ОХУ-д нэг сарын дотор баавгайн халдлагад өртөж, амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдлууд Сибирь, Алс Дорнодод ихээр бүртгэгдэж байна. Красноярск мужид хамгийн олон буюу таван хүн баавгайн саварт амиа алдсан бол Томск, Эрхүү мужуудад тус бүр гурван золгүй тохиолдол бүртгэгджээ. Баавгай хүн рүү дайрсан тохиолдлууд Буриад, Алтайд мөн бүртгэгдэж байна.
Баавгай ийн олноор суурьшлын бүсэд орж ирж байгаагийн шалтгаан нь Красноярск мужид гарсан ойн түймрүүд болон хуш модны самар бага ургасантай холбон тайлбарлаж байна.
Энэ онд ОХУ-д баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдлууд нийт 41 муж, бүс нутагт бүртгэгджээ.
Зүүн Сибирт нөхцөл байдал хүндрэлтэй байгаа аж. Баавгайнууд сургууль, цэргийн анги болон хувийн байшинд нэвтрэхийг завдсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрхүү мужид өндөржүүлсэн бэлэн байдал зарлсан бол Байгаль нуур орчим хөл хорио тогтоогоод байна.
Хакас улсын дэд тэргүүн Дмитрий Бученикийн мэдээлснээр, Абазу хотыг бараг бүслээд байна. Лхагва гарагт шилжих шөнө баавгай хот руу орж ирсэн олон тохиолдол бүртгэгджээ. Тайгын бүсэд оршдог тус хотын тал талаас баавгай орж ирж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )