Японд зэрлэг баавгайгаас хамгаалахын тулд робот чоныг ашиглаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Японы хойд Хоккайдо арлын Такикава жижиг хот зэрлэг баавгайг суурин газруудад нэвтрүүлэхгүйн тулд робот чоныг ашиглаж эхэлжээ. Сүүлийн үед хотын захуудад зэрлэг баавгай ихээхэн үзэгдэх болж, оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл учруулах болжээ. Тус хотын захиргаа робот чоно авч байрлуулснаас хойш баавгай дахин үзэгдээгүй байна.

Японы NHK сувгийн мэдээлснээр, тус улсын баруун болон хойд нутгуудад зэрлэг баавгай сүүлийн таван жилд байгаагүйгээр олон тоогоор, ойр ойрхон үзэгдэх болжээ. Энэ онд гэхэд баавгай хүн рүү дайрсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүний аминд хүрч байжээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд Японы Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, аюулыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна.

“Чоно Мангас” нэртэй роботын гаднах төрх нь чонотой төстэй. Эл робот бие нь үсээр бүрхэгдсэн, шар өнгийн дэлтэй, улаан гэрэлтсэн нүдтэй. Хөдөлгөөн мэдрэгч нь идэвхжихэд робот чоно толгойгоо хөдөлгөж, гэрэл асааж, чоно улих, машин техник дуугарах зэрэг 60 өөр янзын дуу авиа гаргадаг байна. Эл роботыг бүтээсэн зохион бүтээгч Охта Сейки 2018 оноос хойш нийт 70 орчмыг борлуулжээ.

Японы жинхэнэ чоно тус улсын төв болон хойд хэсгээр нутагладаг байсан бөгөөд нэг зуу гаруй жилийн өмнө их хэмжээний ан авын улмаас устаж үгүй болжээ. Энэ жил самар, боргоцой бага ургасан учир арваннэгдүгээр сарын сүүлээр ичихээсээ өмнө идэш хоол хайсан баавгайнууд суурин газарт ойр ирэх болсон гэж Такикава хотын мэргэжилтнүүд үзэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top