Саявтархан даа, манай Улаанбаатар хотын нэлээд өндөр зэрэглэлийн, “баячуудын” гэх тодотголтой орон сууцны хороололд болсон хэрэг юм. Тэр хороололд олон хүүхэдтэй нэгэн эмэгтэй цэвэрлэгчээр ажилд орж. Олон охин хүүхэдтэй. Хааяа арай том охид нь ээжийнхээ ажилд ирж тус болдог бол багачууд нь хүүхдийн тоглоомын тоглоно. Тоглоомын талбай нь Монголдоо л яригдахаар цэвэрхэн, аюулгүй “Янзтай” эд л дээ. Нэг өдөр цэвэрлэгч эгч тоглоомын талбай дээр хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглох, арав орчим насны охиноо хараад “Ашгүй дээ, найзуудтай болж” хэмээн баярлаж байхад нь охин гаднаас нүдэндээ нулимстай, хөлсөө цувуулсаар, улаан галзуу гүйн орж иржээ. Учрыг асуувал үеийн хэдэн хүүхдүүд нь түүнийг цэвэрлэгчийн хүүхэд учраас тоглоомын талбай дээр тоглохыг нь хориглож, хөөн гаргасан гэх.
Бас нэг тохиолдол, нөгөөх л хороололд болсон. Ахлах ангийн хэдэн хөвгүүн сагсан бөмбөгийн талбай дээр нь тоглож байв. Гэнэт хорооллын оршин суугч, дөч орчим насны эмэгтэй гарч ирэн “Гэр хорооллын гуйлгачид та нарын тоглодог газар биш. Гудамжиндаа оч. Та нар ирснээс хойш хороололд хулгай гарах болсон. Хулгайчууд...” хэмээн хэл амаар доромжилж, бүр бичлэг хийж нийтийн сүлжээнд тавьсан. Ингэсэндээ тэр эмэгтэй ямар ч хариуцлага хүлээгээгүй. Бүр уучлал ч хүсээгүй.
Энэ мэт жишээ захаас авхуулаад замаар нэг бий. Эмгэнэлтэй нь бид энэ бүхнийг “Надад падгүй” гэж өнгөрөөсөөр өнөөдөр “би” хэмээх өвчинтэй өсвөр үе, залуусын эринтэй золгочихоод байна.
“Нэг гүүрний цаана амьдрахаараа нэлээд баян, хоёр гүүрний цаана амьдрахаар хосгүй баян болдог юм аа” гэх бодолтой хоосон толгойтой охид хөвгүүд, “Хог асгачихвал хийморь нь 20 хувиар багасчих” гээд байгаа залуус, хүүхдээсээ илүү хиймэл хумсандаа санаа тавьдаг бүсгүйчүүд монголоор дүүрчихэж... Ийм харалган байдлыг хэн бий болгосон бэ. Цэвэрлэгчийг ажил биш гэсэн аав, айлын хүүхдийг алагчилж хөөсөн ээж та шүү дээ. Вирус гаргагчид нь бид, түүнийг тээгчид нь үр хүүхдүүд минь гэсэн үг. Вирус хэдийгээр өсч үржих чадваргүй ч, нэг амьд биеэс нөгөөд шилжихдээ тун чиг гаргууд...
Цаг үеэ дагаад хүүхдийн төдийгүй хүний мөс чанар “муудаж” байна гэж ярьдаг. Үнээн. Гэхдээ энэ бол эвлэрээд суух зүйл биш юм. Аливаа өвчнийг анагаах эмчилгээ гэж байдаг шиг “Би” хэмээх өвчний вирусыг дарах вакцин байх л учиртай. Та сайн бодоод үзээрэй...
Сэтгэгдэл ( 2 )
Тийм шүү. Эцэг эх нь өөрсдөө ёс суртахууны доголдолтой байж хүмүүсийг л миний үр хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүллээ гэж чичирцгээнэ.Уул шугамандаа өөрсдөө зөв үзэл бодолтой, хүн чанар гэдэг юмтай байх л том хөрөнгө оруулалт шүү дээ.
үнэн үнэн