Өнгөрсөн мягмар гарагаас хойш Иракт үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 65-д хүрлээ гэж Sky News Arabia мэдээлжээ.
Үүнээс өмнө Иракийн хүний эрхийн байгууллагын захирал Мустафа Саадун жагсаалын үеэр 50 хүн амиа алдаж, 1936 хүн шархдаад байна гэж мэдээлж байв.
Өнгөрсөн мягмар гарагт /2019.10.01/ Багдад эхэлсэн эсэргүүцлийн жагсаал лхагва гарагт бусад муж, хотуудыг хамарсан. Жагсагчид засгийн газраа огцрох, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэхийг шаардаж байгаа юм.
Иракийн эрх баригчид лхагва гарагаас баасан гараг хүртэл Багдад хот болон тус улсын өмнөд хэсэгт интернетийг салгаж, Багдад хот болон Нажаф, Майсан, Зи-кар, Бабил, Васит мужуудад хөл хорио тогтоогоод байна. Ирантай залгаа хилийн боомтуудыг мөн хаажээ. Жагсаал өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Иракийн засгийн газар, жагсагчдад яриа хэлэлцээ хийхийг уриалаад байна. Иракийн шиитүүдийн тэргүүн, парламентын “Саирун” фракцийн тэргүүн Муктада ас-Садр засгийн газрыг огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг уриалжээ.
Нэг жилийн өмнө Иракийн өмнөд хэсгийн Басра боомт хотноо мөн эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байсан бөгөөд тухайн үед жагсагчид ажилгүйдэл, нийтийн ахуйн салбарын доголдлын эсрэг жагсаж байв.
Сэтгэгдэл ( 0 )