Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг "Могойн гол" гэдэг газарт нутаглаж байсан айлын гэрт энэ сарын 3-ны шөнө баавгай орж аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон. Баавгай хүн, малд халдаж буйтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Онцгой комисс баасан гарагт хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Баавгай үзэгдэх болсон бүс нутагт хууль хүчний байгууллагаас хамгаалалт гаргах, баавгайд хоол тэжээл тавьж өгөх, уулнаас бууж ирж буй баавгайг үргээх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын нутгаар уулнаас баавгай бууж ирэх явдал гарсаар байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилоос дээрх асуудлаар тодруулахад “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авч байна. Баавгай үзэгдэх болсон нутаг дэвсгэрт хоол тэжээл тавьж өгөх, уулнаас бууж ирсэн баавгайг үргээх ажлыг зохион байгуулж байна. Шаардлагатай тохиолдолд баавгайг галт зэвсэг хэрэглэж, хий буудах зэргээр үргээлэг хийнэ. Түүнээс буудаж хороох ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Хуулиар хориотой учраас хороож болохгүй” гэлээ.
Ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах хэрэгтэйг сануулж буй юм.
Мөн Хэнтийн аймгийн Цагдаагийн газраас анхааруулга гаргаад байна. “Сүүлийн үед Хэнтий, Сэлэнгэ аймгийн хойд сумдын нутгаар Оросын холбооны улсын нутгаас орж ирсэн баавгай суурин газар болон хөдөөгийн айлуудын ойролцоо ихээр үзэгдэж хүн, мал барьж, айлын гэр буулгасан байна.
Иймд иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Хэнтий, Сэлэнгэ аймгийн хойд сумдын нутгаар явахгүй байх, хэрэв явах бол найдвартай замаар зорчин явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Buugvi bol yahav bas baavgai vrgehgvi bol yahav hvve gehiin zavdalgvi l dairna sh de amidralgvi um yarhiin