Хөгжлийн гурван тулгуур ба тушаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

“Сайн сэтгүүл зүйгээр нийгэм өөрөө өөртэйгээ ярьдаг” гэдэг эшлэлийг “Балдорж” сангаас сэтгүүл зүйн 2019 оны шилдгийг тодруулах ёслолын үеэр нэгэн эрхэм хүндэтгэлийн индрээс тодхон өгүүлсэн нь олон зүйлийг тогтож, тодотгож бодох сэдлийг өгсөн юм.

Нийгэмд чухам ямар асуудал тулгамдаж байгааг, ард иргэд юуг яаж бодож байгааг, тэдний өмнөөс бодлогын зохицуулалт хийх үүрэг хүлээсэн төр, засаг ямар гарц, шийдлийг хэрэгжүүлж байгааг судлан сурвалжилж нийт дунд нь дэлгэн харуулдаг том толь бол яах аргагүй сэтгүүл зүй.

Сэтгүүл зүй гэх энэ том толинд ямар тусгал, санаа бодол илүү тодрон томорч харагдаж байгаад анализ биш юм гэхэд ажиглалт хийх боломжийг “Балдорж” сангийн шалгаруулалт олгодог.

Энэ салбарын багш, судлаачдад, нөгөө талаас нийгмийн шинжээчдэд “нийгэм өөрөө өөртэйгээ чухам юу ярьж байгааг” анзаарах бололцоо гэсэн үг.  Энэ онд “Хүрээлэн” төслийн бэлтгэн хүргэдэг байгаль орчин, экологи, адал явдал, аяллын нэвтрүүлэг, нэг үгээр багцалвал танин мэдэхүйн төрөл шилдгээр нэрлэгдлээ. Олон үзүүлэлт, шалгуур, учир шалтгаанаар ийн шүүгдсэний эцэст “оны шилдэг юм аа” гэж хүлээн зөвшөөрөгдсөн нь гарцаагүй ч миний хувьд тэдгээрээс нэг онцлогийг нь энд татан ярих гэсэн юм. “Хүрээлэн” төслийн нэвтрүүлгүүдээс байгаль ертөнц, ан амьтан, уул ус, ургамал, тэдгээрийн зүй тогтол нэгдэн нийлээд ямархан гайхамшиг, гоо үзэсгэлэнг бүрдүүлж байгааг л үзэгчид олж хардаг. Бас бидний хөгжил байгальд хэрхэн нөлөө үзүүлж байгааг ч эргэцүүлэн бодох шалтгийг өгч байдгийг ч хэлэх ёстой.

Тэгвэл өнгөрсөн 2018 оны шилдэгт уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчинд, тухайн нутгийн уугуул иргэд, малчдад ямар асуудал үүсгэж байгааг судлан сурвалжилж, нэлээд сөрөг шүүмжлэлт байр суури­наас хандсан нийтлэл, нэвт­рүүл­гүүд нэлээн жин дарж байсан. Тийм ч учраас “Гран при” шагнал ч мөн байгаль орч­ныг хамгаалах, уул уурхайн үйлдвэрлэлд бодол, болгоомжтой хандах үзэл санааг асуудал болгон дэвшүүлсэн сэт­гүүлчдийн хамтын цуврал бүтээлд олгогдсон юм. Аль редакцийн хэний бүтээл шилд­гээр нэрлэгдэхийг амьсгаа даран хүлээдэг салбарынхан лав л өнгөрсөн жилийн шалгаруулалтын дараа “анти-уул уурхай” үзэл санаа, “босоо хөх” бүлгэмийн байр суурь... шиг... энэ чухам юу болоод байна вэ гэсэн үг яриа өвөр зуур дамжиж байлаа.

Өнөөдрийн сэтгүүл зүйн хөгжлийн өнгө аяс, чанар чансаа, чиг хандлагыг бүхэлд нь харуулж чадах “Балдорж” сангийн шалгаруулалтаас би юу ажиглав аа? Сэтгүүл зүйгээр дамжуулан нийгэм өөрөө өөртэйгээ ярьдаг гэж үзвэл өнөөдрийн нийгэм юуг ярилцаж байна вэ, юуг ярилцахыг хүсч байна вэ гэдгийг анзаарах гээд үзье.

