургах гэж байгаа юм шиг
Чиний ер бусын гоо үзэсгэлэнт царайнаас
Ертөнцийн бүх хун нисч над дээр буух гэж байгаа юм шиг
Бууж чадахгүй зовж байгаа юм шиг
Буцаж чадахгүй эцэж байгаа юм шиг
Чиний халуун гар уруул илбэх нь
Орчлонгийн бүх гол мөрөн алганд чинь оршиж
Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн миний дээгүүр урсах шиг
Урссаар урссаар нуур болон над дээр тогтоод
Усны шувуудыг буулгах гэж байгаа юм шиг
Чиний ганцхан үг сэтгэлд бодогдох нь
Уул толгодын дээрээс уруудаж ирэх өдрүүд
Уудам их болчихоод
Шимширсэн зүрх рүү минь
Шингэх гэж байгаа юм шиг
2019 он
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Булаг, булга хоёроо яруу найрагч нь андуурав уу, ядруу сэтгүүлч нь эндүүрэв үү?!
Хөнгөхөн л ярилцлага болж дээ...\n
Minii duu sain yuvna aa tegeh estoi yumaa mongol ornii ner nuur bolj yuvaarai\n\n\n
Сайхан шүлэг бичдэг шүү.харин тэр болор цом момд түрүүлсэн шүлгүүдийг нь ёстой мэдэхгүй юм байна
Бид сайхан найрагч ах нарын гар дээр өсөж өндийсөн хойч үе маань бас тийм байх ёстой гэж бодохоор хийх бүтээх юм мөн ч их байна даа
САЙН ХҮНИЙГ САЙН ЯРУУ НАЙРАГЧ ГЖ ОЙЛГОХ БУРУУ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ ШҮҮ? АРЧААГҮЙ АРХИЧИН ЗАЛХУУ ХҮНЭЭС САЙН ЯРУУ НАЙРАГ ТӨРСӨН ТОХИОЛДОЛ ЗӨНДӨӨ БАЙДАГ. ЯМАР Ч САЙН НАЙРАГЧИДЫН БҮТЭЭЛИЙН 80% НЬ МУУ БАЙДАГ ХАМГИЙН МУУ НАЙРАГЧИЙН БҮТЭЭЛИЙН 1% НЬ САЙН БАЙДАГ