Монгол Улсын эдийн засаг, төсөвт уул уурхайн үйлдвэрлэлийн өгөөж маш чухал үүрэгтэй болсоор тэрхүү хувь хэмжээ нь жилээс жилд өссөөр ирсэнтэй зэрэгцээд нийгэмд нэр хүнд нь унасаар ирсэн байна. Сэтгүүл зүйгээр дамжуулан нийгэм өөрөө өөртэйгээ ярьж буй нэг том сэдэв нь уул уурхайн сөрөг үр дагавар... байгаль орчны доройтол... уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай зөрчилдөх хандлагын тухай болж ирэв. Тэгээд сэтгүүл зүй “Босоо хөх Монгол” болох юм гэж үү?!

Энэ бүхэн юуг өгүүлж байна вэ?

Монгол Улс сүүлийн гучин жилийн турш улс орны болоод эдийн засгийн хөгжил гэж юу болох, түүнийг хэрхэн яаж авч явах талаар төрийн бодлогын төвшинд хэдэн зуун удаа хэлэлцэн ярьж, улстөрчид нь түүгээрээ сонгуульд өрсөлдөж, эцэст нь  хэдэн арван хууль, бодлогын баримт бичиг баталжээ. Тэр тоолонд давтагдан дурдагдсан эдийн засгийн бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал байлаа. Хамгийн сүүлд 2018 онд өнөөгийн Засгийн газрын үед баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д мөнхүү энэ гурван салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн баталж, түүнийгээ тойрсон зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхойлсон байх аж.

Уул уурхайн салбарын өсөлт, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг удирдагчид сайн тооцсон, тэдгээр тоог нь хэн хүнгүй л тахин шүтсэн. Гэвч тоо томорч, өсч үржсэний цаана бодит байдал дээр ямар сөрөг үр дагавар гарч байгааг бид хэлэлцэх цаг болжээ. Тэгэхгүй бол байгаль орчин, уул ус, нутаг орноо хамгаалах иргэдийн тэмцэл хөдөлгөөн, нөгөө талд сэтгүүл зүйд ч энэ сэдэв томорсоор байх бололтой.

Уг нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2011 онд яг энэ асуудлыг хөндөн анхааруулга, сануулга өгч байжээ. Тус хүрээлэн судалгаанд түшиглэсэн өгүүлэлдээ Монгол Улс салаа замын уулзварт ирээд байна гээд “Эхний зам нь чинээлэг иргэдтэй, ардчилсан төртэй, хүчирхэг эдийн засагтай, сайн засаглалтай, онгон дагшин байгалиа хадгалж үлдсэн оронд хүргэх бол нөгөө зам нь ядуу иргэдтэй, оюун санаа, сэтгэлгээний хувьд боолчлогдсон, авлигад идэгдсэн төртэй, байгаль орчин нь сүйдсэн байх тийм нийгэм рүү аваачих”-аар байна гэжээ.  Бид өнөөдөр энд дурдсанчлан эхний зам руу нь халтираад орчихсон учраас анти уул уурхайн үзэл дэвэрч байж болохыг дахиад ч сануулах ёстой байх. Судалгааны өгүүлэл цааш үргэлжлэхдээ “худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарууд өндөр инфляци болон ханшийн хэлбэлзэл, бэлтгэгдсэн ажиллах хүчнээ уул уурхайнханд алдах, эсвэл алдахгүйн тулд цалингийн зардлаа огцом өсгөх зэрэг хүндрэл бэрхшээл дор үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр салбар уул уурхайн салбарын сүүдэр дор хатаж, мөхөх аюул дор амь зууж байна” гэжээ.

Энэ сануулга юуг хэлж байгааг ч төдийлөн ойлгохгүйгээр дараа, дараагийн бодлогын баримт бичгийг “үйлдвэрлэсээр” байсны нэг нь дээр дурдсан Гурван тулгуурт хөгжлийн бодлого юм. Тэнд “гурван тулгуур” хэмээн онцолсон хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал нэг зэрэг нэгнээ тулж хөгжих битгий хэл нэг нэгнээ татаж унагах зүй тогтолтой, гурвуулаа нийлээд улсынхаа хөгжлийг тулах бололцоо муутай гэдгийг хэн ч бодолцсонгүй. Мэдээж энэ гурван тулгуурын дунд зохицуулга хийх, “хөвөгч” салбаруудыг хөгжүүлж болох ч тэр гурвынхаа харилцаа, хамаарлыг ойлгоогүй бодлого тодорхойлогчид тэр тухай бүр ч бодох сөхөөгүй нь тодорхой юм.

Уул уурхай хүссэн хүсээгүй олборлолтын технологийн тодорхой үе шатандаа байгаль орчныг сүйдэлдэг. Түүнчлэн энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын үр дагаварт орон нутгийн оршин суугчдын эрх ашгийг бодолцолгүйгээр лицензийг үй олноор нь олгосон. Үүнээс болоод малчид бэлчээрээ, өвөлжөө, хавар­жаа, буурь, бууцны газраа уул уурхайнханд алдах, эцэст маргаан тэмцэлдээ хүрэх болсон. Эсвэл газраа чөлөөлж  өгөөд бүгд уурхайн ажилчид болох замыг сонгож байгаа. Хөдөө аж ахуй болон бусад салбар ажиллах хүчнээ өндөр цалинтэй уул уурхайд алдаж байгаа гэдэг дүгнэлт үндэслэлтэйг эндээс харж болно. Энэ зүй тогтол уул уурхай бэлчээрийн газрыг олборлолтын талбай, малчдыг уурхайчин болгож байгаа тохиолдолд нөгөө гурван тулгуурын нэг хөдөө аж ахуй хөгжих үү? Байгаль орчны унаган төрхийг өөрчилж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйг бэлчээр болон малчинтай нь хамт сорч авчихаад байгаа уул уурхай өсөн томрох тусам аялал жуулчлал ч алсдаа агуулгагүй болох аюулд орж буй.

Монголд жуулчид унаган байгаль, уламжлалт нүүдлийн ахуйг үзэх гэж ирдэг. Үйлчилгээ, амралт, ая тухыг сонгох бол Монголоос өөр тийш явах ёстой. Тэгэхээр аялан жуулчлагчдыг татах ялгарал буюу брэнд нь уламжлалт нүүдлийн ахуй, унаган байгаль. Гэтэл уул уурхайтай зэрэгцэн хөгжих замаар аялал жуулчлал брендээ хадгалж үлдэх нь асар эргэлзээтэй. Бололцоотой байлаа ч зөрчил дунд түүнийг олж авах дүр зураг төсөөлөгдөж байгаа биз? Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын салбарт өнгөрсөн 30 жил бэлтгэгдсэн орчуулагч, хөтчүүдийг мөн л уул уурхайн өндөр цалин, өрсөлдөх чадвар өөртөө сорж авсан. Нэг хэсэг тоон үзүүлэлт нь өсөлттэй, өнгө зүстэй явсан аялал жуулчлал бүдгэрсний шалтгаан нь тэр бүхэн.

Ямартай ч өнөөдөр хүчин төгөл­дөр буй бодлогын баримт бичигт нэгнээ тулж хөгжих, хэтдээ улсаа тулж хөгжүүлэх учиртай тэргүүлэн гурван гурван салбар нь ийм л байдалтай байх аж. Хөгжил гэдгээ ойлгох, хөгжлийн чиг баримжаа, бодлогын баримт бичгээ төлөвлөж сурах хүртлээ хэр удаж, хэрхэн төөрөлдөхийг бүү мэд. Өвчнийг зөв оношилж байж сая зөв жороор эмчилдэг.

Түүнтэй яг адилхан. Эхлээд бодит байдлаа хүлээн зөвшөөрөх, түүнийхээ учир шалтгааныг зөв оношлох нь хөгжлийн замаа зөв тодорхойлоход л хэрэгтэй юм даа. Тэр хүртэл нэг хэсэгтээ уул уурхайн өсөлт, хөгжил Монголын сайн ба муу сэдэв байсаар байх биз ээ. Тэгэхээр нийгмийн өөрөө өөртэйгээ сэтгүүлзүйгээр дамжуулан ярилцах сэдэв нь уул уурхайн эерэг ба сөрөг үр дагавар байсаар байх биз.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzandan(66.181.185.19) 2019 оны 10 сарын 04

Undsen huulid libertar uzliig suulgaj og

0  |  0
Top